Боловсролын салбарыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил эрчимжинэ


2020/09/09  560   0


Авлигатай тэмцэх газрын төлөөлөл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй уулзаж, боловсролын салбарын авлигын нөхцөл байдлыг танилцуулж, боловсролын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын явцад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Боловсролын салбар нь авлигын эрсдэлтэй салбарт тооцогддог. “Шударга байдлын үнэлгээ” судалгааны дүнгээр доогуур оноо авч үнэлгээ нь буурсан таван яамны нэг. Иймд энэхүү нөхцөл байдлыг өөрчлөх шаардлага байгаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан зарим асуудал Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нь хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж гэж харж байна. Энэ Засгийн газар цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд иргэдийн бухимдал, хүнд суртал, хүндрэл бэрхшээлийг үүсгэдэг олон асуудлыг шийдвэрлэх боломжийг олгож байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны үзүүлдэг үйлчилгээ эхнээсээ цахимд шилжиж байгаа нь авлигаас урьдчилан сэргийлэх ажилд маш том дэмжлэг болох болно“ гэв. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Ерөнхий боловсролын сургуулиудад “Сурагч хөгжлийн төв” байгуулах, их, дээд сургуулиудын хувьд “Сайн дурын ажил” хөтөлбөр хэрэгжүүлэх, 2021 оноос тусгай зөвшөөрөл, эрх олгох үйлчилгээ, багш нарт зориулсан сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг ажлыг системтэйгээр явуулна. Газар зүйн мэдээллийн системийг салбартаа нэвтрүүлнэ” хэмээн боловсролын салбарт өрнөх шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл өгч, салбарын хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын дүнд боловсролын салбарын үйлчилгээтэй холбоотой иргэд, олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулдаг авлигын эрсдэлтэй гэж үздэг асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр журам, дүрмийг нягтлах, салбарын албан хаагчдад зориулсан сургалтыг шинэлэг арга хэлбэрээр явуулах, олон нийтийг мэдээллээр хангах ажлыг сайжруулах, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сургах багц сургалтын хөтөлбөрт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвийг тусгах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх