Авлигын төсөөллийн индексийн өндөр онооны ард орших Шинэ Зеландын түгшүүр


2021/05/05  515   0


Энэ оны эхээр Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индекс (АТИ)-ийг зарласнаар сүүлийн арван таван жилийн арван гуравт нь ийнхүү Шинэ Зеланд улс “дэлхийн хамгийн авлигагүй улс”-аар шалгарсан билээ. Шинэ Зеландад энэ мэдээг тэмдэглэлт баяр гэхээсээ илүүтэй болгоомжилж хүлээн авсан нь санаандгүй гэмээр зүйл байсан байж болзошгүй юм. Шинэ Зеландын хамгийн эерэг мэдээллийн агентлагууд хүртэл “шүгэл үлээгчдийг хамгаалах хамгаалалт хангалтгүй, улсад бүртгэлтэй компаниудад хэн эцсийн хяналт тавьж, ашиг хүртэж байгааг харуулсан бүртгэл байхгүй" гэх зэргээр тус улс авлигын эрсдэлтэй тулгарч буй тухай сэрэмжлүүлж байв. Бусад агентлагууд ч гэсэн “Засгийн газар авлигаас ангид статусыг сүйтгэхгүй байхыг анхааруулж байна” гэх мэт гарчгийг баяр хүргэсэн гарчгаас илүүд үзэж байв. Шинэ Зеландын нэгэн хэвлэл товчхон хэлсэнчлэн, “Шинэ Зеланд бол дэлхийн хамгийн бага авлигад автсан улс. Гэвч энэ мэдэгдлийг “боловч” гэдэг үг үргэлж дагаж явдаг" ажээ. 

Авлигатай тэмцэх арга хэмжээний талаар Шинэ Зеландын хэвлэлүүдийн бараг хаа сайгүй ярьдаг таагүй зүйлс нь гаднын ажиглагчдийн зүгээс “Яагаад ийм гутранги байна вэ?, Авлигын талаарх “зэрэглэл тогтоодог бүхий л томоохон байгууллага, индексүүд” болон Шинэ Зеландын иргэдийн өөрсдийнх нь ойлголт төсөөллийн хоорондын зөрүүг хэрхэн тайлбарлах вэ? гэж асуухад хүргэдэг.

2002 онд профессор Роберт Грегоригийн тайлбарласнаар хэдийгээр Шинэ Зеландад “ужиг авлига” бага байсан ч 20 дугаар зууны сүүлийн хэдэн арван жилд тус улс зах зээлийн шинэчлэлээс эгалитарианизмд огцом унасан зэрэг нийгэм, улс төрийн хэд хэдэн хурдацтай өөрчлөлттэй нүүр тулсан. Барууны ардчилсан орнуудын ерөнхий чиг хандлагыг тусгасан эдгээр өөрчлөлтүүд нь Шинэ Зеландын иргэдийн зүгээс улс төрчид болон улс төрийн байгууллагуудад итгэх итгэл буурч, төрийн албан хаагчид улс орныхоо эрх ашгийн үүднээс ажиллана гэдэгт гүнээ эргэлзэж эхлэхэд хүргэсэн байдаг. Тиймээс АТИ гэх мэт олон улсын индексүүдийн анхаарлыг татдаг, ихэнх улсын иргэд “авлига” гэж боддог авлигын сонгодог хэлбэрүүд Шинэ Зеландад бага байсан (одоо ч хэвээр байгаа) боловч тэд найдваргүй төрийн албан хаагчид эсвэл засгийн газрын шударга бус байдлын талаархи ерөнхий тохиолдлуудын талаар, эдгээр үйл явдлууд нь хээл хахууль гэх мэт авлигын сонгодог хэлбэрт багтах эсэхээс үл хамааран хэт их төсөөлдөг байж магадгүй юм.

Эцэст нь, профессор Грегоригийн 2002 онд тодорхойлон хэлж байсанчлан АТИ зэрэг олон улсын индексүүд болон Шинэ Зеландын засгийн газар явцуу тодорхойлогдсон авлигын маш бага түвшинд анхаарлаа хандуулж байхад олон нийтийн зүгээс “авлигыг хаа сайгүй олж хардаг” гэснээр тус улс дахь авлигын талаарх ойлголтын ихээхэн зөрүү гарч ирэв. 

Авлигатай тэмцэх олон улсын нийгэмлэг Шинэ Зеланд улсыг хээл хахууль, бусад ужиг хэлбэрийн авлига бараг байхгүй хэмээн сайшааж байхад Шинэ Зеландчууд өөрсдөө засгийн газрын “эд баялагийн төвлөрлийн зохисгүй нөлөөнд туйлын эмзэг улс төрийн намууд, хууль тогтоомж, бодлого”, хувийн хэвшил болон төрийн салбарын хоорон дахь эргэдэг хаалга, ашиг сонирхлын зөрчил гэх мэт “баян ертөнцийн авлига”-ын бусад хуульчлагдсан хэлбэрүүдэд санаа зовж байв. Энэ төрлийн авлигын талаархи олон нийтийн ойлголт буруу эсвэл хэтрүүлэг байж болох ч авлигын талаарх ойлголт төсөөлөл нь засгийн газрын хууль ёсны байдлыг үгүй хийж, хүмүүсийг шударга бус зан байдал гаргахад хүргэдэг болохыг туршлагаас харж болох тул энэ нь өөрөө асуудал үүсгэж болзошгүй юм.

Бас нэг асуудалтай зүйл нь Шинэ Зеландын засгийн газар эдгээр ёс суртахууны хувьд аль ч тал руу нь тайлбарлаж болох бүрхэг асуудлуудтай холбоотой олон нийтийн санаа зовнилд хариу арга хэмжээ авах тал дээр удаан хойрго ханддаг байсан явдал юм. Шинэ Зеландын Онц ноцтой луйврын алба нь улс төрийн хууль бус хандивтай холбоотой тохиолдлуудад хэрэг үүсгэсэн ч уг алба нь өөрөө санхүүжилт хангалтгүй байгаа талаар хэл үг гаргасан бөгөөд санхүүжилтээс болоод хэргийн  тоо хэмжээтэй холбоотой ачааллыг даахад бэрх болж байгаа талаар мэдэгдсэн юм. Шинэ Зеланд улс авлигатай тэмцэх хараат бус агентлаг байгуулах уриалгыг ч эсэргүүцсэн байна. Тус улсын ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомж нь ЭЗХАХБ-ын ихэнх гишүүн орнуудын жишигт нийцэхгүй байгаа бөгөөд "төрийн албан дахь зохисгүй үйлдэл"-ийг хязгаарлах хууль ч байдаггүй аж.

Хачирхалтай хэдий ч Шинэ Зеландын АТИ-ийн байнгын эерэг үнэлгээ нь засгийн газарт эдгээр асуудалд анхаарал бага хандуулахад нөлөөлдөг хүчин зүйл болдог байж магадгүй юм. Нэг талаас Шинэ Зеланд улс АТИ-ийг олон жилийн турш давамгайлж ирсэн нь авлигын оноо өгдөг мэргэжилтнүүд Шинэ Зеланд зэрэг “амжилтын арвин түүх” бүхий орнуудад байгаа авлигыг олж харахгүй байхад хүргэдэг өөрийгөө гүйцэлдүүлэх гогцоог (магадгүй ухамсаргүйгээр) бий болгосон байж болно. Магадгүй илүү чухал зүйл бол Шинэ Зеландын засгийн газар болон улс төрчид, төрийн албан тушаалтнуудын олонх нь улс орны, ялангуяа, улс төрчид болон төрийн албан хаагчид ашиг тусыг нь хүртдэг хууль эрх зүй, ёс зүйн “саарал бүс”-тэй холбоотой асуудлыг үл тоомсорлох, дарагдуулах томоохон шалтгаантай байх магадлалтай. Удаан үргэлжилсэн идэвхгүй байдлыг АТИ-ээр жил бүр, магадгүй ухамсаргүй, санамсаргүй байдлаар баталгаажуулдаг бөгөөд энэ нь төвийг сахисан ажиглагчийн зүгээс өгч буй аливаа асуудал тийм ч муу биш гэсэн дохио болдог. Эцэст нь, Шинэ Зеландын засгийн газар дэлхийн хамгийн бага авлигатай улс гэсэн нэр хүндээ хадгалахад хангалттай статус кво байсаар байхад яагаад өндөр өртөгтэй авлигатай тэмцэх ажилд хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?

Мэдээжийн хэрэг Шинэ Зеландчууд дэлхийн ихэнх улсуудад өргөн тархсан ужиг төрлийн авлигыг устгасан гэдгээрээ бахархаж болох бөгөөд тэгэх ч ёстой. АТИ зэрэг авлигын уламжлалт индексүүд ашиг тустай боловч авлигын явцуу тодорхойлолтыг л хэмждэг байна. Тус улсын иргэдийн хувьд янз бүрийн ёс зүйгүй, тааламжгүй улс төрийн зан байдлыг “авлига” гэж үзэх хандлага өргөн тархсан байж болох ч тэдний тавьж буй асуудал бодит бөгөөд чухал юм. Шинэ Зеландын улс төр дэх “сэжигтэй мөнгө”-ийг тайлбарлахын тулд ил тод байдлын нэмэлт арга хэмжээ шаардлагатай байна. Тус улс ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийнхаа цоорхойг арилгаж, хувийн хэвшил ба засгийн газар хоорондын “эргэдэг хаалга”-ыг зохицуулах шаардлагатай байна. Онц ноцтой луйврын албанд илүү их санхүүжилт шаардлагатай бөгөөд хараат бус, бие даасан авлигатай тэмцэх байгууллага байгуулах хэрэгтэй. АТИ-ийн хувьд өндөр байр суурьтай байгаа нь сайшаалтай боловч энэ нь сайжруулах шаардлагатай зүйлсийг үл тоомсорлох шалтгаан байж болохгүй юм.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх