АТГ-аас илрүүлсэн таван зөрчил


2017/11/27  1883   0


Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас орон нутагт явуулсан шалгалтын нэгдсэн дүнг мэдээлсэн юм. Шалгалтын явцад сум хөгжүүлэх сан, Засаг даргын нөөц хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, ашиг сонирхлын зөрчилтэй байх, төрийн албаны шаардлага хангаагүй зэрэг нийтлэг дутагдлууд илэрчээ. АТГ-аас хийсэн мэдээллийн онцлох таван зөрчлийг та бүхэнд танилцуулъя.

Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлт хангалтгүй

Авлигатай тэмцэх газраас орон нутагт нэгдсэн хяналт шалгалт хийхэд Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлт маш хангалтгүй гэсэн дүн мэдээ гарсан байна.

“Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ИТХ-ын даргын хамаарал бүхий этгээд шаардлага хангахгүй төсөлд 20 сая төгрөг, Увс аймагт 20 сая төгрөгийн зээлийг төрийн сангийн мэргэжилтний хамаарал бүхий этгээд авсан, ИТХ-ын даргаар ажиллаж байсан хүний хамаарал бүхий этгээд тухайн орон нутагт оршин суудаггүй иргэнд 16 сая төгрөгийн зээл олгосон зөрчил илрээд байна. Хамгийн гол нь эдгээр зээлүүд огт эргэн төлөгдөөгүй” гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү ярилаа.

АТГ-ын зүгээс цаашдаа тендер болон шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг зарлах нөхцөлийг цахим орчинд бүрдүүлэх, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдийг тэгш оролцох бололцоогоор хангах бодлого баримтлах ёстой гэж үзэж байна. Зөрчил илэрсэн аймгуудын удирдлагууд тухайн тендер болон төслийн шалгуур үзүүлэлтийг өөрсдөдөө ашигтайгаар шинэчлэн зохиох, зарим шаардлагыг өндөрсгөх зэрэг дутагдал илэрч байжээ.

Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид “давхар дээлтэй”

Авлигатай тэмцэх газар орон нутагт ажиллаж, шалгалт явуулахад аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аливаа сумын Засаг даргын Тамгын газар сумдын агентлагийн даргыг давхар хашиж байгаа зөрчил илэрчээ. Тухайлбал Баян-Өлгий аймгийн Бугат, Алтай, Баяннуур, Өлгий сумын Засаг даргын Тамгын газар, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн ИТХ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодогчийн албан тушаалд сумын хурлын долоон төлөөлөгч давхар ажиллаж байгаа зөрчил илэрсэн байна.

“Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасан “Төрийн захиргааны алба хаагч улстөрийн албан тушаал давхар хашихийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тохиолдол юм. Энэ зөрчил Баян-Өлгий, Хэнтий, Говь-Алтай, Орхон аймгуудад илэрсэн. Нэг ёсондоо хурлын төлөөлөгчид нь төрийн захиргааны албан тушаал давхар хашдаг зөрчил байна” гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү ярьсан юм.

Ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо нэмэгджээ

Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд заасан төрийн албаны шаардлага хангаагүй хүмүүсийг албан тушаалд томилох зөрчлүүд түгээмэл ажиглагдаж байгааг АТГ-аас зарлалаа. Увс аймгийн Наранбулаг суманд төрийн албаны шалгалт өгөөгүй, дээд боловсролгүй хүнийг аймгийн томоохон албан тушаалд томилсон зөрчил илэрчээ.

Тухайн албан тушаалтан ойрын хамаатан, саданг албан тушаалд томилох явдал буурахгүй байгааг онцоллоо. Ашиг сонирхлын зөрчилтэй ямар нэгэн шийдвэр гаргахад үүнд холбогдох тайлбар хийдэггүй байна. Ихэвчлэн сумын төсвийн дийлэнх хувийг дотуур байр, сургуулийн зардалд ногддог. Сумын Засаг даргын эхнэр нь сумын сургуулийн захирлаар ажилладаг, сумын төсвөөс тодорхой хэмжээний мөнгөн дүнг шийдвэрлүүлдэг зөрчил үүсч байдаг ажээ.

“Нэгэн жишээ дурдахад Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан өөрийн мэдлийн ресторандаа аймагт болж байгаа сургалт, семинар уулзалтыг байнга зохион байгуулахын тулд Засаг даргын нөөц хөрөнгөөс мөнгө шилжүүлсэн ноцтой тохиолдол илрээд байна. Энэ талаараа албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй” гэж Т.Баярхүү ярилаа.

Эрчим хүчний томоохон төслүүдэд ашиг сонирхолтой зөрчилтэй этгээд томилогдох гэж байжээ

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Сүхбаатар дахь салбар болон “Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц болон Эрдэнэтийн цахилгаан дамжуулах шугамын төсөл”-д даргаар томилогдох гэж байсан хоёр ч этгээд хувьдаа ийм төрлийн компанитай болох нь тогтоогджээ.

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Сүхбаатар салбарт томилогдохоор нэр дэвшсэн иргэн Г-гийн эхнэр нь яг ийм чиглэлийн компанийн захирлаар ажилладаг болох нь тогтоогдсон байна. “Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих болон Эрдэнэтийн цахилгаан дамжуулах шугамын төсөл”-д даргад нэр дэвшсэн Б-г томилохгүй байх албан бичиг хүргүүлсэн. Энэ хүн өөрийн мэдэлд эрчим хүчний дулаан дамжуулах чиглэлээр компани эзэмшдэг болох нь тогтоогдсон байдаг” гэж АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир ярьсан юм.

Засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор Засгийн газрын гишүүн болон агентлагийн даргаар томилогдсон 17 албан тушаалтанд хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгийг гарган ажиллажээ. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хувьд тус хэлтэс нь 955 этгээдийн мэдүүлэг хүлээн авч 805 этгээдийн мэдүүлгийг нэгтгэн гаргасан. Үлдсэнийг нь хянан шалгаж байна.

Авлигатай холбогдох гэмт хэргийн улмаас 65.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 575 гомдол, мэдээлэл хүлээн авсан бөгөөд энэ нь өмнөх оныхоос 46 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Ялангуяа орон нутгаас тухайн аймаг, орон нутаг, Засаг даргад хуваарилсан нөөц хөрөнгийн зарцуулалт, хөнгөлөлттэй зээлийн хэмжээ зэргийг шалгахад эрүүгийн шинжтэй олон зөрчил дутагдал илэрчээ.

“2017 он гарснаас хойш эхний 11 сарын байдлаар авлигын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн, нэгж байгууллагад 65.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Орон сууц, барилга байгууламж, газар, дансан дахь мөнгө зэрэг нийтдээ 32.3 тэрбум төгрөгийн биет хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. 7.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандсан. Үүний 34 хувийг шүүхээр шийдвэрлүүлээд байна” гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог ярилаа.

Эх сурвалж: www.newspress.mn

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх