“Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааны хөндлөнгийн үнэлгээ-2020” тайланг танилцуулах цахим хэлэлцүүлэг болов


2021/06/18  3122   0


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.2.5-ын 1-д заасан “Төрийн үйлчилгээний шударга, ил тод, нээлттэй байдлын талаарх судалгаа хийж, үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах”, 4.1.3.3-ын 2-т заасан “Тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг нээх” ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн орчин, үйл ажиллагаа, ажлын ур чадвар, хүртээмж, хамралт, үр дүнг үнэлэх ажлыг Авлигатай тэмцэх газраас “Транспэрэнси интэрнэшнл Монгол” ТББ-тай хамтран 2020 онд зохион байгуулсан юм.

Тус үнэлгээг “Хууль тогтоомж, бодлого судалгааны төв” ТББ-аас гүйцэтгэсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаа, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг үнэлсэн анхны хөндлөнгийн үнэлгээ юм. Мөн олон улсын Транспэрэнси интернэшнл (ТИ) байгууллагын бүс нутгийн байгууллагын чадавхи бэхжүүлэх төслийн хүрээнд боловсруулсан үнэлгээний аргачлалд суурилж, Монгол Улсын онцлогийг харгалзан боловсруулсан аргачлалын дагуу хийж гүйцэтгэснээрээ онцлог байлаа.

Энэхүү үнэлгээний тайланг танилцуулах цахим хэлэлцүүлгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан ба хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын төлөөллөөс гадна Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бат-Эрдэнэ, холбогдох ажилтнууд, хэлэлцүүлгийг сонирхож буй иргэд, байгууллага, Онч шийдэл, Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

Тайланг танилцуулах явцад судлаачаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг үр дүнтэй болгоход эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагыг олон улсын жишгээр мэргэжлийн оролцогчдоос сонгох тайланд дурдсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, ялангуяа иргэд, харилцагчдаас гомдол, мэдээлэл хүлээн авах, дотоод зөрчлийг мэдээлэх, шүгэл үлээх сувгийг бий болгохыг дурдаж, 5 бүлэг асуудлын хүрээнд 36 арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм.

Цаашид тус тайланг баталгаажуулах, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, үр дүнг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд ашиглахаар боллоо.

Write comment