Төрийн бүх шатны байгууллагын дарга нарт зөвлөмж хүргүүллээ


2015/12/08  4213   0


Монгол Улсын
Авлигатай тэмцэх газар

ЗӨВЛӨМЖ

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилттэй газар дээр нь танилцах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор 2014-2015 онуудад 13 аймаг, 175 сум, нийслэлийн 7 дүүрэг, зарим яам, агентлаг, байгууллагад ажилласан. Ийнхүү ажиллах явцад төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тушаал, шийдвэр гаргах эрх бүхий удирдах албан тушаалтнаас өөртөө хамаарал бүхий шийдвэр гаргаж, шагнаж урамшуулах явдал түгээмэл байна. Хэдийгээр тухайн албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу аливаа урамшуулал, тэтгэмж авах эрхтэй ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар “өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох” зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглож, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай өөрийг нь томилсон эсхүл дээд шатны албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргийг хүлээсэн байдаг. 

Авлигатай тэмцэх газраас 2015 оны эхний хагас жилийн байдлаар дээрх үүргээ биелүүлээгүй ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эрүүл мэндийн төвийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засгийн газрын агентлагийн дарга зэрэг албан тушаалтнуудад хуульд заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, албан тушаал бууруулах, нийтийн албанаас халах зэрэг хариуцлагыг хүлээлгэхэд чиглэсэн арга хэмжээг авчээ.

Цаашид энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй байх, нийтийн албан тушаалтныг хуульд заасан үүргээ биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан “авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх” чиг үүргийн хүрээнд нийт төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнуудад дараах “ЗӨВЛӨМЖ”-ийг хүргүүлж байна. Үүнд:

1/ албан тушаалтан нь өөрийн болон өөртөө хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудлаар аливаа шийдвэр гаргах, хяналт шалгалт хийх, захиргааны акт гаргах, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохоос аль болох зайлсхийх, хуульд заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд харъяалах байгууллага, албан тушаалтанд бичгээр тайлбар гаргаж хэвших;

2/ шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан шагнал урамшуулал, дэмжлэг, тусламж авах зэрэг өөртөө холбогдох аливаа шийдвэрийг гаргахын өмнө дээд шатны байгууллага, албан тушаалтан /томилох эрх бүхий субъект/-д заавал мэдэгдэх буюу мэдэгдэл гаргасан байх; 

3/ Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг хүлээн авсан дээд шатны байгууллага, албан тушаалтан нь тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэхийг нэн даруй шийдвэрлэж байх;

3/ “Ашиг сонирхлын зөрчи лгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” болон “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тухай тайлбар”-ын нээлттэй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авах;

4/ Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг томилохдоо эдгээр хуулиар хүлээсэн үүргийг сайтар танилцуулах, шаардлагатай тохиолдолд энэ чиглэлийн сургалтад хамруулдаг байх зэрэг болно. 

МОНГОЛ УЛСЫН 
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр

Write comment