Л.Төр-Од: Нэг мөр зөв ойлгож хэрэглэнэ гэхээр Өршөөлийн хуулийг сүүлийн хэдэн сарын туршид буруу хэрэглэсэн гэсэн үг үү?


2016/04/19  2853   0


Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Одын Монгол HD телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрт өгсөн ярилцлагыг сийрүүлэн хүргэе. 

-Сүүлийн үед яригдаад байгаа асуудлаар Танаас тодруулга авах гэсэн юм. АТГ-ын дарга Н.Ганболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэсэн. Дараагийн даргыг хэзээ томилох вэ? 

-Монгол Улсын Авлигын эсрэг хууль 2006 оны 7 дугаар сарын 6-нд батлагдан хэрэгжиж байгаа. Энэ хуулийн 21, 22 дугаар зүйлээр АТГ-ын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх, бүрэн эрхтэй холбоотой асуудлыг зохицуулсан. Энэ хуульд АТГ-ын даргыг төдий хугацаанд томилно гэсэн заалт байхгүй. Гэхдээ АТГ-ын дарга томилогдсоноос хойш 6 жилийн бүрэн эрхийн хугацаатай. Сая бол бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө чөлөөлөгдлөө. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд АТГ-ын даргыг томилсон УИХ-ын шийдвэр гарснаар бүрэн эрхийн хугацаа нь эхэлнэ, дараагийн дарга томилогдох хүртэл энэ бүрэн эрх нь үргэлжилнэ гэсэн зохицуулалттай. Харин АТГ-ын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол УИХ чуулганаараа 21 хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалт үйлчилж байгаа. 

-УИХ-ын чуулган дээр улс төрийн ямар нэгэн тохироо байсан уу, ямар нэгэн дарамт шахалт байсан уу гэдэг талаар зарим гишүүд асууж байсан. Н.Ганболд дарга эрүүл мэндийн шалтгаанаар гэдэг тайлбарыг өгсөн. Үүн дээр бодит мэдээлэл юу байна? 

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн байр суурь гэвэл УИХ шийдвэрээ хэт түргэдсэн, яаруу сандруу гаргасан гэж үзэж байгаа. Түрүүн дурдсан. 21 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байтал өргөдөл гаргаснаас нь хойш 2-3 хоногийн дотор хэлэлцээд чөлөөлчихлөө шүү дээ. Зүй нь бол зарим гишүүд ч хэлж байсан, дараагийн томилох хүнийг нь хамт оруулж ирээд хэлэлцсэн бол зөв зүйтэй байсан. Мэдээж, бид хувь хүний асуудалд орохгүй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт улс төрийн нэлээд дуулиантай үйл явдлууд боллоо. Сонгууль дөхөж байна. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болно. Ийм онцгой нөхцөл байдлын үед АТГ-ын даргыг хурдан түргэн сольж байгааг бид төдийлөн сайшаахгүй байгаа. 

-Одоо бол АТГ даргагүй байгаа гэсэн үг үү? 

-Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар АТГ-ын дараагийн дарга томилогдтол одоогийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байна гэж ойлгогдоно. Манай үзэгчид УИХ-ын чуулганаар яригдсан асуудлыг сонссон байх. Ямар ч байсан дараагийн шинэ дарга томилогдтол прокурорын хяналтан дор АТГ-ын дэд дарга түр орлон гүйцэтгэх юм. 

-Хуулиараа АТГ-ын даргыг ямар шалгуур үзүүлэлтээр томилдог юм бол? 

-Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд заасан тодорхой 5 шалгуур байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосноор УИХ 6 жилийн хугацаатай томилдог. Тухайн санал болгож байгаа хүн нь 5 шалгуур хангасан байх ёстой. Төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан байх, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн тодорхой туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал хашаагүй байх ёстой, энэ бол маш чухал шалгуур. Тэгэхээр чухам ямар хүн томилогдох нь ойлгомжтой. Нэлээд олон хүний нэр яригдаж байх шиг байна. Тэднээс хэн нь энэ шалгуурыг хангаж байгаа эсэхийг манай олон нийт, үзэгчид шүүн тунгаана биз ээ. 

-Яг одоогийн байдлаар энэ хүн томилогдож магадгүй гэсэн таамаг байгаа юу? 

-Олон нийтийн зөвлөлийн зүгээс АТГ-ын дараагийн даргыг нэн яаралтай томилох шаардлагатай гэж үзэж байгаа. Авлигын эсрэг хууль 2006 онд батлагдсаныг би зүгээр нэг дурдаагүй. Энэ хууль хэрэгжиж эхлээд 10 жил болжээ. Энэ хугацаанд 3 дарга солигдсон байна. Гэтэл тухайн даргын бүрэн эрхийн хугацаа 6 жил байх ёстой, дахин нэг удаа улируулан томилж болох хуулийн заалттай. Тэгэхээр 12 жилийн хугацаанд нэг дарга томилогдож ажиллаад, дараагийн хүндээ халаагаа өгөх боломж байгаа. 

-Бас нэг зүйл тодруулж асууя. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Өршөөлийн хуулийг зөв ойлгож нэг мөр хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг өргөн бариад байгаа. Энэ ер нь ямар учиртай тогтоолын төсөл вэ? 

-Манай Олон нийтийн зөвлөл өнгөрсөн онд хэвлэлийн бага хурал хийж цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Харамсалтай нь манай зөвлөлийн зарим гишүүн тодорхой улстөрчдийг нэр дурдан хэлсэн. Тэр бол АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн чиг үүрэг биш. Бид хуульд заасан 3 чиг үүргийг хэрэгжүүлдэг. Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдгээрийн санал бодлыг төр, засаг, АТГ-т хүргэх, авлигын нөхцөл байдал болон авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөмж хүргэх гэсэн чиг үүрэгтэй. Ялангуяа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт дээр бид маш анхааралтай ажиглаж, хяналт шинжилгээ дүгнэлт хийдэг. Өнгөрсөн долоо хоногт буюу 4 дүгээр сарын 13-ны өдөр Хууль зүйн байнгын хороогоор нэгэн хачирхалтай баримт бичгийг хэлэлцсэн байна лээ. Тэр нь Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл. Үүнийг Ц.Оюунбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд өргөн барьсан юм шиг байна. Харамсалтай нь www.parliament.mn дээр төсөл нь байхгүй байсан. Энэ дотор 2 ноцтой заалт явж байгаа. Өнгөрсөн оны 8 дугаар сард батлагдаад, Ерөнхийлөгч хориг тавьсны улмаас 10 дугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсан Өршөөлийн хуулийг манай үзэгч олон нийт мэдэж байгаа. Энэ тогтоолын үндэслэл нь юу гэхээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл хэсгийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор гэж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ нь шүүхийн эрх мэдэл рүү халдаж байна гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуулийг Үндсэн хуулийн цэц тайлбарлаж, хэрэгжилтийг нь хангадаг. Бусад хууль тогтоомжийг Улсын дээд шүүх тайлбар гаргах эрхтэй. Ноцтой гээд байгаа зүйл, заалт нь гэвэл өршөөлд хамрагдсан хүний хувьд ялтайд тооцох хугацааг ямар гэмт хэрэгт холбогдсоноос нь үл хамааран гэж байгаа. Гэмт хэргийн хэлбэрээс нь үл хамаарна гэхээр авлига, албан тушаалын гэмт хэрэг байж болно гэсэн үг. Үл хамаараад өршөөн хэлтрүүлсэн хувийн хэрэгт нь ял шийтгэл тооцсон тэмдэглэгээ гаргана гэсэн байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн оны 10 дугаар сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөө даваад, Ерөнхийлөгчийн хоригийг үл ойшоогоод, эргээд нөгөө хуулийг өөрсдийнхөө дур зоргоор тайлбарлаж хэрэгжүүлэх гэж байна л даа. Тэгэхээр би асуумаар байгаа юм. Нэг мөр зөв ойлгож хэрэглэнэ гэхээр Өршөөлийн хуулийг сүүлийн хэдэн сарын туршид буруу хэрэглэсэн гэсэн үг үү? Хоёрдугаарт, зарим зүйл заалтыг хэрэглэхгүй байх гэсэн тогтоолын төсөл явж байгаа. Харамсалтай нь Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болж байгаа юм шиг байна. Тиймээс би олон нийт, ард иргэдийг анхааралтай, хянамгай хандаасай гэж хүсч байна. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх