АТГ байгуулагдсанаар Монголд юу өөрчлөгдсөн бэ?


2017/01/12  2290   0


-10 жилийн хугацаанд  өөрийн гэсэн ажиллах зарчим, өнгө төрхөө олчихсон байгааг тэд харуулж чадав-

АТГ байгуулагдсанаар Монголд юу өөрчлөгдсөн бэ гэж олон хүн асуудаг. Тэгвэл тус газар ажиллаж эхэлснээр авлигын олон гэмт хэрэг ил болж төрийн өмчийг шамшигдуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн шуналыг өнгөрсөн хугацаад хангалттай хазаарласан гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Ажил хийсэн хүн адлуулдаг гэгчээр АТГ-ыг хүний эрхэнд халдлаа, ажлаа шударгаар хийж чадахгүй байна гэсэн олон шүүмжлэл гарч байсан ч тус газрын алба хаагчид энэ бүх хэл амыг огоорч өөрсддөө ногдсон ажлаа хийж гүйцэтгэсээр ийнхүү 10 жилийг ардаа үджээ. 2006 оны долоодугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох юм.

УИХ 2007 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар тус газрын мөрдөн шалгах хүрээний хэргийг тусгаарласнаар “МИАТ”-ын удирдлагуудын хэрэг, Цэвэр агаар сангийн хэрэг, Ашигт малтмалын газрын дарга нарын хэрэг, Нүүрс хөтөлбөрийн хэрэг гээд нийгмийн анхаарал татсан олон хэргүүдийг нийтэд ил болгож байв. Тиймээс л АТГ-ынхан 10 жилийн хугацаанд саад тотгор бүрийг өөрсдийнхөө ажил үйлсээрээ давж өөрийн гэсэн өнгө аяс түүхээ хангалттай бичсээр өнөөдрийг хүрчээ. Хэрвээ тус газар байгууллагдаагүй байсан бол хэн авлигатай тэмцэж татвар төлөгчдийн мөнгө буруу гараар орсныг хэн илрүүлэх юм бэ гэсэн олон асуулт бий болох байсан. Түүнчлэн тус газрынхан Соён гэгээрүүлэх авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй хийж Засгийн газрын 120 гаруй байгууллагад ил тод шийдвэр гаргалт, сонирхлын зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт, мэдээллийн тухай хуулийн эрх, шилэн дансны тухай хуулийг олон нийтэд сурталчилж мэдлэг мэдээлэлтэй болгож байсан. Мөн АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянадаг болсноор цөөнгүй жил болж байгаа. Өөрөөр хэлбэл нийтийн албанд хэнийг томилох, томилсны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар тухайн төрийн байгууллага АТГ-ын саналыг “сонсдог”. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тухайн нэр дэвшсэн этгээдээрээ энэхүү урьдчилсан мэдүүлгийг гаргуулан авч, хянуулахаар ирүүлдэг бөгөөд АТГ ажлын 10 хоногийн дотор хянан үзээд хариу мэдэгддэг хуультай. Зөвхөн нийтийн албанд анх удаа томилогдож байгаа хүмүүс төдийгүй өмнө ажиллаж байгаад албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдөх тохиолдолд бүрт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраар хянуулах үүрэгтэй, энэ нь хэрэгжүүлэх албан үүрэг нь тухай хүний хувийн ашиг сонирхолтой харшлах эсэх талаас нь хянаж үздэг болсон. Тоочоод баршгүй тус газрын зарим нэг ажлаас нь ийн цухас дурдвал 10 жилийн хугацаанд өөрийн гэсэн ажиллах зарчим, өнгө төрхөө олчихсон байгааг бэлхнээ харуулж өчигдөр тэд төрийн ордонд АТГ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүүлсэн нь олон хүнд сайшаалтай байсан юм. Сайшаалтай гэсний утга учир нь тэд бусад байгууллага шиг тансаг дайллага, цайллага хийсэнгүй зөвхөн өнгөрсөн арван жилийн хугацаанд АТГ юу хийсэн бэ, ямар ололт амжилт байсан бэ гэдгээ тайлагнаж “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулсан юм. Тодруулбал, тус газрынхан авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах зорилгоор тус чуулганыг зохион байгуулсан нь нүдээ олсон арга хэмжээ байсныг онцлох хэрэгтэй. Тэд “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн дөрвөн салбар хуралдаанаар арга хэмжээгээ үргэлжлүүлж байв.

Тус арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлон ярилцсан юм. Монгол Улсын авлигатай тэмцэх үндэсний байгууллага байгуулагдснаасаа хойш 10 жилийн дотор өөрийн гэсэн ажиллах зарчим, өнгө төрхөө аль хэдийнэ олчихсон байгааг энэхүү арга хэмжээ харуулж байв.

Р.Саруул

Эх сурвалж: “Өглөөний сонин”. 2017.01.12.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх