МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ТАНАА


2015/04/03  3474   0


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ТАНАА

Зөвлөмж хүргүүлэх тухай 

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Авлигатай тэмцэх газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.4-д “... авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээний үр дүнтэй холбогдуулан ... хангалтгүй үнэлэгдсэн яам, агентлаг, шинээр байгуулагдсан байгууллагуудад тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэснийг тус тус үндэслэн Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Сангийн яамны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон болон ажлын хэсгийн гишүүд тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Ганболд, Санхүү, зохион байгуулалтын хэлтсийн дарга С.Мөнгөнцэцэг, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтан Н.Хадбаатар нартай уулзаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын зорилго, чиглэлээ танилцуулан хамтарч ажилласан болно. 

Сангийн яамны Төрийн захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/ Н.Хадбаатарт “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг таниулах, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг тайлагнахад анхаарах асуудлууд болон нотлох баримтыг ирүүлэхдээ анхаарах асуудлуудыг нэг бүрчилэн тайлбарлаж, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд цахим хуудаст аргачлалын дагуу дүн шинжилгээ хийж, асуудал бүр дээр зохих зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ цаашид ил тод, нээлттэй болгох мэдээллүүдийн талаар мэдээлэл арга зүйгээр хангалаа. 

Батлагдсан удирдамжийн хүрээнд Сангийн сайдын болон Төрийн нарийн бичгийн даргаас 2014 онд батлан гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журам, яамны хэмжээнд мөн онд явсан нийт 149 хавтас бичгүүдтэй танилцахын зэрэгцээ Сангийн яамны 67 албан тушаалтанд сургалтын тусгайлсан хөтөлбөрийн дагуу авлигын эсрэг хууль тогтоомж сурталчлах сургалт зохион байгуулж, тус газраас хийгддэг судалгаануудын дүнг танилцуулав.

Сангийн сайдын 2014 оны тушаал шийдвэртэй танилцах явцад Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.9 дэх заалт, Засгийн газрын 2014 оны 18 дугаар тэмдэглэл, Төрийн банкны хувьцаа эзэмшигчдийн 01 тоот хурлын тэмдэглэлийг үндэслэн 2014 оны 112 дугаар тушаалаар Төрийн банкны ТУЗ-ын даргын цалинг 2 000 000 / хоёр сая төгрөгөөр/, гишүүдийн цалинг 1 500 000 / нэг сая таван зуун мянган төгрөг/ -өөр тус тус тогтоосон байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.12-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно”, Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2.1.1-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон төрийн захиргааны албан хаагчийн нэг сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (нэг сарын)-г хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоох” гэсэн Төрийн өмчийн хороонд чиглэл болгосон хууль тогтоомжийн заалтыг тус тус зөрчсөн байна. 

Сангийн сайдын 2014 оны 42 дугаар тушаалаар Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.21, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 8 дугаар тэмдэглэлийг үндэслэн Улс төрийн намуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Монгол ардын намд 30 000 000 /Гучин сая/, Монгол ардын хувьсгалт намд 30 000 000 /Гучин сая/ нийт 60 000 000 /жаран сая/ төгрөгийг Сангийн сайдын төсвийн багц дахь урсгал төсвийн төсөл, арга хэмжээний зардлаас гаргаж санхүүжүүлсэн байна. 

Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д “ Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль … Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасан байтал Засгийн газраас хуралдааны тэмдэглэлээр Зардал шийдвэрлэх тухай шийдвэрийг Сангийн сайдад өгсөн байна.

Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “ Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ”, 19.2 -д “Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэж тус тус заасан байна.

Намуудад олгосон 60 000 000 /жаран сая/ төгрөг нь дээрх хуулийн аль заалтаар олгогдож байгаа нь тодорхойгүй байх бөгөөд энэ нь улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох шаардлагатай байгааг харуулж байна.

Цаашид Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг чанд мөрдөж, дээр дурдсан зөрчил дутагдлыг дахин гаргахгүйгээр ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу Зөвлөмж болгож байна. 

 

Хүндэтгэсэн:

ДАРГА,
ТЭРГҮҮН КОМИССАР Н.ГАНБОЛД 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх