Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийн хяналт шалгалтын талаар


2016/05/14  3744   0


Сонирхлын зөрчлийн тухай хуулиар "нийтийн ашиг сонирхол", "хувийн ашиг сонирхол", "ашиг сонирхлын зөрчил", “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэдэг ойлголтуудыг анх удаа тодорхойлсон. Уг хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг хуулиар хүлээсэн байгууллага нь Авлигатай тэмцэх газар юм.

Авлигатай тэмцэх газар нь хуульд заасан чиг үүргийн дагуу хяналт шалгалт явуулж илэрсэн зөрчилд нь хариуцлага тооцуулах, зөрчлийг арилгах, хууль бус тушаал, шийдвэрийг хүчингүй болгох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар тухайн байгууллагын удирдах албан тушаалтанд албан бичгээр шаардлага хүргүүлэн ажилладаг.

Төрийн буюу нийтийн албан дахь сонирхлын зөрчлийн асуудал байгааг хүлээн зөвшөөрөхгүй, түүнийг зохистой аргаар хянахгүй бол албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэрүүд тухайн байгууллагын төдий бус төрийн үйл ажиллагааг ганхуулах, шударга ёсонд олон нийтийн итгэл алдагдах хор уршигтай.

Хүн бүр хувийн сонирхолтой байдаг, хувийн сонирхол нь хувь хүнийг тодорхойлогч гол шинж, Нийтийн албан тушаалтан ч бусдын адил хувь хүн. Иймд тэдний хувийн сонирхол нийтийн сонирхолд үйлчлэх нийтийн албаны үүрэгтэй нь зөрчилдөж болно. Харин зөрчилдсөн сонирхлыг зүй зохистой тодорхойлж, мэдээлж, үр нөлөөтэй, ил тод байхаар зохицуулахгүй бол сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд гүйцэтгэсэн нийтийн албан тушаалтны аливаа үйл ажиллагаа нь ёс зүйн алдаа, албан тушаалаа урвуулан ашигласан явдал, цаашилбал авлигын гэмт хэрэг болдог.

Сонирхлын зөрчил нь авлигын зөрчилд орохоос гадна, авлига бий болох хөрс суурь, шалтгаан болдог. Тиймээс сонирхлын зөрчлийг зохицуулах нь авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх томоохон механизмд тооцогддог.

Сонирхлын зөрчлийн тухай хууль анх батлагдахад хуулийн агуулга, үзэл баримтлалыг ташаа ойлгож, хувь хүний бүх эрх ашиг, сонирхлыг үгүйсгэсэн мэтээр ойлгох явдал байсан. Үнэн хэрэгтээ энэ хууль нь хувь хүний эрх ашгийг бүхэлд нь хориглох биш, харин тухайн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь албаны эрх ашигтай зөрчилдөхөөс урьдчилан сэргийлэх, ийм нөхцөл байдал үүссэн үед албан үүргээ гүйцэтгэхээс татгалзах, үүнийгээ мэдэгдэх, тодруулбал өөрийн гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээд, хувь, хувьцаа эзэмшдэг аж ахуйн нэгжтэйгээ холбоотой ямарваа нэг үйл ажиллагаанд албан үүргийнхээ хувиар оролцохгүй байх үүргийг хуульчилсан. Энэ нь тухайн албан тушаалтан өөрийгөө авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, сонирхлын зөрчилтэй байдалд орохгүй байх хүсэл эрмэлзлэл ёс зүй бий болгох, түүнчлэн олон нийтийн итгэл хүлээх байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой.

Сонирхлын зөрчилт байдлыг үүсгэж буй хувийн сонирхлыг бүхэлд нь тоочин тодорхойлох боломжгүй. Шинж чанараасаа хамаарч илрэх нийтлэг хэлбэрүүд гэж байна. Тухайлбал: Албан тушаалтан хувийн сонирхлыг нь хөндөж буй шийдвэр гаргахад оролцох, эрх мэдэл, албан тушаалын байдал, танил талын хүрээгээ ашиглан шууд буюу шууд бусаар нөлөөлөх, Oлон нийтэд нээлттэй бус албаны мэдээллийг хувьдаа ашиглах, ашиглахыг бусдад зөвшөөрөх, Албан тушаалтан албаны байр сууриа ашиглан өөрийн хувийн сонирхолтойгоо хамтрах, Албан тушаалтан албан харилцаатай этгээдээс бэлэг, үйлчилгээ авах, хариуд нь ямар нэг давуу байдал олгох, Ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө давуу эрх олгох, Албан тушаалтан албан үүрэгт нь нөлөөлөхүйц болон хяналт тавих үүрэгт нь багтдаг бусад байгууллагад давхар ажил эрхлэх, үйл ажиллагаанд нь өртөж буй аж ахуйн нэгжийн удирдах байгууллагын гишүүн байх, Албан тушаалтан нь албанд байхдаа олж авсан мэдээлэл, харилцаа холбоог ашиглан албанаас гарсны дараа өөртөө ашиг олох, хяналтын үүрэг чиглэлд хамаарч байсан байгууллагад шууд ажилд томилогдох, төрийн өмчит хуулийн этгээдүүдийн төлөөлөн удирдах зөвлөлийн түвшинд “хамтын шийдвэр гаргах” нэрийн дор хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх, гүйцэтгэх удирдлага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль бус аливаа хэлбэрээр нөлөөлөн хүний нөөц, санхүү, худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох гэх мэт.

Нийт шалгасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тоо болон зөрчил арилгуулах, зөвлөмж чиглэл өгсөн тоон мэдээллийг сүүлийн 3 жилийн байдлаар дараах хүснэгтээр үзүүлэхэд.

Үзүүлэлт

2013 он

2014 он 

2015 он

Нийт шалгасан өргөдөл, гомдлын тоо

311

317

341

Хариуцлага тооцуулсан байдал

 

 

 



Үүнээс:
Сануулсан

5

2

12

Цалин бууруулсан

20

17

23

Албан тушаал бууруулсан

6

4

2

Үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн

10

22

19

Бусад

4

-

15

Нийт

45

45

71

Зөрчлийг тогтоож анхааруулсан байдал

16

63

51

Зөрчлийг арилгуулахаар зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байдал

 41

49

 52

Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй тушаал, шийдвэр, захирамжийг хүчингүй болгуулсан.

 3

12

9

ӨГМ-ийг зөрчлийн шинж чанараар нь авч үзэхэд: 2013 оноос албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон асуудал нь нийт гомдлын ихээхэн хувь буюу 23,5-ийг эзэлж байсан бол 2015 онд ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой буюу албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан нь нийт гомдлын 31%-ийг, хууль бус томилгоотой асуудал нь нийт гомдлын 23%-ийг тус тус эзэлсэн байна.

Зөрчлийн шинж чанар

2013 он
311 гомдол

2014 он
317 гомдол

2015 оны 
341 гомдол

Албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн

23,5%

20%

19,6%

Хууль бус шийдвэр гаргаж  бусдад давуу байдал олгосон

20,5%

17%

16,4%

Ашиг сонирхлын зөрчил болон сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан 

21,5%

27%

31%

Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулах болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн

9,0%

10%

8%

Хууль бус томилгоо

16,2%

21%

23%

Бусад

9,3%

5%

2%

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх