БНХАУ-ын Авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ


2020/11/23  417   0


Хятадын авлигатай тэмцэх байгууллагаас тус улсын засгийн газрыг АНУ-д амьдарч буй тэрс үзэлтнүүдийг намнаж байна гэсэн гүтгэлгийг няцаажээ.  

АНУ-ын сүүлийн үед хэрэгжүүлж буй арга хэмжээ нь БНХАУ-ын эсрэг улс төрийн зорилготой бөгөөд авлигатай тэмцэх, оргодлыг олж илрүүлэх, алдагдсан хөрөнгийг эргүүлэн авах Хятадын үйл ажиллагаанд саад учруулах зорилготой байгаа талаар тус улсын Үндэсний Хяналтын Хорооны цахим хуудсанд 11 дүгээр сарын 18-ний өдөр мэдэгдэв.

Шү Жин болон түүний эхнэр Лиу Фан нар нь авлигын хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж буй хэрэгтнүүд юм. Тэд 2011 онд хуурамч бичиг баримт ашиглан АНУ-руу зугтсан талаар мөн энэхүү мэдэгдэлд тусгажээ.

Америк Хятадын хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй тул гадаад улсыг төлөөлж тодорхой албан тушаалтан Америкийн Ерөнхий Прокурорын газарт бүртгүүлж, мэдэгдэх шаардлагатай байдаг байна. Иймд АНУ нь авлигач албан тушаалтнуудын зугтах дуртай улсын нэг болдог талаар Хятадын авлигатай тэмцэх байгууллагаас мэдээлжээ.

Үндэсний хяналтын хороо нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Хятадын Коммунист намын Ёс зүйн төв хороотой хариуцлага, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байдлаар ажилладаг байна. Тус хорооноос 11 дүгээр сарын 09-ний өдөр Хятад улс авлигын эсрэг олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй сурталчилж, дэлхийн өнцөг булан бүрээс оргодол, алдагдсан хөрөнгийг олж илрүүлж буй талаар мэдэгджээ.

2014 оноос 2020 оны 06 дугаар сарын хооронд 120 гаруй улсаас 7831 оргодлыг баривчилж Хятад Улсад эргүүлэн авчирч, 3 тэрбум гаруй ам.долларын хууль бус хөрөнгийг хураасан байна. 11 дүгээр сарын 11-ний өдөр холбогдох байгууллагаас Хятад улс нь оргодол шилжүүлэх, шүүхийн туслалцаа үзүүлэх, хөрөнгө буцаан авах зэрэг хэлэлцээрийг нийт 81 улстай байгуулсан талаар мэдэгдэв.

Шү Жин нь Хубэй мужийн Ухань хотын Хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байжээ. Тэрээр өөрийн эрх мэдлийг урвуулан ашигласан мөн хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Хятадын Засгийн газрын мэдээлснээр 2010 онд Шү Жин нь хуурамч бичиг баримт ашиглаж АНУ-ын ногоон карт авсан бөгөөд 2011 онд эхнэрийн хамт зугтсан байна. Түүний эхнэр Лиу Фан нь Чайна Лайф Даатгал корпорацийн Хубэй муж дэх салбарын дэд захирлаар ажиллаж байсан ба мөн адил авлигын гэмт хэрэгт сэжиглэгдэж байна.

2012 оноос хойш Хятадын эрх баригчид АНУ-ын талд эрүүгийн шүүхийн туслалцаа хүссэн гурван хүсэлт гаргаж, Шү Жин, Лиу Фан нарын сэжиглэгдэж буй авлигын гэмт хэргийн мэдээлэл, нотлох баримтаас гадна хууль бус мөнгө шилжүүлсэн үйлдэл болон цагаачлалын бичиг баримт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй үйлдлийн талаар мэдээлэл хүргүүлсэн байна. Гэвч АНУ-ын тал шаардлагатай дэмжлэг үзүүлээгүй талаар мэдэгдэлд тусгажээ.

АНУ нь хэдийгээр энэхүү гэр бүлийн үйлдсэн гэмт хэргийн талаар бүрэн мэдээлэлтэй байгаа боловч Хятад Улсыг “тэрс үзэлтэн” намнаж байна хэмээн буруутгаж байна. Мөн одоогоор 20 оргодол АНУ-д орогнож байгаа бөгөөд АНУ-ыг олон улсын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж амлалтаа биелүүлэхийг уриалж байгаа талаар нэмж мэдэгджээ.

                 Эх сурвалж

                           

Сибирийн хотын захирагчийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилж, албан тушаалаас нь чөлөөлөв

ОХУ-ын Томск хотын захирагч Иван Клианыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулж өнгөрсөн долоо хоногт баривчилсан ба түүнийг албан тушаалаас чөлөөлөхөөр шүүх шийдвэрлэсэн байна.

Томск хотын Киров дүүргийн шүүхээс 11 дүгээр сарын 18-ны өдөр Клианыг өөрийн гэр бүлийн аж ахуйн нэгжийн ойролцоо барилга барих зөвшөөрөл олгохоос хууль бусаар татгалзсан үйлдэлд холбогдуулан мөрдөн шалгах хугацаанд цагдан хорихоор шийдвэрлэжээ. Тэрээр 11 дүгээр сарын 13-ны өдөр цагдан хоригдсон бөгөөд 2 сар гаруйн хугацааг өнгөрүүлж магадгүй байгаа юм. Түүний өмгөөлөгч цагдан хорих шийдвэрийг давж заалдсан талаар мэдэгджээ.

Түүний эхнэр Галина Клайныг цагдаагийн үйл ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр мөн мэдүүлэг авахаар дуудсан байна. Хэрэв Галин Клайн нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан нь тогтоогдвол 10 хүртэл жилээр хоригдож магадгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичжээ.

Мөрдөн шалгах хорооноос мэдээлснээр Иван Клайн нь 2016-2017 оны хооронд өөрийн эзэмшдэг Томск шар айрагны компанийн ойролцоо барилга барих зөвшөөрлийг олгохоос хууль бусаар татгалзсан үйлдэлд холбогдон шалгагдаж байна.

61 настай Клайн нь 2013 оноос тус хотын захирагчаар ажиллаж байгаа юм. Үүнээс өмнө тэрээр бүс нутгийн томоохон үйлдвэрийн нэг болох Томск шар айрагны компанийн ерөнхий захирлаар 1994 оноос хойш ажиллаж байжээ.

Түүнийг хотын захирагчаар томилогдсоны дараагаар эхнэр Галина Клайн нь Томск шар айрагны компанийн Байгууламж хариуцсан ерөнхий захирлаар сонгогдсон байна.

2013 онд Коммерсант сонинд Клайн тус компанийн 51 хувийг, түүний эхнэр 20 хувийг тус тус эзэмшдэг талаар мэдээлжээ. Иван Клайн нь 2006 оноос хойш авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй Сибирийн хотын 3 дахь захирагч юм.

              Эх сурвалж

Казахстан Хятадын хил дээрх цахим систем авлига, ачааллыг нэмэгдүүлсэн байна

Казахстан Хятадын худалдаа, хилийн хөдөлгөөнийг шинэчлэх зорилготой суурилуулсан цахим систем нь ердөө л авлигийг өөгшүүлж, хэвийн үйл ажиллагааг удаашруулж байгаа талаар Нурсултан дахь хууль санаачлагчид мэдээлжээ. Зарим тохиолдолд ачааны машин хилээр гарахын тулд олон сарын турш хүлээх шаардлагатай болсон байна.

“365info” цахим хуудсанд мэдээлснээр 11 дүгээр сарын 16-ны өдөр парламентын бага танхимын төлөөлөгчид энэхүү асуудлыг электрон дарааллын системээс үүдэлтэй хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү програм нь зөвхөн тээврийн хэрэгслийн дарааллын дугаарыг харуулдаг бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн өмнө болон хойно ямар автомашин байгааг харуулдаггүй байна. Үүнээс улбаалан дараалалд зогсож буй зорчигчдын хооронд үл итгэлцэл үүсч байгаа юм. Учир нь зарим тээврийн хэрэгсэл олон сар дараалалд хүлээж байхад зарим нь долоо хоног бүр саадгүй зорчдог талаар бага танхимын төлөөлөгчдийн Ерөнхий сайд Аскар Маминд хаягласан захидалд тусгажээ.

Электрон дарааллын системийн дагуу Казахстаны хил дээр 6000 гаруй ачааны машин хилээр гарахаар хүлээж байгаа юм. Бизнес эрхлэгчид ийнхүү удаан хугацаагаар хүлээснээр бараа хүргэх хугацаа хэтэрч, зарим гэрээ цуцлагдахад хүрч буй талаар гомдол гаргажээ.

2018 оны 09 дүгээр сард шинэчлэгдсэн Нур Жоли-Хоргос боомтыг ихээхэн хүлээлттэй үйл ажиллагаанд оруулжээ. Казахстаны Сангийн яам уг байгууламжийг “дэвшилтэт технологи, инновацын шийдэл” ашиглаж барьсан бөгөөд боомтын үйл ажиллагааг 30 дахин нэмэгдүүлж, өдөрт 2500 автомашин зорчих боломжтой болсон талаар онцолж байв. Хилээр зорчих иргэдийн тоо 18 дахин өсч 15 мянгад хүрэхээр төлөвлөгдсөн байна.

Ложистикийн удирдлагын автомат систем нь бүрэн автомат байдлаар ажиллаж үйл ажиллагааг хурдасгах байв. Албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зам, эх хүүхдэд зориулсан өрөө, 250 м.кв хүлээлгийн өрөө, кафе, татвараас чөлөөлөгдсөн бүс болон дээд зэрэглэлийн лоунжтай талаар сайшааж байв.

Гэвч бодит байдал дээр шинэ шалган нэвтрүүлэх цэг нь өмнөх асуудалтай дахин нүүр тулгарчээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хилийн боомт дээр ачааны машинууд бөөгнөрч буй талаар мэдээлсэн байна. Тухайн үед Сангийн яамнаас энэхүү бөөгнөрлийг цар тахлаас хамаарч Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж буй арга хэмжээнээс үүдэлтэй талаар мэдэгдсэн.

Гэвч хоёр сарын дараа Авлигатай тэмцэх албанаас гаалийн албан хаагчдыг улсын хилээр саадгүй зорчуулах хүрээнд системтэйгээр авлига авсан гэмт хэрэгт холбогдуулан баривчилжээ. Ачаа тээврийн жолоочид өмнөх дарааллын системд эргэн орохыг шаардсан байна.

      Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх