Хүн амын талаас дээш хувь нь Авлигатай тэмцэх газарт итгэж байна


2011/06/29  3629   0


-Үүнийг Азийн сангийн судалгаагаар тогтоожээ-

АНУ-ын Азийн сангийн хагас жил тутам хийдэг тав дахь удаагийн судалгааны дүн гарчээ. “Авлигаас ангид, шударга ёс, үнэн шударга байдлын төлөө” ажиллах уриатай Азийн сан нь авлигын түвшин тогтоох судалгааг манай улсын төр, засаг, ямар нэгэн байгууллага, хувь хүнээс үл хамааран бие даасан байдлаар хийдэг ажээ. Олон улсын хэмжүүрээр авдаг энэхүү судалгааг бодит байдалд хамгийн дөхүү нь гэж бусад мэргэжлийн байгууллагууд, судлаачид үнэлдэг юм байна.

Монгол Улсад өрхийн түвшинд авлига гарах тохиолдол болон түүний цар хүрээг илүү сайн ойлгох зорилгоор энэхүү судалгааг хийдэг бөгөөд гарсан үр дүн, дүгнэлтийнх нь дагуу бодлого боловсруулах, үйл ажиллагаагаа төлөвлөх бололцоотой. 2008 оны 3 дугаар сард хийсэн тав дахь судалгааны дүнгээс үзвэл олон нийтийн авлигын талаарх төсөөлөлд нааштай өөрчлөлтүүд гарчээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр болсноос хойш найман сарын дотор Авлигатай тэмцэх газраас 142 хэргийг мөрдөн шалгасан байна. Эдгээрийн 104-ийг нь прокурорт шилжүүлэн, 6 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн аж. Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг тэмцэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон соён гэгээрүүлэх чиглэлээр хоёр үе шаттай кампанит ажил явуулсан нь судалгааны энэхүү нааштай өөрчлөлтүүдийн үндэс хэмээн судалгааны багийнхан дүгнэж байна. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд өгсөн олон нийтийн үнэлгээ өссөн, мөн ирээдүйд авлигын түвшин буурна гэсэн хариулт нэмэгдсэн нь үүний нотолгоо болж байгаа ажээ.

Өнгөрсөн хугацаанд өрхийн түвшинд авлигын тохиолдол үргэлжлэн буурсаар байгаа, хахууль өгсөн иргэдийн тоо хоёр жилийн өмнөхөөс огцом буурч 19 хувь болжээ. Энэ нь хахууль нэхвэл өгөхгүй гэж үзэх иргэд олширч байгаатай шууд холбоотой юм. Өрхийн хэмжээнд хахууль өгсөн тохиолдлын тоо үргэлжлэн буурч байгаа нь Авлигатай тэмцэх газар зөв чиглэлд ажиллаж байгаагийн илрэл хэмээн олон нийт үзэж байна. Нийт улсын хэмжээнд оюутан, иргэдийн өгсөн мэдээнээс харахад авлигын талаарх ойлголт нэмэгдэх тусам авлигыг үл хүсэх байдал улам хүчтэй болж байгааг харуулж буй аж. Иргэдийн олонхи нь /61.6 хувь/ аль ч түвшинд авлигыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгджээ. Иргэд өөрийн хүртэх эрхтэй хууль ёсны үйлчилгээг улам сайн мэддэг болохын хэрээр хахуулийг эсэргүүцэх нь төдий чинээ хүчирхэгжиж байна. “Хахууль өгөхгүй” гэж мэдээлсэн иргэдийн тоо өмнөхөөс өсч 42 хувь болжээ. “Хэрэв мөнгөтэй бол хахууль өгнө” гэсэн хүмүүсийн тоо үргэлжлэн цөөрч байгаа нь ч мөн эерэг үзүүлэлт билээ. Нэг жилийн өмнө энэ үгийг судалгаанд оролцогчдын 45.7 хувь нь хэлдэг байсан бол өдгөө 27.6 хувь болж буурсан байх юм. Ерөнхийдөө иргэдийн 81.7 хувь нь авлигатай тэмцэхэд өөрийн гүйцэтгэх үүргийг ухамсарлаж байна. Өмнөх судалгаануудын адил иргэдийн дийлэнх олонхи нь сонирхлын зөрчил /71.5 хувь/, багш, эмч нарт бэлэг өгөх /85 хувь/, сонгуультай холбоотой ивээн тэтгэлэг /66.8 хувь/ нь авлигын хэлбэрүүд гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Сонирхолтой нь судалгаанд хамрагдагсдын барагцаалбал 70 хувь нь хахууль өгөгчдийг хахууль авагчидтай нэгэн адил буруутгах нь зүйтэй гэж хариулжээ.

Судалгааны багийнхан авлигын цар хүрээг өнгөрсөн болон ирээдүйн төлөв байдлаар нь үзүүлдэг юм байна. Авлига нэмэгдсэн гэж үзэх хүний тоо буурсан бол авлига буурсан гэж хариулагчдын хувь хэмжээ өсчээ. Харин ирээдүйд авлига их буюу бага хэмжээгээр нэмэгдэнэ гэх гутранги үзэлтнүүдийн тоо өмнөхөөс даруй 9 пунктээр буурч, 23 хувьд хүрсэн аж. Олон нийт Авлигатай тэмцэх газарт илүү их найдлага тавьж байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна. Судалгаанд оролцогчдын 53.2 хувь нь Авлигатай тэмцэх газраас ихийг хүсэн хүлээж байгаагаа илэрхийлжээ. Нийт таван удаагийн судалгааг хийх хугацаанд Авлигатай тэмцэх газарт өгсөн иргэдийн үнэлгээ туйлбартай өссөөр байна хэмээн судалгааны багийнхан онцлон тэмдэглэсэн юм. Иргэдийн энэхүү итгэл хамгийн чухал хэмээн авлигатай тэмцэгчид өөрсдөө ч олзуурхаж байна. Судалгаанд хамрагдагсдын 38.2 хувь нь авлигатай тэмцэх чадварт маш итгэлтэй буюу итгэлтэй байгаагаа хэлжээ. Өнгөрсөн хугацаанд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд “маш сайн” гэж үнэлгээ өгөгчдийн тоо өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгдэж, судалгаанд хамрагдагсдын 50 гаруй хувь нь энэ газрыг нааштай үнэлснээр анх удаа хүн амын талаас дээш хувь нь Авлигатай тэмцэх газарт нааштай ханддаг болжээ. Үүнийг эс тооцлоо гэхэд тус газрын үйл ажиллагааг “муу” гэж үнэлэх буюу “мэдэхгүй” хэмээн хариулсан хүмүүсийн тоо хувь цөөрсөөр байгааг дурдах нь зүйтэй болов уу.

Нийт улсын хэмжээнд төрийн албан хаагчид болон иргэдээс ирүүлсэн мэдээгээр Авлигатай тэмцэх газрын нэр хүнд дээшилж, мөрдөн шалгах, ял шийтгэл хүлээлгэх нь бодитой зүйл болсон гэж үзэж байна. Энгийн нэгэн жишээ хэлэхэд, оюутнууд болон төрийн албан хаагчид бие биедээ “Үнэнч шударга бай, эс тэгвэл чамайг Авлигатай тэмцэх газарт дуудагдана шүү” гэж тоглоом шоглоомын завсар хэлдэг болсон гэж судлаачид үзэж байна.
 
У.САРАНГЭРЭЛ

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх