Экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг нэн даруй журамлах шаардлагатай


2019/06/04  194   0


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хангах хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг танилцлаа.

Амьтан, ургамал, түүхий эд, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхэд импортын мэдэгдэл, экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээний нөхцөл байдлыг Ажлын хэсэг тодорхойлсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үзүүлдэг төрийн үйллчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлэхэд чиглэгдсэн 8 зүйл бүхий зөвлөмж хүргүүлсэн юм. Уг зөвлөмжийн мөрөөр тодорхой ажлууд хийгдэж байна. Тухайлбал, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх чиглэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажлын хэсгийг байгуулж, 11 ажлыг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2019 онд экспорт, импортын бараанд эрүүл ахуйн болон эрүүл мэндийн дүгнэлт гаргах, экспортын гэрчилгээ болон импортын мэдэгдэл олгох үйл ажиллагаа, цацрагийн үүсгүүр импортлох, экспортлох, тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгох цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлэр олгож буй үйл ажиллагааг цахимжуулах, “Inspector” ухаалаг гар утсанд суурилсан гомдол, санал хүлээн авах системийг дотоод нөөц боломжоо ашиглан нэвтрүүлэхээр ажлууд эхлүүлжээ.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон гэрчилгээ, мэдэгдлийн жагсаалтыг сар бүрээр байгууллагынхаа цахим хуудасны хэрэглэгчийн булан хэсэгт байршуулан олон нийтэд мэдээлж, түүнтэй холбоотой санал авах нөхцөлийг бүрдүүлсэн байх боловч энэ ажлыг тогтмолжуулаагүй байна. Улсын байцаагчийн хорио цээрийн нарийвчилсан үзлэг хийж, лабораторийн шинжилгээнд өгсөн дээжийн хариуг онлайн болгох, төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал, эмнэлгийн ерөнхий газрын удирдлагын түвшинд уулзалт зохион байгуулж, зарим шинжилгээний хариуг онлайн хэлбэрээр өгч эхэлсэн байна. Импортын мэдэгдэл, экспорт, импортын гэрчилгээ олголтын үйл ажиллагааг хөндлөнгийн хяналтад оруулах үүднээс “Нэг цэгийн үйлчилгээ”-ний дэргэд камер бүхий “Шилэн уулзалтын өрөө”-г тохижуулж, гэрчилгээ олгохтой холбоотой бичиг баримтын бүрдлийн жагсаалтыг тодорхой болгож, уулзалтын өрөөнд болон цахим хуудсанд байршуулсан байв.

Тухайн үйлчилгээтэй холбоотой хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж, улсын хяналтын мэргэжлийн байцаагчдын хянаж байгаа иргэдийн хүсэлтийг “ABBLE” програмын хүрээнд хяналтын явц байдал, шийдвэрлэлтэд хяналт тавьж эхэлжээ. Гэвч мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, мониторинг хийх ажлыг хэвшүүлэх чиглэлээр тодорхой ажлын эхлэл тавигдаагүй байв. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны А/40 дүгээр тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагын Ёс зүйн зөвлөлийг байгуулж, “Ёс зүйн дүрэм”-ийн төслийг Авлигатай тэмцэх газраас санал авсны үндсэн дээр боловсруулж, улмаар батлан хэрэгжүүлж байгаа юм байна. Түүнчлэн авлигад өртөх эрсдэлтэй ажил, үйлчилгээг тодорхойлохоор ажиллаж байна.

 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтийг хангах чиглэлээр ажлын төлөвлөгөө баталж, тодорхой ажлуудын эхлэл тавигдсан, хэрэгжилтийн шатанд байна. Гэвч амьтан, ургамал түүхий эд, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг хилээр нэвтрэх  импортын мэдэгдэл, экспорт, импортын гэрчилгээ олголтын үйл ажиллагааны журмыг нэн даруй батлуулах шаардлагатай байгааг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс зөвлөж анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх