“Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар олон улсад хөрөнгө буцаах ажиллагаа” сэдвээр цахим сургалт зохион байгуулав


2021/02/18  2418   0


Авлигатай тэмцэх газрын хүсэлтээр Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-аас "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар олон улсад хөрөнгө хураах ажиллагаа” сэдэвт сургалтыг 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав. Сургалтад АТГ, Цагдаагийн ерөнхий газар, УЕПГ болон аймаг, дүүргийн прокурорын байгууллагын 190 орчим хүнийг хамрууллаа.

Дэлхийн банкны Санхүүгийн секторын Ахлах мэргэжилтэн Жан-Пьер Бран хөрөнгө хураах зорилгоор иргэний хэрэг үүсгэх, дампуурал болон төлбөрийн чадваргүй үед хэрэгжүүлэх ажиллагааны талаар олон улсын кейс дээр тулгуурлан танилцуулав. Мөн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 34, 53 дугаар зүйлд заасныг олон улсын практикт хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Сургалтад оролцогчдын зүгээс Монгол Улсын хувьд гадаад улсад байгаа хөрөнгийг хураах талаар гарсан эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх, энэ ажиллагаанд мөрдөх байгууллага хэрхэн оролцох, гуравдагч этгээдүүд гэмт үйлдэлд оролцсон эсэхийг нотлох, ямар хариуцлага хүлээлгэх, хохирол барагдуулахад хөрөнгийн эх үүсвэр хамаарах эсэх, тухайн хөрөнгө нь хариуцагч талынх бол иргэний хэрэгтэй нь холбоотой шууд хураах ажиллагаа явуулах уу зэрэг асуудлаар тодруулж, үйл ажиллагаандаа шаардлагатай хариултуудыг авав.

Жан-Пьер Бран нь улс орнуудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хөрөнгө хураах болон хураагдсан хөрөнгийн менежмент, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэх, улс төрийн авлига, үндэстэн дамнасан авлига-мөнгө угаах хэргүүдийг мөрдөн шалгах, яллах, хянан шийдвэрлэх чадавх бэхжүүлэх чиглэлээр бодлого, практикийн зөвлөмж олгодог хуульч юм.

Тэрээр “Хөрөнгө хураах ажиллагааны гарын авлага”, “Үндэстэн дамнасан авлигын гэмт хэрэгт хөрөнгө хураах зорилгоор дампуурлын арга хэрэгслийг ашиглах нь”, “Нийтийн гэм буруу, иргэний нэхэмжлэлүүд: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх арга замаар хөрөнгө хураах ажиллагааг хангах нь”, “Авлигын хохирогч нарын хохирлыг хэрхэн барагдуулах боломжтой вэ” зэрэг ном, гарын авлага, нийтлэлээрээ алдартай.



Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх