АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР З.ДАШДАВААГИЙН МЭНДЧИЛГЭЭ


2021/07/10  1457   0


Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Авлигатай тэмцэх газар байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан Авлигатай тэмцэх газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа нийт албан хаагчид, түүний гэр бүл, байгууллагын ахмадуудад Үндэсний Их баяр наадмын мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

Авлигатай тэмцэх газар нь нийгэмд шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүргэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, авлигыг үл тэвчих үзлийг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, шийдвэрлэх чиглэлээр төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 2021 оны эхний хагас жилд авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зорилтот бүлгүүдэд чиглүүлэхэд түлхүү анхаарч, шударга ёсны үнэ цэнийг ойлгуулах, өөрийн үнэт зүйлээ тодорхойлоход туслах, аливаа зүйлийн зөвийг ялган таних, зөв дадал хүмүүжлийг  бий болгох зорилготой “Зөв дадал-21” арга хэмжээг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж, хүүхэд багачуудад зориулсан теле жүжгийг Улсын Хүүхэлдэйн театртай хамтран бүтээж телевиз, цахим мэдээллийн сувгаар олон нийтэд түгээсэн ба 62 удаагийн цахим сургалтад нийт 9464 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.     

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, тус хуулийн үйлчлэд хамаарах албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, мэдээлэх ажлыг хариуцан зохион байгуулж ажиллалаа.   Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, дүн шинжилгээ хийх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хөгжүүлэх зорилгоор Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох санаачилга (СтАР)-ын дэмжлэгтэйгээр “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт эрсдэл тооцох аргачлал”-ыг боловсруулж, эрсдлийг тооцон ажиллаж байна. 

Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, ялангуяа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгойлон анхаарч, авлигын гэмт хэргийн улмаас учирсан 88,8 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлж, 11.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан ба өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хохирол нөхөн төлүүлэлт 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.    Олон улсын ижил төстэй чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагатай тогтоосон хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, гадаад улс дахь хууль бус мөнгөн хөрөнгийг илрүүлэн дансыг царцаах, буцаан авчрах ажлыг эрчимжүүлэн, их хэмжээний бэлэн мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцаан төрийн өмчид шилжүүлэн авч, тодорхой үр дүнд хүрч байна.    

Цаашид олсон ололт, хүрсэн амжилтаа бататган нийгэмд шударга ёсыг тогтоох их үйлсэд өндөр амжилт гарган ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Монгол айл өрх бүрт эрүүл энх, амар амгалан, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе.

ДАРГА,  ТЭРГҮҮН КОМИССАР З.ДАШДАВАА

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх