АСУУЛТ - ХАРИУЛТ


2016/06/15  4364   0


-Мэдүүлгийг бөглөхдөө юуг илүү анхаарах вэ?

-Мэдүүлгийн маягтын хэлбэр, өгөгдлийг өөрчлөлгүй, асуулт бүрт үнэн зөв, тодорхой хариулж, хөрөнгө, орлогын үнийн дүнг зөвхөн төгрөгөөр илэрхийлэхдээ мянгачлахгүй бичнэ. Бичих мэдээлэлгүй тохиолдолд /-/ тэмдэглэгээ хийнэ. Эцэст нь цахимд мэдүүлсэн мэдүүлгээ хэвлэн, мэдүүлгийн 2.7 дахь хэсэг болон хуудас бүрийн баруун доод хэсэгт гарын үсгээ зайлшгүй зурж, байгууллагынхаа мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-д өгч, мөн бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурна.

-Ямар тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үздэг вэ?

-Нийтийн албан тушаалтан нь:

  • Гаргах, гаргахад оролцох шийдвэр нь хамаарах бүхий этгээд / эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд /-тэй холбоотой байх;
  • Гэрээ хэлцэл, хэлэлцээрийн оролцогч, зээл, хандив, тусламж, үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээдээс авч байсан, /байгаа/-тай холбогдуулан үүрэг хүлээсэн;
  • Тухайн байгууллага, хуулийн этгээдэд ажиллаж байсан /байгаа/,
  • Тухайн байгууллагад гишүүнчлэлтэй байсан /байгаа/,
  • Тухайн байгууллагад төлөөлөл хэрэгжүүлж байсан /байгаа/,
  • Бусад сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал /олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдал/;

“Байсан” гэдгийг сүүлийн 2 жилийн хугацаагаар ойлгоно.

-Мэдүүлгийн маягтын “Хөрөнгө, орлого” хэсэгт мэдүүлэг гаргагч зөвхөн өөрийн орлого болон эзэмшиж, өмчилдөг хөрөнгийг мэдүүлэх үү?

-“Хөрөнгө, орлого” хэсэгт мэдүүлэг гаргагч өөрөөсөө гадна “гэр бүлийн байдал” хэсэгт бичигдсэн гишүүдийн орлого, тэдний эзэмшил, өмчлөлд байгаа бүхий л хөрөнгийг мэдүүлнэ.

-“Орлого” хэсэгт мэдүүлэх орлогын мөнгөн дүнг илэрхийлэхдээ сар тутмын орлогыг бичих үү, эсхүл жилийн эцсийн дүнгээр мэдүүлэх ёстой юу? Тухайн орлого валютаар илэрхийлэгдсэн тохиолдолд заавал төгрөгөөр илэрхийлж бичих ёстой юу?

-“Орлого” хэсэгт мэдүүлсэн орлогыг сараар мэдүүлэх зөрчил түгээмэл байдаг. Орлогоо тус бүрд нь жилийн эцсийн өссөн дүнгээр илэрхийлж мэдүүлнэ. Тухайн орлого гадаад валютаар илэрхийлэгдсэн бол орлогыг тухайн үеийн Монгол банкны ханшаар төгрөгт хөрвүүлэн, мянгачилахгүй мэдүүлнэ.

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Хүнсний эрүүл ахуйн байцаагчаар 2014оны 5 дугаар сарын 1-нд томилогдсон. ХАСХОМ-т ямар хугацаанд олсон орлогоо хэрхэн мэдүүлэх вэ?

-Таны хувьд 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд олсон орлогоо 2014 оны 5 дугаар сарын 31-ний дотор мэдүүлнэ.

-“Хөрөнгө, орлого” хэсгийн эх үүсвэрийн тайлбар хэсэгт юуг бичих ёстой вэ?

-Тухайн хөрөнгө, орлогыг хэрхэн олж авсан /өмч хувьчлал, өв залгамжлал, бэлэглэл, худалдаж авсан гэх мэт/ талаар болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар, хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн нэр, онцлог шинж байдлын тухай бусад шаардлагатай мэдээллийг мэдүүлнэ. Худалдаж авсан тохиолдолд ямар орлогын эх үүсвэрээр, хэзээ, хэдэн төгрөгөөр авсан талаар тодорхой тайлбарлана.

-“Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл” хэсэгт гадаад валютаар илэрхийлэгдсэнийг төгрөг рүү хөрвүүлэхэд ямар хугацаа хамаарах вэ?

-Мэдүүлгээ жилийн эцсийн байдлаар шинэчлэн мэдүүлж байгаа бол валютаар илэрхийлэгдсэн хөрөнгө, орлогыг тухайн оны жилийн эцсийн 12-р сарын 31-ны өдрийн Монгол банкны ханшаар төгрөгт хөрвүүлэн шилжүүлж бичнэ. Харин хөрөнгө орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлж байгаа бол өөрчлөлт орсон өдрийн Монгол банкны ханшаар валютыг төгрөгт хөрвүүлэн бичнэ.

-Хөрөнгө, орлогод орсон “Их хэмжээний өөрчлөлт”-ийн талаар тайлбарлана уу?

-Мэдүүлэг гаргагчийн болон түүний гэр бүлийн байдалд бичигдсэн гишүүдийн хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлж бүртгүүлнэ. Их хэмжээний өөрчлөлтийг цахимаар мэдүүлэхдээ “мэдүүлэг гаргах үндэслэл”-ийг сонгож, зөвхөн өөрчлөлт орсон хөрөнгө, орлогыг мэдүүлнэ.

-Компанийн орлогыг мэдүүлэх үү, мэдүүлэх бол аль хэсэгт бичих вэ?

-Компанийн орлогыг мэдүүлэхгүй. Харин та болон таны гэр бүлийн гишүүний үүсгэн байгуулсан, хувь нийлүүлсэн, хувьцааг нь эзэмшиж буй улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хуулийн этгээд, түүний толгой, охин, хараат болон салбар ХК, ХХК, ЗБН, хоршоо зэрэг хуулийн этгээдээс ногдол ашиг хуваарилах хэлбэрээр авсан мөнгөн орлогыг “хөрөнгө, орлого” хэсгийн 3.1-ийн 4 дэх хэсэгт мэдүүлнэ.

-“Мал аж ахуй” гэсэн хэсэгт таван хошуу малаас гадна “бусад тэжээвэр амьтан” гэдэгт юуг ойлгох вэ?

-Туслах аж ахуйн чиглэлээр үржүүлж байгаа гахай, шувуу, зөгий гэх мэтээс гадна гэрийн нөхцөлд тэжээж байгаа амьтдыг бичиж болно.

-“Нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт” ямар этгээдийг оруулах вэ. Үүсгэн байгуулсан болон хувь нийлүүлсэн, хувьцааг нь эзэмшдэг бүх хуулийн этгээдээ мэдүүлэх үү?

-Тантай ашгийн төлөө ямар нэгэн үйл ажиллагаагаар холбогдож байгаа буюу байсан /сүүлийн 2 жил/ хувь хүн, хуулийн этгээдийг мэдүүлнэ. Мөн та Хувьцаат компани, Хязгаарлагдмал хариуцлагатай компани, Нөхөрлөл, Хоршооны үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч бол тухайн хуулийн этгээдийн талаар мэдүүлнэ.

Сэтгэгдэл бичих


Зөвлөмж, гарын авлага, материал


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх