Боломж олдсон дээр нь хэлье гэснээ хэлж, захих зүйлээ дайгаарай


2016/11/15  2742   0


Авлигатай тэмцэх газрын комиссарууд долоо хуваагдан орон нутгийг зориод байна. Мөрдөн байцаагч нар нь бол АТГ-ын байрандаа ажлаа хийгээд үлдсэн. Явсан хэдийн нэг хэсгийг нь АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, нөгөө хэсгийг нь Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр болон АТГ-ын газар, хэлтсийн дарга нар ахалж яваа юм. АТГ-ынхан өмнө нь орон нутгийг хяналт шалгалтаар, соён гэгээрүүлэх чиглэлээр болон сургалтаар зорьдог байсан. Төрийн албан хаагчдад хууль сурталчлах, онилсон зарим байгууллагаа шалгах гэж, байцаан шийтгэх ажиллагаа явуулах гэж зорьдог байсан. Харин энэ удаагийнх өмнөхөөсөө арай өөр. Тэд иргэдээсээ мэдээлэл цуглуулж байна. Ер нь бол АТГ орон нутагт хөлгүй байгууллага. Яг сумын төвд, танай багт юу болж байгааг иргэд АТГ-т матахгүй бол тус газрынхан нарийн нягт мэдэхгүй. Тийм боломж ч байхгүй. Энэ утгаараа АТГ-ынхан орон нутагт ажиллаж байгаа нь иргэдийн хувьд эрх мэдэлтний, дарга нарын хууль бус үйл ажиллагааг илчлэх сайхан боломж юм.

Өнгөрсөн жилүүдэд орон нутагт хэн гээч албан тушаалтан төсвийн хөрөнгийг завшив, яаж эрх мэдлээ хэтрүүлэв, иргэдийг яаж хохироов гэдгээс авахуулаад шинэ засгийн өнгөн дээр ажил авсан дарга нар төрийн албан хаагчдыг яаж хольж, сольж байгааг АТГ-ынханд мэдэгдэх боломжтой. Ялангуяа чөлөөт зах зээлийг дэмждэг манай улсад бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үг АТГ-ынханд үнэтэй байх. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө хаашаа явдаг, хэний хамаатан, найзад очдог, тендер яаж явдгийг орон нутгийн бизнес эрхлэгчид хамгийн сайн мэднэ.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгөөр сонгуульд оролцож байсан УИХ-ын гишүүн сайд хийж байхад сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр ТҮЦ бариад суучихсан түшмэл ч байдаг юм. Замын барилгын, засвар тохижилтын хөрөнгө хаашаа урсдагийг дэргэд нь байгаа орон нутгийн иргэд мэднэ. АТГ-ынхан өөрсдөө зориод ирж байхад хууль бус үйлдлийг илчилж, таслан зогсоох нь нэг талаар иргэний үүрэг. Ийм учраас боломж олдсон дээр нь хэлье гэснээ хэлж, захих зүйлээ дайгаарай.

Өнөөдөр л гэхэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрийн ахалсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэд энэ сарын 16 хүртэл Баянхонгорт ажиллаад, арваннэгдүгээр сарын 18-21-нд Говь-Алтайд, дараагаар нь Завханд 23-25-нд, Тосонцэнгэлд 27-28-нд ажиллана. Аймаг, сумын иргэд АТГ-ынхантай уулзахыг хүсвэл, мэдээлэл өгөх бол АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулууны 99106130 дугаараар холбогдох боломжтой.

АТГ-ын нөгөө групп Булганаар дайраад Сэлэнгэ аймагт явж байгаа сурагтай. Тэд өнөөдөр, маргааш Сэлэнгэд, 16-17-нд Дархан-Уул аймагт, 18-19-нд Зүүнхараагийн иргэдтэй уулзана. Тэдэнтэй уулзахыг хүсвэл 99882388 дугаарын утсаар АТГ-ын ажилтан Б.Баяртөгстэй холбогдох юм.

Эдгээр өдөр Ховдод ажиллаж буй АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууц албаны дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт энэ сарын 16-18-нд хүрнэ. Баян-Өлгийгөөс Увс аймагт арваннэгдүгээр сарын 21-23-нд ажиллах юм байна. Очсон газар бүртээ аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагч, бизнес эрхлэгчид, нутгийн иргэдтэй уулзаж байгаа юм. Увс, Ховд, Баян-Өлгийн иргэд АТГ-ынханд хандахыг хүсвэл Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр /утасны дугаар 96013633/-тай холбогдох боломжтой.

Өнгөрсөн долоо хоногт Архангайд ажилласан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хөвсгөлд иргэдтэй уулзаж байна. Хөвсгөлөөс энэ сарын 16-нд гарч Орхон аймгийнхантай арваннэгдүгээр сарын 17-19-нд хоёр хоног уулзана. Иргэд тэдэнд мэдээлэл дамжуулах бол, уулзахыг хүсвэл Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Дэлгэрбаярын 99272185 дугаараар холбогдоорой.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очирын ахалсан ажлын хэсэг Говьсүмбэрт ажиллаж дуусаад өнөөдөр Дорноговьд ажлаа эхлээд байна. Дорноговийн төвд хоёр хоног ажиллаад Замын-Үүдэд 17-18-нд ажиллах ажээ. Үүний дараагаар Төв аймагт энэ сарын 19-21-нд ажиллах АТГ-ынхантай иргэд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Д.Балдандоржийн 88112812 утасны дугаараар дамжуулж уулзаж болох юм.

Дундговиос ажлаа эхлүүлсэн долоо дахь ажлын хэсэг өнөөдөр Өмнөговийн Цогтцэцийгээс хөдлөөд Ханбогдод хүрчээ. Энэ ажлын хэсгийг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар ахалж байна. Тэд арваннэгдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Өмнөговь аймагт, 20-23-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт, 23-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллана. Дээрх аймаг, сумын иргэд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд хандахыг хүсвэл тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Ө.Оюунжаргалтай 88005541 утсаар холбогдож болно.

Г.Улсболд 

 Эх сурвалж: http://itoim.mn/index.php/site/news/7116

2016.11.14.

Write comment