“Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хичээл, сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд, залууст шударга ёсны хандлагыг төлөвшүүлэх боломж” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав


2021/03/05  1618   0


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хичээл, сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд, залууст шударга ёсны хандлагыг төлөвшүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.10.2-т “Боловсролын байгууллага болон гэр бүлээр дамжуулан авлигыг үл тэвчих шударга иргэнийг төлөвшүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ зохион байгуулах, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах”-аар заасан бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас бүх шатны боловсролын болон сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ.

2020 онд Авлигатай тэмцэх газраас боловсролын салбарын судлаачдаар ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын хөтөлбөрт шударга ёсны үзэл, хандлага, авлигыг үл тэвчих үзэл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдэв хэрхэн туссан байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн байна.

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн мэргэжилтнүүд, “Шихихутуг” их сургуулийн Чанарын албаны дарга Б.Одончимэг, судлаач Э.Оюун-Эрдэнэ, ХААИС-ийн багш Г.Уянга, доктор У.Туяа нарын эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн болон ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нар оролцов. Тэд “Ерөнхий боловсролын болон дээд боловсролын сургалтын хөтөлбөрт шударга ёсны хандлага, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга туссан байдалд хийсэн дүн шинжилгээ”-тэй танилцаж, ерөнхий боловсролын ба их, дээд сургуулийн гэсэн 2 салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо хуваалцлаа.

Их, дээд сургуулийн сургалтын суурь агуулагдахуун ба хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, хандлагын хүчин зүйлсийг сайжруулах, шударга ёсны агуулгыг сургалтын хөтөлбөрт интеграцчилах байдлаар хэрэгжүүлэх асуудлаар 1 дүгээр салбар хуралдааны оролцогчид хэлэлцсэн бол ерөнхий боловсролын сургуулийн улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтын жишиг даалгаврын өнөөгийн нөхцөл байдал болон ЭЕШ-ын асуулгад шударга ёсны агуулга тусгах боломж, гарцын талаар 2 дугаар салбар хуралдаанаар хэлэлцсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны “Хөтөлбөр батлах тухай” А/492 дугаар тушаалаар баталсан бага ангийн “Хүн ба нийгэм”, дунд, ахлах ангийн “Нийгэм судлал”, бага, дунд, ахлах ангийн “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрт шударга ёс, авлигын талаарх агуулгыг тусган ерөнхий боловсролын нийт сургуулийн суралцагчид судалж байна. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны тайлан, зөвлөмжид хэлэлцүүлэгт оролцогчид анхаарлаа хандуулж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгайлан заасан зорилтыг үр дүнтэй бөгөөд эрчимтэй хэрэгжүүлэх чиглэлээр цаашид хэд хэдэн ажил, арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, хичээлийн хөтөлбөрт шударга ёсны үзэл, хандлагыг цогцоор тусгах, суралцагчдад шударга ёсны үзэл хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн арга хэмжээг байгаа нөхцөл боломжоо ашиглан судлагдахуунаар нь дамжуулж байнга тасралтгүй хэрэгжүүлэх, анги удирдсан багш нар болон нийгмийн ажилтнууд хүүхдийн шударга, үнэ ч зөв хүн болж төлөвшихөд чиглэсэн анги, бүлэг, сургуулийн цогц арга хэмжээнүүдийг тусгай график, төлөвлөгөө гарган зохион байгуулж үр дүнг хагас жилд нэг удаа тайлагнадаг байх зэрэг асуудлыг боловсролын салбарын хэмжээнд анхаарч ажиллахыг эрх бүхий байгууллагад зөвлөв.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр оролцсон МГТИС-ийн Оюутны асуудал хариуцсан ажилтан Э.Оюун-Эрдэнэ “Ерөнхий боловсролын бага, дунд боловсролын 48 судлагдахуунд болон их, дээд сургуулийн магадлан итгэмжлэгдсэн 8 хөтөлбөрт, контент анализ хийсэн. Нийгмийн ухааны хичээлээр сонгон суралцаж байгаа хүүхдүүд л авлигаас ангид байх шударга ёсны агуулгыг судалж байгаа. Эмч, хими биологи үзэж байгаа хүүхэд нийгмийн ухааны хичээлийг сонгож судлахгүй. Тэгэхээр тэдэнд тэр талын мэдлэг очихгүй байна гэсэн үг. Өнөөдрийн хэлэлцүүлгээр цаашид зайлшгүй үздэг 4 хичээлд нь авлигаас ангид байх шударга ёсны хичээлийг тусгаж өгөх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ” гэж ярив.

Авлигын эсрэг боловсрол олгох үйл ажиллагаанд сургалтын байгууллагуудаас гадна эцэг, эхчүүд, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санал санаачилга гарав

Хэлэлцүүлгээс санал дүгнэлт, зөвлөмж гаргаж, бодлого боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд хүргэж уламжлахаар тогтлоо.






Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх