Булган аймгийн Баян-Агт сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэгт Зөвлөмж хүргүүлэв


2015/05/28  1235   0


Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн Баян-Агт сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэгт авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр Зөвлөмж хүргүүлэв. 

Тус газраас томилогдсон ажлын хэсэг Булган аймгийн хэмжээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын хэрэгжилт, сумын удирдлагуудаас гаргаж буй шийдвэрүүд болон холбогдох дүрэм, журамтай танилцсан билээ. Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газраас 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19 ажил хийхээр төлөвлөж 2 үнэлгээний хороо, 17 ажлын хэсэг, Булган аймгийн Байгаль хамгаалах сангаас сумын Засаг даргад эрх шилжүүлэн гүйцэтгэхээр ирүүлсэн 3 ажил дээр 1 үнэлгээний хороо, 2 ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар тус тус томилж ажиллуулсан байна. Үнэлгээний хорооны зарим гишүүд байнга томилогдон ажиллаж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөж болзошгүй эрсдэл үүсгэж байгааг анхаарах шаардлагатай байна.

Мөн төрийн үйлчилгээний болон улс төрийн удирдах албан тушаалтнууд буюу мэдээлэлд ойр, ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй этгээдүүд болох ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Пүрэвсүрэнгийн үүсгэн байгуулсан “Бүтээлч бүл” 6, багийн Засаг дарга Т.Пүрэвсанаагийн үүсгэн байгуулсан “Гэгээ бүл” 5, Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч С.Эрдэнэчимэгийн байгуулсан “Эрүүл мэнд бүл” 1, нийт 14 ажлыг иргэдийн бүл хийж гүйцэтгэсэн байна. Тухайн асуудлаар холбогдох ажилтнуудтай уулзахад “Сумын удирдлагуудын зүгээс иргэдээс санал санаачилга гаргаагүй, гадны компаниуд өндөр өртгөөр, чанаргүй ажил хийж гүйцэтгээд алга болдог тул холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан хийж гүйцэтгэ гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу тухайн ажлуудыг өртөг хямд, чанартай хийж гүйцэтгэсэн” тухай тайлбар өгсөн. Энэ нь сумын удирдлагууд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 -д заасан үүргээ хэрэгжүүлээгүйн зэрэгцээ мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан зарчмыг зөрчиж, нийтийн албан тушаалтныг эрсдэлд оруулсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байгаа тул дээр дурдсан зөрчил дутагдлыг дахин гаргахгүй байх, цаашид иргэдийн оролцоо санаачилгыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгов. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх