АНУ-ын авлигын эсрэг хууль Африкийн хөдөө орон нутгийн эдийн засгийн өсөлтийг хэрхэн дэмжив


2021/03/10  1064   0


Засгийн газрын авлигыг олж тогтооход амаргүй ба улмаар түүний эдийн засгийн хөгжилд учруулж буй үр нөлөөг хэмжихэд хэцүү байдаг. Гэвч Чикаго Бут их сургуулийн судлаач Ханс Б.Кристенсен, Марк Г.Маффетт, Томас Раутер нар авлигатай тэмцэх арга хэмжээний үр нөлөөг хэмжих, тэдгээрийг бодитоор харах арга замыг тодорхойлон гаргасан бөгөөд тэд авлигыг зогсоосны дараа бий болж буй боломжуудыг эдийн засгийн үйл ажиллагааны хэмжүүр болгон авч үзсэн.

АНУ-д дөчин жил үйлчилсэн авлигатай тэмцэх хуулийг өөрчилсний улмаас Африк дахь уурхай, газрын тосны цооногуудтай холбоотой эдийн засгийн идэвхжил 14 хувиар өссөн болохыг дээрх аргачлалыг ашиглан тогтоосон юм. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад нийтийн албаны хээл хахууль, сүрдүүлж мөнгө нэхэх, хөрөнгө завших явдлыг бууруулахаар авч хэрэгжүүлсэн аливаа арга хэмжээ нь байгалийн баялаг ихтэй боловч улс төрийн институци султай улс орнуудад түгээмэл ажиглагддаг "баялгийн хараал"-ыг арилгахад туслах болно.

АНУ-д 1970-аад онд гарсан Уотергейтийн улс төрийн дуулианы дараа буюу 1977 онд АНУ-ын Конгресс Гадаадын албан тушаалтнуудын авлигын үйл ажиллагааны тухай хуулийг баталж, Америкийн корпорациуд болон хувь хүмүүс өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд таатай байдлыг үүсгэхийн тулд гадаадын албан тушаалтнуудад авлига өгөхийг хориглосон. Уг асуудалд дотоодын дэмжлэг дутагдалтай, олон улсын хамтын ажиллагаа хязгаарлагдмал байгаагаас шалтгаалан уг хууль хэдэн арван жилийн турш бараг хэрэгждэггүй байсан гэж Кристенсен, Маффетт, Раутер нар онцолсон. 2005 онд хээл хахуулийн тодорхойлолтыг өргөжүүлэн өөрчилж, дээрх хуульд хамаарах хэргүүдийг хойшлуулж, ял шийтгэлгүй орхиж байгааг олж тогтоосноор нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд энэ үед хувьцаат компаниудын нягтлан бодох бүртгэлд шинэчлэл хийсэн Сарбанес-Окслийн тухай хууль батлагдсан байдаг.

Дээрх судлаачид Африкийн 34 улсын 487 уурхай, 113 газрын тос, байгалийн хийн цооногийг түүвэрлэн судалж, АНУ-ын Агаарын цэргийн хүчний хиймэл дагуулын гэрэлтүүлгийн уншилтыг ашиглан шөнийн цагаар гэрэл багатай байдаг газар нутгийн зургийн мэдээллийг нэгтгэсэн. Тэд гаргасан мэдээллээ ашигт малтмалын олборлолтын байгууламжуудын байршил, өмчлөл, бараа бүтээгдэхүүний өгөгдөлтэй нэгтгэн Гадаадын албан тушаалтнуудын авлигын үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалт эдгээр уурхай эсвэл цооногийн эзэмшигчид хамааралтай эсэхийг тогтоосон.

Шөнийн цагаар хэрэглэж буй гэрэлтүүлгийг ашиглан эдийн засгийн үйл ажиллагааг тооцоолж буй өмгөөлөгчдийн үзэж байгаагаар энэ нь ДНБ-ний мэдээллийн сул талыг нөхөж, илүү нарийн үнэлгээ хийх боломжийг олгож байна. Кристенсен, Маффетт, Раутер нар түүвэрлэн авсан ашигт малтмалын олборлолтын талбайгаас 10-50 км-ийн зайд орших бүс нутгуудийн эдийн засгийн өсөлтийг дээрх аргаар хэмжжээ.

Тэдний олж тогтоосноор 2004-2013 онд хуулийн зохицуулалтанд хамааралтай олборлолтын талбайгаас 50 км-ийн зайд гэрэлтүүлэг илт нэмэгдсэн бол уг хуулийн зохицуулалтанд хамааралгүй этгээдүүдийн хувьд гэрэлтүүлэг бага зэрэг өөрчлөгдсэн эсвэл огт өөрчлөгдөөгүй байжээ. Хуулийн зохицуулалтанд хамааралтай олборлох байгууламжаас 10 км-ийн зайд орших газрууд 14 хувийн өсөлттэй байсан бол 25 км-ийн зайд буй газрууд ердөө 3 хувийн өсөлттэй байсан.

Шинэ хуулийн зохицуулалт хэрэгжихээс өмнө улс төрийн сул институцитай байсан бүхий улс орнуудад эдийн засгийн үйл ажиллагааны хамгийн том өсөлт ажиглагдаж байгаа ба үүнийгээ уул уурхайн үйл ажиллагаа нийлбэрээрээ буурсан, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн зэрэг бусад хүчин зүйлтэй холбоотой байж болохыг үгүйсгэж байна.

Олборлох салбарт ажил эрхлэлт буурсан гэсэн нотолгоо байхгүй бөгөөд олборлолтын компаниуд үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа илүү ашигтай эсвэл бага хор хөнөөлтэй бизнесийн үйл ажиллагаанд шилжих замаар эдийн засгийн үйл ажиллагааны өсөлтийг бий болгожээ. Одоо олборлох үйл ажиллагаа ба орон нутгийн эдийн засгийн үйл ажиллагааны хоорондын хамаарал 40 хувиар нэмэгдсэн.

Дээрх судлаачдын үзэж байгаагаар авлигатай тэмцэх хууль тогтоомж нь эдийн засгийг хэрхэн өдөөж болохыг энэ судалгааны үр дүн харууллаа. Тухайлбал, авлигыг таслан зогсоосноор гадаадын хөрөнгө оруулалтын томоохон хэсгийг хээл хахуульд бус харин дотоодын бизнес эрхлэгчид, хувь хүмүүст хүргэх боломжтой юм. Олон улсын компаниуд өөрсдийн улс төрийн холбооноос илүүтэйгээр чадварыг нь харгалзан гадаадын түншүүдээ сонгож эхэлж магадгүй юм. Хээл хахуульгүй нөхцөлд уурхайн эзэд орон байр барих эсвэл цалин хөлс нэмэгдүүлэх замаар орон нутгийн иргэдэд илүү тааламжтай ажиллаж болзошгүй юм.

Үүний зэрэгцээ эдгээр судлаачид Африкчуудаас авлигын талаарх тэдний ойлголтыг асууж, судалсан Афробарометрийн хийсэн судалгаанд дүн шинжилгээ хийжээ. 2004 оноос хойш Гадаадын албан тушаалтнуудын авлигын үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтанд хамрагдсан олборлолтын байгууламжуудын ойролцоо амьдардаг ард иргэдийг бусад иргэдтэй харьцуулахад төрийн албан хаагчдыг авлигад идэгдсэн гэж үзэж буй нь найман хувиар бага байсан бөгөөд орон нутгийн засаг захиргаандаа 18 хувь илүү сэтгэл хангалуун байдгийг тэд олж тогтоожээ. Энэ байдал нь авлига буурах хэрээр эдийн засгийн идэвхжил өндөр болдог гэсэн санааг дэмжиж байгаа юм.

Ерөнхийд нь дүгнэж үзэхэд энэхүү судалгаа нь Гадаадын албан тушаалтнуудын авлигын үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалт юуг өөрчилж чадахыг хамруулсан. "Хөгжингүй орнуудын гаргасан авлигатай тэмцэх эсрэг зохицуулалт" нь компаниудын үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж болзошгүй гэж Кристенсен, Маффетт, Раутер нар үзжээ. Гэхдээ энэ нь "хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлж чадна".

Эх сурвалж

Write comment