Давхар ажил эрхлэлттэй холбоотой хориглолт зөрчиж, хууль бус цалин, тэтгэвэр авсан зөрчлийг тогтоож хариуцлага тооцов


2020/03/13  624   0


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал буюу үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэх, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг хянан шалгаж байна. Өнгөрсөн онд хуулиар зөвшөөрснөөс өөр давхар ажил эрхэлж урамшуулал, цалин авсан, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн зэрэг хэд хэдэн зөрчил илрүүлж буруутай этгээдэд хариуцлага тооцуулсан талаар мэдээлж байсан.

Хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд албан тушаалтнаар ажиллах үедээ үндсэн ажлын хажуугаар аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан давхар ажил эрхэлж цалин хөлс авсан, нийгмийн даатгалын шимтгэлийг хууль бусаар төлүүлсэн, худал мэдээлэл гаргуулж тэтгэвэр, тэтгэмжийг үндэслэлгүйгээр тогтоолгосон зэрэг Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг тогтоож буруутай этгээдэд хариуцлага тооцуулав. Тухайлбал, иргэн “Г” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Х” компанитай гэрээ байгуулах замаар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн. Улмаар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хуурамч бичиг баримт бүрдүүлэн тайланг мэдүүлсэн нь шалгалтаар тогтоогдож “Х” компанийг Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-д заасныг үндэслэн 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Харин аж ахуйн нэгж байгууллагаар хуурамч бичиг баримт гаргуулан 2019 онд тэтгэвэрээ тогтоолгосон “Г”-д Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн акт тогтоож, илүү олгогдсон тэтгэвэрийн мөнгийг буцаан төлүүлж, түүний тэтгэвэрийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөн тогтоосон байна.

 

Нийтийн албан тушаалтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д заасны дагуу үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхийг хориглосон байдаг. Иймд аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд нь Нийгмийн даатгалын хуульд заасны дагуу холбогдох тайлан мэдээг үнэн зөв гаргах, нийтийн албан тушаалтны нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлж хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Барилга, хот байгуулалтын яам, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зэрэг яамдын нийтийн албан тушаалтны давхар ажил эрхлэлттэй холбоотой зөрчлийг хянан шалгах ажлыг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх