Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал бизнесийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа


2021/08/13  3273   0


Монгол Улсын Засгийн газраас "Транспарэнси Интернэшнл" ТББ-аас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилгоор Авлигын эсрэг ажлын хэсгийг байгуулаад удаагүй байна. Тус ажлын хэсгийн арга хэмжээний төлөвлөгөө болон нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход бизнес эрхлэгчдийн саналыг тусгах зорилгоор МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнесийн холбоодын төлөөлөлтэй “Business breakfast” уулзалтыг өнөөдөр зохион байгуулав. Энэхүү уулзалтад оролцсон Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсан комиссар Г.Азжаргал хэлсэн үгэндээ “Авлигыг бууруулахад бизнес эрхлэгчдийн ёс зүй үнэтэй хувь нэмэр оруулдаг. Бизнесийн ёс зүйн төв”-ийн үйл ажиллагаа нь үүнд чухал ач холбогдолтой. Тиймээс авлигын эсрэг эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөнд бизнес эрхлэгчдийн саналыг тусган хэрэгжүүлж, дараагийн уулзалтаар тодорхой үр дүнг танилцуулна” хэмээн онцлов.

Уулзалтад оролцогч 60 орчим бизнесийн төлөөлөл төрийн албаны авлига, хүнд суртал үүсгэж буй нөхцөл байдал, төрийн албаны хариуцлага, ёс зүй болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн, цаашид эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх арга хэмжээний талаар нээлттэй ярилцаж, санал, бодлоо АТГ-ын газрын удирдлагад илэрхийллээ.


Write comment