Гэмтэл согог судлалын үндэсний төвд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав


2015/07/31  1272   0


Авлигатай тэмцэх газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах чиглэлээр ажиллав. 

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах явцад тус газарт дараах нийтлэг зөрчил, дутагдал илэрлээ. Тухайлбал, төвийн мэдээ, мэдээллийн самбар болон албан ёсны цахим хуудсанд аудитын тайлан, сул орон тооны зар, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчдын талаарх мэдээллийг байршуулаагүй, хэлтэс, алба, тасаг, нэгжүүд ажилчдын ажлын үр дүнг үнэлж, мөнгөн урамшуулал олгохдоо харилцан адилгүй өөрөөр үнэлдэг, төрийн өмчийг бусдад түрээслүүлэхдээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлаагүй, шууд гэрээ байгуулж хэн нэгэн этгээдэд давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлсэн, төвийн захирлын 2014 оны 224, 225, 269, 386 тушаалаар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон журам батлан гаргахдаа тушаалын үндэслэх хэсэгт хуулийн хэм хэмжээ зүйл заалтыг дурдаагүй, Эрүүл мэндийн сайдын хүчингүй болсон тушаалыг үндэслэж гаргасан байна. Авлигатай тэмцэх газраас дээрх зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай албан бичгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал З.Мэндсайханд хүргүүлээд байна. Авлигатай тэмцэх газар 2013 онд тус төвд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд тухайн үед илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр хамтран ажиллаж зохих үр дүнд хүрч байв. 

Авлигатай тэмцэх газар эрүүл мэндийн салбарын авлигын нөхцөл байдлын судалгааны дүнгийн мөрөөр тус салбарт хэрэгжүүлэх авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2, 3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаад байна. Тиймээс Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд гарсан зөрчлүүдийг эрүүл мэндийн бусад байгууллагад давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгийг хүргүүллээ. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх