Байгууллагын ажилтнуудын зан үйлд нөлөөлөх, өөрчлөхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?


2011/06/29  5625   0


Хүний ажил албан дээрээ биеэ авч явах зан үйл нь байгууллагын соёлоос ихээхэн шалтгаалдаг болох нь тогтоогдсон байдаг. Тиймээс хүний зан үйлийг өөрчлөх нэг чухал арга бол эерэг үнэт зүйл болон ёс зүйг ажлын байран дээр төлөвшүүлэх явдал юм. Үүний тулд хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргууд бол ёс зүйн дүрэм, манлайлал, сургалт хөгжил юм.

Ёс зүйн дүрэм нь ажилтнуудын зан үйлийн жишгийг тогтоодог авлигаас урьдчилан сэргийлэх гол хэрэгсэл бөгөөд байгууллага доторх үнэт зүйл, зан үйлийн хүлээгдэж буй жишгийг тогтоосон үндсэн баримт бичиг юм.

Төрийн албан хаагчийн зан үйлийн дүрэм 3 үүрэгтэй:
  • Төрийн үйлчилгээнд эрхэмлэх ёс зүйн уур амьсгалыг харуулах
  • Төрийн албан хаагчдын сахих ёстой ёс зүйн жишгийг харуулах
  • Ард иргэдэд төрийн албан хаагчидтай харилцахдаа тэднээс ямар зан үйл, хандлага хүлээж болохыг хэлж өгнө.
Ёс зүйн дүрмийн тусламжтайгаар байгууллага доторх зан үйлийг залах бөгөөд тусгай бодлого чиглэл үгүй нөхцөл байдалд шийдвэр гаргах удирдамж болгон ашигладаг. Ёс зүйн дүрэм нь авлигаас урьдчилан сэргийлэх стратегийн үндсэн элементийн нэг тул энэ талаар цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаатай уялдуудах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд, НҮБ-аас гаргасан төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд төрийн албан хаагчдын мөрдөж сахивал зохих зан үйлийн жишгүүдийг нэлээд сайн тусгасан байдаг.

Манлайлал: Байгууллагын манлайлагчид авлига, зүй бус үйлдлээс сэргийлэхэд чухал үүрэгтэй. Байгууллагын бодлогын хэрэгжилт, үнэт зүйлийн төлөвшилд удирдлагын тууштай дэмжлэг нь нөлөө бүхий хүчин зүйл байдаг. Байгууллагын дээд ба дунд шатны менежерүүдийн ажилтнуудад үзүүлэх нөлөө нь байгууллагын ёс зүй, зан үйлийн жишиг стандартуудыг нэг талаас өөрөө сахих, нөгөө талаар ажиллагчдаар сахиулах замаар илэрнэ.

Авлигаас урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ, зөвлөмж бол нийт байгууллага, удирдлага ба ажилчдад зориулсан нийтлэг зүйл байдаг. Харин тэдгээрийг хэрэгжүүлэхэд менежерүүд нь ажил үүргийнхээ хувьд ч, удирдах ажилтан буюу үлгэр жишээ үзүүлэх хүнийхээ ч хувьд тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой байдаг.

Соён гэгээрүүлэх үүрэг: Авлига, авлигын эрсдлийн талаар мэдээлэлтэй байж энэ талаарх ажиллагчдынхаа мэдлэгийг дээшлүүлэх. Үүнд эрсдлийн шинжилгээ ба удирдлагад оролцох, бодлого ба дэг журмын ач холбогдлын талаар ажиллагчидтай харилцах, холбогдох сургалтад өөрөө болон ажиллагчдаа хамруулахыг дэмжих зэрэг орно.

Хариуцан тайлагнах үүрэг: Өөрийн болон ажиллагчдынхаа шийдвэр, үйлдлийн төлөө хариуцлага хүлээх. Үүнд бүртгэл тооцоотой байх, шудрага шийдвэр гаргах, гүйцэтгэлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг сахиулах зэрэг сайн удирдлагын практик асуудлууд орно.

Үйлдэл буюу алхам хийх: Авлигаас урьдчилан сэргийлэх, гарсан үед нь шийдвэрлэх (бодлогыг хэрэгжүүлэх, бодлогод нийцэж буй эсэхийг хянах, зүй бус үйлдлийг тухай бүрд нь таслан зогсоох зэрэг) арга хэмжээ авах. Удирдлагын үйл ажиллагаа сайн байгаа газар авлигаас сэргийлэх ажил ч сайн байдаг зүй тогтол бий.

Сургалт хөгжил: Удирдлагын зүгээс ажилтнууд өөрсдийн зан үйл, үйл ажиллагаанд хамаатай бодлогын чанартай болон бусад зүйлийг мэдэж байгаа эсэхийг нягталж байх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх гол арга зам бол боловсрол, сургалтын ажил юм. Сургалт нь соён гэгээрүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааг хөгжүүлэх, тогмолжуулах хүчин зүйл болдог. Ихэнх байгууллага хүнийг ажилд шинээр авах үедээ сургалт хийгээд харин цааш нь зан үйл, үнэт зүйл, ёс зүйн дүрмийг сахих, авлигаас урьдчилан сэргийлэх талаар ахиж ярьж хэлдэггүй. Гэтэл үүнийг бусад сургалт яриан дээр ямар нэг байдлаар хөндөж, үүрэг хариуцлагыг нь сэргээн сануулж байх хэрэгтэй байдаг.

Сэргээн сануулахыг албан ёсны сургалт төдийгүй байгууллагын дотоод мэдээллийн сэтгүүл дээр бичих, и-мэйл явуулах зэрэг хэлбэрээр ч хийж болно. Байгууллага дахь сургалтын концепцийг боловсруулах нь чухал байдаг. Сургалт тодорхой бүлгүүдэд чиглэсэн байх ёстой. Тухайлбал, дээд шатны удирдах ажилтнуудын сургалтад гэхэд биеэрээ үлгэрлэх ёстой, удирдлага хариуцлага үүрэх ёстой гэдэгт чухал анхаарал хандуулах ёстой. Авлигын комиссарууд, дотоод хяналтын бүлгийн гишүүдэд гэхэд тусгай сургалт (эрсдлийн шинжилгээг хэрхэн хийх гэх мэт) хэрэгтэй байж магад.

Ёс зүйн дүрэм, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны удирдамжийг тэдгээрийн хэрэгжилтийг хариуцах хүмүүстэй хамтран боловсруулах нь нэг талаас сургалтын, нөгөө талаас хэрэгжүүлэлтийг идэвхжүүлэх ач холбогдолтой байдаг. Сургалт, соён гэгээрүүлэх ажиллагааг хэвлэл, мэдээллийн материалтай хамтатгах нь илүү үр дүнтэй. Байгууллагад хүмүүсийн гүйцэтгэдэг үүрэг, түүгээр үл барам ажилладаг байршил ч өөр өөр байдаг. Ямар ч нөхцөлд бүх хүн сургалтад хамрагдах боломжтой, сургалтыг хүмүүсийн ажил төрөлд практик ач холбогдолтой байхаар зохион байгуулбал зохино. Сургалтыг нэг байгууллагын хүрээнд төдийгүй өөр өөр байгууллага хооронд хамтарсан байдлаар зохиож болно. Учир үүний дүнд байгууллагууд:
  • Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар туршлага солилцох
  • Авлигын холбогдолтой шинээр гарч буй асуудал, хандлага болон онцлог зүйлсийн талаар мэдээлэл солилцох
  • Авлигын эсрэг нэгдсэн ажиллагааны талаар зөвшилцөлд хүрэх
  • Ур чадвар, нөөцөө /тухайлбал, эрсдлийн шинжилгээ, сургалт, хэвлэл болон мэдээллийн материал/ хуваалцах боломжтой болдог. Иймэрхүү хамтын ажиллагааг байгууллага хоорондын дугуй ширээний ярилцлага зохиох, ажлын хэсэг байгуулах зэргээр бүтэцжүүлж болдог.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх