АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН


2016/07/06  6816   0


2016.07.01                                                                                                                                     Улаанбаатар хот

Авлигатай тэмцэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2016 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд эхний хагас жилд хийгдсэн ажил, хүрсэн үр дүнг үүгээр тайлагнаж байна.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын ажлын чиглэлээр

Газрын болон хэлтсийн улирал, хагас жилийн тайлан мэдээ гаргах, улирлын төлөвлөгөөг хэлтэс, албадаас авч нэгтгэн батлуулах, ажилтнуудтай байгуулсан үр дүнгийн гэрээг нэгтгэх, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар УИХ-ын байнгын хороодод мэдээлэл хүргүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцийн хэрэгжилт, Засгийн газрын илтгэлтэй холбогдуулан мэдээ мэдээллийг хэлтэс, албадаас авч нэгтгэн хүргүүлэх зэрэг багц ажлыг хугацаанд нь чанартай зохион байгуулсан байна.

Шилэн дансны тухай хууль, журмын дагуу төсвийн гүйцэтгэлийн орлого, зарлага, хэмнэлт, хэтрэлт, гүйцэтгэлийг холбогдох бусад мэдээ мэдээллийн хамт Шилэн дансны болон байгууллагын сайтад тухай бүр байршуулж ажиллав.

Үндэсний аудитын газраас 2016 оны 1 дүгээр улирлын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтыг хянан зөрчилгүй дүгнэлт гарсан болно. Сангийн яамны төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газарт Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2016 оны 1 дүгээр улирлын тайланг ирүүлсэн маягтын дагуу гаргаж хүргүүлсэн.

2016 онд баталсан урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийн санхүүжилтийг сар бүрийн хуваарийн дагуу зарцуулах, 2017 оны урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын талаар хэлтэс, албадаас ирүүлсэн саналыг үндэслэн төсвийн  төсөөллийг боловсруулж, төсвийн хязгаарт багтааж холбогдох газарт хүргүүлэх, 2016 оны баталсан урсгал зардлын төсвийн хуваарь, мөн 2016 оны баталсан хөрөнгө оруулалтын зардлын төсвийг жил, улирал, сараар тус тус гаргаж, төсвийн Шууд захирагчийн болон Ерөнхийлөн захирагчийн 2015 оны жилийн эцсийн болон 2016 оны эхний хагас жилийн санхүү, төсвийн гүйцэтгэлийн тайланг хуульд заасан хугацаанд гаргаж хүргүүлэх, төрийн болон орон нутгийн  өмч хөрөнгөөр худалдан  авах бараа, ажил,  үйлчилгээний жил улирал, сарын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Сангийн яаманд хүргүүлэх, төрийн санд байрлах харилцах дансны бэлэн бус болон бэлэн мөнгөний ажил, гүйлгээ, үндсэн хөрөнгө болон бараа материалын орлого, зарлага, нярвын тайланг гаргаж нягтлан бодох бүртгэл хөтлөх зэрэг багц арга хэмжээг хугацаанд нь чанартай сайн зохион байгуулсан байна.

Хоёр. Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр:

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 164 байгууллагаас 133 нь Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулж ирүүлсэн байна.

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлээгүй 31 байгууллагын хувьд өмнө нь “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө” батлан хэрэгжүүлж байгаагүй учраас төлөвлөгөө болон цахим хуудастай болох талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай уулзаж, санал солилцон, хариуцсан  ЭБАТ нарт  аргачлалын 2 дугаар хавсралтыг хүргүүлсэн болно.

2013, 2014, 2015 оны төрийн байгууллагын Авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний талаар Авто зам засвар арчлалтын төрийн  өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнуудад товч мэдээлэл өгөх, төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, нийт 23 компаний 74 албан хаагч оролцов.

“Төрийн байгуулагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын гүйцэтгэлийн үзүүлэлт болох “Эрх бүхий албан тушаалтан /цаашид “ЭБАТ” гэх/-ны үйл ажиллагааг үнэлэх”-д баримтлах шалгуур үзүүлэлтийг боловсруулж  Газрын даргын  2016 оны 6 сарын 22-ны өдрийн А54 тоот тушаалаар батлуулсан.

Дээр дурьдсан шалгуур үзүүлэлтийн дагуу 47 байгууллагын цахим хуудсанд явцын үнэлгээ хийж, хариуцсан ЭБАТ-нд  заавар зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэн, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Үнэлгээгээр нийт байгууллагуудын дундаж оноо 62.1 байна.

Төрийн байгууллагуудын авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааг үнэлсэн хөндлөнгийн шинжчээдийн багаас өгсөн зөвлөмжийн дагуу үнэлгээний хариуцсан төрийн байгууллагуудад дүн болон арга зүйн зөвлөгөөг албан бичгээр хүргүүлэв.  

Үнэлгээний үр дүнд үндэслэн 2016 онд анхаарч ажиллах шаардлагатай асуудлуудыг тусгасан албан бичгийг үнэлгээнд хамрагдсан 124 байгууллагад хүргүүлсэн байна.

УИХ-ын Тамгын газартай хамтран зохион байгуулсан Улсын Их Хурлаас байгуулагддаг болон ажлаа тайлагнадаг байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үр дүнг хэлэлцэх уулзалтад Хүний эрхийн үндэсний комисс, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл оролцсон бөгөөд хангалтгүй үнэлэгдсэн Монголбанк, Гадаад хэргийн яамны удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, үнэлгээний талаар  хэлэлцсэн  нь үр дүнгээ өгсөн уламжлал болж буй арга хэмжээ болсон гэж үзэж байна.

Авлигатай тэмцэх газрын  2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу  авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг сурталчлах, сургалт зохион байгуулах үйл ажиллагааг 4 яам, 2 агентлаг, Дундговь аймгийн 14 сум /ХШДШХ-ийн зарим ажилтнуудтай хамтран/, Батлан хамгаалахын яамны Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Дорнод, Сэлэнгэ аймаг болон Замын-Үүд дахь гаалийн газар, Автотээврийн үндэсний төв ТӨК-д зохион байгуулав.

Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн тухайд сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээгээр санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөрийн эдийн засгийн үр ашиг, үндэслэл тооцоо, гүйцэтгэлийг нарийвчлан шалгаж мэргэжлийн эксперт, шинжээчдээр дүгнэлт гаргуулах, шаардлагатай гэж үзэж мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж шалгуулахаар материалыг шилжүүлсэн бөгөөд авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, хориглолт хязгаарлалтыг баримтлах, зөрчил арилгуулах тухай албан бичгийг БХЯ-нд хүргүүлж, хувийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зэвсэгт хүчний жанжин штабт тус тус хүргүүлсэн болно.

Албан томилолтын үеэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 тогтоол, сумын Засаг даргын 2 захирамж, байгууллагын дарга, эрхлэгчийн 2 тушаалыг хянаж тус тус хүчингүй болгосон байна. Дундговь аймагт ажилласан тайланг удирдлагад танилцуулж, тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тусгайлсан арга хэмжээг барилга, уул уурхай, гааль, эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тухайлбал, барилгын салбарт нийт 43 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, 6 арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.  Уул уурхайн салбарт 26 арга хэмжээг хэрэгжүүлэхээс 11 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, Боловсролын салбарт 16 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн бөгөөд одоогоор 7 арга хэмжээ  бүрэн хэрэгжисэн байна.

Азийн сантай хамтран судалгаа явуулах хэрэгцээ шаардлага, судалгааны чиглэлээ тогтох хэлэлцүүлгийг 4 дүгээр сарын 14-ний  өдөр БСШУЯаманд зохион байгуулж, БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, иргэний нийгэм, төрийн бус байгууллагаас нийт 25 хүн оролцов. Гаалийн салбарт 9 ажил бүхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд биелэлт 60% -тай байна.

“Эрүүл мэндийн салбарын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцуулах” уулзалтыг 2016 оны 3 сарын 17-ны өдөр зохион байгуулж, 2, 3 дугаар шатлалын Эрүүл мэндийн байгууллагын дарга, хуульч, санхүү хариуцсан нийт 130 гаруй албан хаагчдыг оролцуулав.   

2016 оны авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх багийг сонгон шалгаруулж, шалгарсан шинжээчдийн багтай гэрээ байгуулаад байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2, 5 дугаар бүлгийн хэрэгжилтэд үнэлгээ, дүн шинжилгээ хийх, олон нийтээр хэлэлцүүлэх, тайлагнах ажлыг Юстиция Хуулийн ферм, 5 дугаар бүлгийн ажлыг Баянзүрх консалтинг сонгон шалгарч гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөөг батлан, явцад нь хяналт тавин ажиллаж байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 6 зөвлөмж хүргүүлж, 1 дүрэм, 9 журам, 3 захирамж, 9 тогтоол, 2 тушаал хүчингүй болгуулж, 5 ёс зүйн дүрмийн төсөлд санал өгч, иргэдээс гаргасан 15 гомдлыг шийдвэрлэн, байгууллагын цахим хуудсанд 45 мэдээ байршуулсан байна.

Соён гэгээрүүлэх чиглэлээр 2016 оны эхний хагас жилийн байдлаар Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах ажлын хүрээнд сургалтын график төлөвлөгөө, аян болон бусад төлөвлөгөө удирдамж, зорилтот бүлгийн онцлогт тохирсон арга хэлбэрээр нийт 124 удаагийн сургалт зохион байгуулж, 176 удаагийн хичээлд давхардсан тоогоор 7185 хүнийг сургалтад хамруулжээ.

Тайлант хугацаанд 13 байгууллагын 388 албан хаагчдаас үнэлгээний хуудсыг бөглүүлэн авч нэгтгэн удирдлагад танилцуулж, цаашдын сургалтын арга хэлбэр, агуулгыг баяжуулан ашиглаж байна.

Тухайн байгууллагын сургалтын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, сургалтын агуулга, хэлбэрийг шинэчлэн, үйл ажиллагааных нь онцлогт тохирсон сургалтын слайдыг шинэчлэн баяжуулах зорилгоор нийт 19 слайдыг шинээр бэлтгэж сургалтад ашиглаж байна. Дотоодын хэрэгцээнд ашиглах Авлигын эсрэг хууль тогтоомжийн эмхэтгэлийг бэлтгэн 500 хувь хэвлүүлж тараав.

Авлигын эсрэг хууль тогтоомжийг олон нийтэд энгийн ойлгомжтой байдлаар хүргэх, анимейшн бүтээх ажлын хүрээнд цувралаар 1-16 дугаар ангийг бүтээлгэсэн ба үүнээс сонгуулийн хандив, улс төрийн намын санхүүжилтийн асуудлаар хийсэн 2 анги болон түүний 8 богино хувилбарыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран нийслэл орон нутгийн телевиз, төрийн бус байгууллагуудыг цахим хуудсаар түгээсэн байна.

“Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд нийт 153 хүнд байгууллагын үйл ажиллагааг танилцуулж сургалт зохион байгуулсан.  

Сэлэнгэ,  Дорнод,  Замын-Үүд дэх гаалийн газрын болон Баянхошуу, Хавирга боомтын 650 гаруй албан тушаалтанд авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалт зохион байгуулж, 5 төрлийн 674 ширхэг гарын авлага түгээсэн байна.

Тайлант хугацаанд нийт 31 байгууллага, хамт олонд 11 төрлийн 6112 ширхэг гарын авлага тарааснаас 2740 ширхгийг төв болон нийслэлийн төр, захиргааны байгууллагад, 2492 ширхэгийг орон нутгийн төр, захиргааны байгууллагад, 845 ширхэгийг төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд, оюутан залууст  түгээжээ.

Судалгаа, шинжилгээний чиглэлээр: Авлигын эсрэг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Улсын Их Хурал авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр мэдээлнэ” гэж заасны дагуу авлигын нөхцөл байдлыг тодорхойлох чиглэлээр дотоодын болон олон улсын байгууллагын зүгээс хийгдсэн судалгаануудын талаарх танилцуулга бэлтгэж, хэлтсүүдээс холбогдох мэдээллийг авч, “Монгол Улсын авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал”-ын талаарх 2015 оны мэдээллийг боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэв.

Шударга байдлын үнэлгээний судалгааг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдамж, заавар чиглэл өгч ажиллав. Шударга байдлын 2016 оны судалгаанд 62 байгууллагаас төрийн үйлчилгээ авсан 2370 иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 1410 төрийн албан хаагч, 630 шинжээчээс цуглуулсан мэдээллийг гүйцэтгэгч компаниас хүлээн авч, судалгааны тооцооллыг хийж үр дүнг гаргаж, тайланг боловсруулж, хэвлүүлэв. Улмаар Шударга байдлын үнэлгээний аргачлал, арга зүй, 2015 оны үр дүнг яам, агентлагийн төлөөлөл 15 яам, 25 агентлагийн төлөөлөл болох 67 албан хаагчийг оролцуулан танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн үед оролцогчид судалгааны үр дүнг бодит байдалтай нийцэж байна хэмээн дүгнэсэн болно.

Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолын дагуу Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлллийн2015 оны судалгааг зохион байгуулах ажлын хүрээнд 66 шинжээчдээс мэдээлэл цуглуулах ажлыг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэн хүлээн авч, судалгааны тооцооллыг хийн үр дүнг гаргаж, тайланг бэлтгэн олон нийтэд танилцуулахад бэлэн болгоод байна. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлллийн2016 оны судалгааны мэдээллийг цуглуулах компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулав.

Хүүхдийн шударга байдал-2015 судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулав. Судалгаанд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн 1929 сурагчдыг хамруулсан байна. Улмаар судалгааны тооцооллыг хийж, зөвлөмж бүхий тайланг бэлтгэн “Хүүхдийн шударга байдал-2015” судалгааны үр дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Дээр дурдсан судалгаануудын үр дүнг олон нийтэд хүргэх чиглэлээр тусгайлсан мэдээллийг салбар, чиглэлээр бэлтгэн боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ тайланг цахим хуудсаар түгээн ажиллаж байна. Тухайлбал, “Монгол Улсын авлигын нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр илтгэл бэлтгэн, төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад, мөн “Хууль сахиулах байгууллага дахь авлигын нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр илтгэл бэлтгэж, Улсын ерөнхий прокурорын газар, Тахарын ерөнхий газар, Монгол Улсын Боловсролын их сургууль, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагч нарт тус тус сургалт хийв.

Ази, номхон далайн орнуудын шударга байдлын сүлжээ “AP-INTACT”, Транспарэнси Интернэшнл байгууллагын ил тод байдлын мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх нийтлэл, үйл явдал, мэдээллийг судлан, ажилтнууд хуваарийн дагуу 7 хоног бүрээр түүвэрлэн орчуулж, “Гадаад мэдээний тойм” 26 дугаарыг бэлтгэн газрын удирдлага болон хэлтсийн дарга нарт танилцуулж, мэдээг байгууллагын цахим хуудсанд байршуулан, байгууллагын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтантай хамтран шаардлагатай мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллав.

Цахим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд 2016 оны 2 дугаар улиралд нийтлэгдсэн дотоод мэдээний тойм /дугаар 12/-ыг бэлтгэж, удирдлагад танилцуулах ажлыг хэвшүүлэв.

“АТГ-т хүлээн авсан гомдол, мэдээлэл, тэдгээрийн шийдвэрлэсэн байдлын шинжилгээ, гомдол мэдээлэлд дурдсан нөхцөл байдалд үндэслэн авлигын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийн шинжилгээ хийх” ажлын хүрээнд Газрын даргын 2013 оны А/81 дугаар тушаалаар батлагдсан “Иргэд байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг бүртгэх, шилжүүлэх, шийдвэрлэх журам”-ын дагуу 2015 оны 12 дугаар сар болон 2016 оны 01-6 дугаар саруудад АТГ-т хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн газрын удирдлага болон хэлтсийн дарга нарт танилцуулж, байгууллагын цахим хуудсанд байршуулан, хэвлэл, олон нийттэй харилцах ажилтантай хамтран шаардлагатай мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллав.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэв.
Нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй нь холбогдолгүйгээр авсан бэлгийн талаарх 2012-2014 оны мэдээлэлд дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд холбогдох мэдээллийг ХШДШХ-ээс авч, мэдээллийг SPSS программд кодлон оруулж, танилцуулгыг бэлтгэж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооны 2015 оны тайланг судлан тоймлон орчуулж, дэд даргад танилцуулан байгууллагын цахим хуудсанд байршуулахад бэлэн болгов. Мөн Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан “Авлигатай тэмцэх гарын авлага”-ыг орчуулж байна.
“Албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шидйвэрлэлтэд дүн шинжилгээ хийх” ажлын хүрээнд Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан “shuukh.mn” цахим хуудаснаас авлигын гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг татан авч, мэдээллийн сан үүсгэж байна.

Судалгаа шинжилгээний албаны ажлын нэг үндсэн чиглэл нь шинээр боловсруулсан болон шинэчлэн найруулсан, нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль, эрх зүйн актын төсөлд санал өгөх, холбогдох судалгааг гүйцэтгэж танилцуулах, хэлтэс албадаас хуулийн төсөлд ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулах үйл ажиллагаа бөгөөд Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Хууль сахиулах тухай хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдан гарах холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа үйл явцын талаарх тойм танилцуулгыг бэлтгэсний зэрэгцээ Хууль зүйн сайдаас санал авахаар ирүүлсэн “Нүүлгэн шилжүүлэх журам”-ын төсөлтэй танилцан, санал бэлтгэн Хууль зүйн сайдад хүргүүлэв.

Оффшор бүсийн үйл ажиллагаа, улс орнуудын хууль тогтоомж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар тойм танилцуулга бэлтгэсний зэрэгцээ сонгуультай холбоотой хууль бус үйл ажиллагааны талаар олон улсын туршлагыг талаар мэдээ бэлтгэн танилцуулга бэлтгэн удирдлагад танилцуулав.

Гурав. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын чиглэлээр

Улсын хэмжээнд хуулийн үйлчлэлд хамрагдах нийт 39853 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 39850 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь ХАСХОМ-ээ бүртгүүлсэн байна.      

Үүнээс хуульд заасан хугацаанд 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлснээс 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулсан, 3 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй бөгөөд зөрчил гаргасан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн дагуу сануулах болон ажлаас халах хүртэлх хэмжээний хариуцлагыг тооцуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилласан байна. 

2016 онд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргасан мэдүүлэг гаргагчдын 12181 буюу 30 хувь  нь төрийн захиргааны албан тушаалтан, 12047 буюу 30 хувь  нь төрийн тусгай албан тушаалтан, 7515 буюу 19 хувь нь улс төрийн албан тушаалтан, 4226 буюу 11 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалтан,  269 буюу 0,7 хувь нь төрийн өндөр албан тушаалтан, 3612 буюу 9 хувь нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон бусад албан тушаалтан байна.

Нийт мэдүүлэг гаргагчийн 26580 буюу 66,7 хувь нь Улаанбаатар хотод, 13270 буюу 33,3 хувь нь орон нутагт байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх албан тушаалтны нэрсийн жагсаалтыг шинэчлэн гаргасан бөгөөд тус газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй 277 албан тушаалтнаас албан үүргээ гүйцэтгэж байгаа 269 албан тушаалтан хуулийн хугацаанд мэдүүлгээ 100 хувь шинэчлэн мэдүүлснийг бүртгэж авсан.

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан үндэслэлийн дагуу нийт 220 албан тушаалтны 2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 2 дугаар улиралд багтаан 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн  №18/927/ дугаарт нийтлүүлж, олон нийтийн www.xacxom.iaac.mn цахим хуудсанд тус тус байршуулж, олон нийтийг мэдээллээр ханган ажиллаа.

Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албанаас мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, тайлант хугацаанд "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг, Газрын тосны газар, Гааль, татварын ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газар, Уул уурхайн яам, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ, Гааль, татварын ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Хөрөнгө оруулалтын газар зэрэг нийт 9 байгууллагын 792 албан тушаалтны 2014, 2015 оны 1589 ХАСХОМ-ийг хянан үзсэнээс зөрчилтэй мэдүүлсэн 124 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгуулахаар Хяналт шалгалтын албанд шилжүүлсэн.

Мөн хяналт шалгалтын ажлын хүрээнд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  хянуулаагүй томилогдсон нийт 129 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад зөвлөмж, чиглэлийг хүргүүлснээс 16 албан тушаалтны мэдүүлгийг нөхөн хянуулж зөрчлийг арилгуулах  арга хэмжээг авсан байна.

Хяналт шалгалтын албаны хэмжээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын нэгдсэн бүртгэлийг ажилтан тус бүрээр хөтөлж, хяналт шалгалтын ажлын ачаалал, хугацаа, үр дүнд хяналт тавьж ажилласан. Албаны хэмжээнд 2016 оны эхний хагас жилд нийт 274 албан тушаалтны  хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахаас 222 мэдүүлгийг шалгаж дууссан ба  одоогоор  52 албан тушаалтны мэдүүлгийг шалгаж байна.

 Нийт шалгасан мэдүүлгийн 190 буюу 85,6 хувийг төлөвлөгөөт хяналт шалгалтаар, 15 буюу 6,7 хувийг иргэний гомдол, мэдээллээр, 10 буюу 4,5 хувийг  МШХ-ийн хүсэлтээр, 5 буюу 2,2 хувийг ГАХ-ийн хүсэлтээр, 2 буюу 0,9 хувийг УССГХ-ийн хүсэлтээр шалгасан байна. Мэдүүлгийн хяналт шалгалтын бүтцийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулж үзүүлбэл буурсан үзүүлэлттэй байна.

2016 оны эхний хагасжилийн байдлаар хийсэн ХАСХОМ-ийн хяналт шалгалтын ажлын үндсэн үзүүлэлтийгөнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад:

Дээрх хүснэгтээс үзэхэд, тайлант улиралд 222 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буурсан нь 2015 оны эхэнд 111 албан тушаалтны ХАСХОМ-ийн үлдэгдэлтэй, 2016 оны эхэнд 29 албан тушаалтны ХАСХОМ-ийн үлдэгдэлтэй байсантай холбоотой.

Иргэний нисэхийн ерөнхий газрын 15,  Хөдөлмөрийн яамны 20,  Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын  болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 12, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын 11, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 8, Газрын тосны газрын 17, Ашигт малтмалын газрын 59,  албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгаж, нэгдсэн дүнг гарган, холбогдох албан тушаалтанд шалгалтын дүнг танилцуулсан байна. 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын ажил 64.2 хувьтай байна.

Тайлант хугацаанд ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар нийт 58 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна.

Хяналт шалгалтын алба нь 2016 оны эхний хагас жилийн байдлаар албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 199 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас тайлант хугацаанд 166 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд одоо 33 өргөдөл, гомдол, мэдээлэл ажиллагаанд хянагдаж байна.

Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын мөрөөр хууль тогтоомж зөрчсөн 21 зөрчлийг арилгуулахаар албан бичиг хүргүүлж, зөрчил гаргасан 15 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулсан байна.

Ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн талаар 35 буюу 21 хувийг, Албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон талаар 56 буюу 33.8 хувийг, Албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн талаар  40 буюу 24 хувийг, Ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо, шийдвэр, хууль бус үйлдэл гаргасан талаар 35 буюу 21 хувийг тус тус эзэлж байна.

Тайлант хугацаанд хүлээж авсан нийт өргөдөл, гомдлын 93 буюу 46.7 хувийг нийслэл хотоос, 106 буюу 53.3 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна.

2016 оны  эхний хагас жилд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 4163 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 4010 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн, одоо 153 мэдүүлэг хянагдаж байна.

Хянан шалгасан мэдүүлгээс Ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож, анхааруулсан нийт 159, хянах боломжгүй үндэслэлээр 209 мэдүүлгийг буцаан хүргүүлжээ. Мөн албан тушаалтны урьдчилсан мэдүүлгийг тус газраар хянуулахгүйгээр хууль зөрчин томилсон 53 тушаал, шийдвэрийг хүчингүй болгож, 7 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

2016 оны тайлант хугацаанд хүлээн авсан мэдүүлгийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 747-оор, хянан шалгаж хариу өгсөн нь 774-өөр тус тус буурсан үзүүлэлттэй байна.

2016 оны эхний хагас жилийн байдлаар ХШДШХ-ийн хэмжээнд зөрчил гаргасан нийт 157 албан тушаалтанд хариуцлага тооцуулан ажилласан байна. Үүнд: ХША-ны хэмжээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 58, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжийг зөрчсөн 15, нийт 73 албан тушаалтанд хариуцлага тооцуулсанаас ажлаас халсан 5, албан тушаалын цалинг бууруулсан 45, сануулсан 21, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн хэрэгжилтийг хангуулсан 2 байна.

Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны хэмжээнд бүрдүүлэлтийн үйл ажиллагаа болон мэдүүлгийн хяналт шалгалтын мөрөөр нийт 84 албан тушаалтанд хариуцлага тооцуулснаас 19 албан тушаалтанд сануулах, цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл, 65 албан тушаалтанд нэмэгдэл, урамшуулал хасах болон хуралдаанаар анхааруулах зэрэг арга хэмжээг хүлээлгүүлэн  ажилласан байна.

Төрийн  болон нутгийн захиргааны төв байгууллагын 113 ЭБАТ-ыг хамруулан “Нэгдсэн сургалт”-ыг  хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу  Дэлхийн банкны 14,6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр  зохион байгуулсан.           

СЕХ-той хамтран 2016 оны 5-р сард аймаг, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарын 44 албан тушаалтанд СЕХ дээр, мөн Увс аймгийн 26 салбар ЭБАТ-уудад АТГ-ын сургалтын онлайн сургалтын танхимаар тус тус зохион байгууллаа.

Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албанаас 2016 оны эхний хагас жилийн байдлаар Гадаад хэргийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Монгол банк, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, Үндэсний аудитын газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг нийслэлийн Прокурорын газар, Тээврийн прокурор, нийслэлийн харьяа 9 дүүргийн прокурорын газрын 200 прокурор зэрэг нийт 38 байгууллагын 2920 мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж, гарын авлагаар хангасан.

Дөрөв. Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр

Тайлангийн хугацаанд нийт 489 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 196 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.2 хувиар буурчээ.

Гэмт хэргийн шинжтэй 2015 оны үлдэгдэл 13 гомдол, мэдээлэл, шинээр хүлээн авсан 196 гомдол, мэдээлэл, нийт 209 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 45 гомдол, мэдээлэл буюу 21.5 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 хувиар, 132 гомдол, мэдээлэл буюу 63.2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 4.4 хувиар өсч, 20 гомдол, мэдээлэл буюу 9.6 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.8 хувиар буурсан бөгөөд ажиллагаанд 12 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 94.3 хувьтай байна.

Хянан үзсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг агуулга, холбогдох   байгууллага, салбараар нь авч үзвэл нийтийн алба, төрийн албаны үйл ажиллагаанд хамаарах 190 гомдол, мэдээллээс төрийн улс төрийн албанд хамаарах 50, төрийн захиргааны албанд хамаарах 70, төрийн тусгай албанд хамаарах 33, төрийн үйлчилгээний албанд хамаарах 37 гомдол, мэдээлэл, бусад салбарт хамаарах 19 гомдол, мэдээллээс хувийн хэвшлийн үйл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах 12, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 1, бусад 6 гомдол, мэдээлэл шалгагджээ.

Хянан үзсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан хэлбэрээр нь ангилбал албан бичгээр болон шуудангаар 126, биечлэн 77, факсаар 4, цахим шуудангаар 2 гомдол, мэдээлэл тус тус иржээ.

Тайлангийн хугацаанд хуульд заасан харьяаллын 325 үйлдэл, 297 холбогдогчтой 167 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 65 буюу 20.0 хувь, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 11 буюу 3.4 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 21 буюу 6.5 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 6 буюу 1.9 хувь,  хээл хахууль авах 64 буюу 19.7 хувь, хээл хахууль өгөх 58 буюу 17.8 хувь, хээл хахуульд зуучлах 14 буюу 4.3 хувь, хууль бусаар хөрөнгөжих 3 буюу 0.9 хувь, мөнгө угаах 4 буюу 1.2 хувь, бусад хэрэг 79 буюу 24.3 хувийг эзэлж байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргээс 39 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 23.4 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 27 хэргийг буюу 16.2 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 14 хэргийг буюу 8.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 22 хэргийг буюу 13.2 хувийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, 12 хэргийг түдгэлзүүлж, одоо 53 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдлээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 12-оор буюу 7.7 хувиар, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 7-оор буюу 21.9 хувиар, хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 2-оор буюу 8.0 хувиар, үлдэгдэл хэрэг 4-өөр буюу 8.2 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Мөрдөн шалгасан хэргийн 102 хэргийг буюу 61.2 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 43.1 хувьтай байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуулийн захирал Ю.Энхтуул нарын,  Архангай аймгийн Булган сумын ИТХ-ын дарга Ц.Төрхүү нарт холбогдох, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч М.Гансүлд, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа Ч.Отгон, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Б.Дашгүнжид нарын, “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ-ын захирал М.Жаргал, Сүхбаатар аймгийн Мэнэнгийн талын сав газрын захиргааны газрын дарга Д.Батхүрэл нарын 19 хүнд холбогдох 10 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн.

Мөрдөн байцаагч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл 1 мөрдөн байцаагч 8.7 гомдол, мэдээлэл, 6.9 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Шүүх, прокуророос эхний хагас жилд давхардсан тоогоор эрүүгийн 43 хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан, эрүүгийн хэрэг үүсгэх саналтай 5 тогтоолыг прокурор хүчингүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 4 материалд прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Шүүх, прокуророос буцсан хэргүүдтэй хэлтэс, албаны дарга нэг бүрчлэн танилцаж зохих үүрэг, даалгаврыг өгч, хэргийг шуурхай, чанартай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.

Эрүүгийн хэрэгт  297 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.7 хувиар өссөн, хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл төрийн улс төрийн 22 буюу 7.4 хувь, төрийн захиргааны 49 буюу 16.5 хувь, төрийн тусгай 42 буюу 14.2 хувь, төрийн үйлчилгээний 37 буюу 12.5 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан 74 буюу 24.9 хувь, энгийн иргэд 73 буюу 24.6 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас 27 тэрбум 16.1 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 854.7 сая төгрөгийг нөхөн төлүүлж, 500.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж 15 ш, 33.0 сая төгрөгийн эксковатор 1 ш, 748.5 сая төгрөгийн автомашин 12 ш, 1121.8 сая төгрөгийн орон сууц 9 ш, 193.0 сая төгрөгийн хашаа байшин 5 ш, 20 сая төгрөгийн авто зогсоол 1 ш, 18 сая төгрөгийн мал, 69.1 сая төгрөгийн газар 5 ш, 1.2 сая төгрөгийн автобусны дугуй 4 ш, бэлэн мөнгө 640.0 сая, нийт 3 тэрбум 344.6 сая төгрөгийн эд хөрөнгийг хохирол нөхөн төлүүлэх явдлыг хангахаар битүүмжлэн хамгаалсан бөгөөд  хээл хахуулийн хэмжээ автомашин 3 ш 90.0 сая, бог мал 1 ш буюу 0.5 сая төгрөг, бэлэн мөнгө 1 тэрбум 379.7 сая төгрөг, нийт 1 тэрбум 470.2 сая төгрөг, 140.0 мянган ам.доллар байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх