ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА


2019/04/22  149   0


АТГ-аас манай аймгийн Боловсролын байгууллагуудад авлига, ашиг сонирхлын байдал газар авсан талаар олон нийтэд мэдээлээд байгаа. Энэ талаар манай сэтгүүлч АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа.

-Дархан-Уул аймагт АТГ-ын ажлын хэсэг ажиллаж, илрүүлсэн зөрчил дутагдлуудын талаар олон нийтэд мэдээллээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Дархан-Уул аймгийн Боловсролын салбарын худалдан авах үйл ажиллагаа, тендер сонгон шалгаруулалт, хандив тусламж авч байгаа нөхцөл байдлын талаар гомдол санал ирсний дагуу Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг тус аймагт томилогдон ажилласан. Энэхүү хяналтыг Иргэний хяналтын гишүүдийхээ оролцоо туслалцаа дэмжлэгтэйгээр явууллаа. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн бүх, сургууль цэцэрлэг хамрагдаагүй. Нэр бүхий 18 цэцэрлэг, 9 сургуулийн үдийн цай хөтөлбөр, хандив тусламж болон худалдан авах үйл ажиллагааны нөхцөл байдлыг хянан үзэж шалгасан. Шалгалтын явцад орон нутагт худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсонтой холбогдон Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж газар дээрээ бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгаа нь харагдаж байлаа.

-Тодруулбал ямар хуулийн зөрчлүүд илрэв?

-Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа босго үнийн дүнгээс хамааранхарьцуулалтын аргаар явуулах, шууд худалдан авалт хийх, нээлттэй тендер, сонгон шалгаруулалт зарлах зэрэг хэд хэдэн зүйл байдаг. Гэтэл хуулийн 8-р зүйлд заасныг зөрчиж, хэд хэдэн худалдан авах үйл ажиллагааг салгаж явуулаад байна. Ингэж салгаж гэрээ байгуулахдаа цэцэрлэгийн эрхлэгч нар өөрсдийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулсан зөрчлүүд илэрсэн. Энэ нь 2012 оны тавдугаар сарын 01-ээс хэрэгжиж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тус хуулиар албан тушаалтанд тавигдсан гол хориглолт нь хамаарал бүхий этгээдийнхээ хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргах, гэрээ байгуулах, хамтран ажиллах, хяналт шалгалт хийхийг хориглосон байдаг. Гэтэл худалдан авах үйл ажиллагаа явуулахдаа өөрийнхөө ах дүү, хамаатан садантай шууд гэрээ байгуулж, бүтээгдэхүүн нийлүүлсэн зүйлүүд байна. Мөн нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарласан хэрнээ өрсөлдөх үйл ажиллагаатай холбоотой тодорхой хууль тогтоомжуудийг зөрчиж, хэд хэдэн компани л давамгай байдлаар оролцоод байгаа юм. Нэг ёсондоо бараг сүлжээ маягтай. Жишээ нь Дархан-Уул аймгийн худалдан авах үйл ажиллагааг харахаар нэр бүхийн 2-3 компаний нэр л яваад байдаг. Тухайлбал “Арцат алтайн уулс” компани нь нэр бүхий 11 цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх орцод орсон байгаа. Магадгүй энэ нь хүчин чадлын хувьд сайн компани байж болно. Гэхдээ хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлаад, шаардах шалгуур үзүүлэлтийг нь хангаад гараад ирсэн компани мөн үү? Энэ нь хууль тогтоомжиндоо нийцэж байна уу гэдэг дээр анхаарал татсан зүйлүүд бол бий. Мөн худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоос гадна бусдад давуу байдал олгосон нөхцөлүүд байна. Ажлаас чөлөөлөгдчихсөн, ажил хөдөлмөр эрхлээгүй хүний нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч асуудал гарсан.

-Цэцэрлэгүүд хандив нэрээр эцэг эхчүүдээс мөнгө татан төвлөрүүлсэн гэх 130 гаруй сая төгрөгийн асуудлыг тавьсан байсан?

-Тийм. Худалдан авах үйл ажиллагаанаас гадна хандив авахтай холбоотой зөрчлүүд байгаа. Хандив авч болохгүй гэж бүгдийг нь хязгаарлачихсан юм бол байхгүй. Гэхдээ ямар тохиолдлуудад авч болох, авахдаа яах ёстой гэдгийг хуулиар зохицуулаад өгчихсөн байгаа. Дээд шатныхаа байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, тэдгээрийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу хандив, тусламж авч болно. Мөн хандив авах хэд хэдэн нөхцлүүд байдаг. Гэтэл энэ хууль тогтоомжоо мэдэхгүйгээс Сангийн сайд, Боловсролын сайд нарын хамтарсан журмаа зөрчөөд тэгшитгэсэн байдлаар хандив авсан байна. Тэгээд түүнийгээ төрийн санд төвлөрүүлээгүй. Зөвхөн 2017, 2018 онд гэхэд л нэр бүхий 16 цэцэрлэг эцэг, эхчүүдээс нийт 132 сая төгрөгийн хандив авчихсан байна. Энэ хандивыг юунд зарцуулсныг нээлттэй ил тод мэдээлж, төрийн сандаа төвлөрүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүдээс ирдэг гомдол мэдүүлгийн дийлэнх нь энэ асуудлыг тавьсан байдаг.

-Зөрчлийн шалтгаан, нөхцөлийг хэрхэн дүгнэж байна?

-Хүмүүстээ наад захын худалдан авах үйл ажиллагааг хэрхэн яаж явуулах талаар сургалт, сурталчилгааны ажлыг ерөөсөө явуулаагүй байна. Хуулиа мэдэхгүйгээс, дүрмээ мэдэхгүйгээс ийм зөрчил гаргах хэмжээнд хүрээд байгаа юм болов уу. Ялангуяа худалдан авах үйл ажиллагаа, төсөв санхүүтэй холбоотой, тэдгээрийн ил тод байдал, гүйцэтгэлд нь хяналт тавих ёстой. Дотоод хяналт сайн байх ёстой. Сургалт, сурталчилгааны ажлууд сайн байх ёстой. Иймээс бид Дархан-Уул аймагт заавар, зөвлөмж, даалгавар хүргүүлэхээр ажиллаж байна.

-Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ удаагийн ажил бол ийм нөхцөл байдал тогтоогдлоо, энийг арилгаж, хууль тогтоомжинд нийцүүл гэдгийг хэлж байна. Өмнө нь ч бас 2018 онд Дархан- уул аймгийн Шарын гол суманд ажилласан. Тэгэхэд дан ганц цэцэрлэг гэхгүй худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд илэрч байсан. Арга хэмжээ аваарай гээд зөвлөмжүүд өгсөн. Гэтэл дахиад зөвхөн боловсролын салбарт нь хяналт шалгалтын ажил явуулахад ийм зөрчлүүд илэрлээ. Тэгэхээр зөвлөмжийн мөрөөр дорвитой арга хэмжээ авахгүй байна уу. Яагаад салбар болгонд нь ийм зөрчил гараад байна гэдэг дээр ч хүртэл бид цаашдаа ажиллана. Эргээд энэ бүхэн хүнсний аюулгүй байдал, хүүхдийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой. Одоо сенсацлаад л хэдэн цэцэрлэг сургууль ингэсэн байна гээд байгаа асуудал биш юм. Аймгийн удирдлагууд үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай. Хууль тогтоомждоо нийцүүлж, дотоод хяналтаа сайжруулах, холбогдох албан тушаалтныг мэдээлэл арга зүйгээр хангаж ажиллах хэрэгтэй байна. Мөн зарим нэг гэмт хэргийн шинжтэй, тодорхой болсон зүйлүүд ч бий. Үүнд ямар арга хэмжээ тооцох, цаашлаад эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байдал юу байна гэдгийг нягталж үзнэ. Энэ удаад тогтоогдчихсон ерөнхий нөхцөл байдал нь ийм байна гэдгийг л бид олон нийтэд мэдээлээд байгаа.

-Өчигдөр манай сэтгүүлчийг уулзахад тус аймгийн Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга, Боловсролын газрын дарга нар нь асуудлыг сайн судлаагүй, зөвлөмжтэй нь танилцаагүй байна гэсэн байсан?

-Зөвлөмж одоогоор очоогүй байгаа. Ер нь салбарын хууль тогтоомжоо хэрэгжүүлээд, санал санаачилга гаргаад, цэцэрлэгийнхаа үйл ажиллагааг зохион байгуулаад сайн ажиллаж байгаа хүмүүс байгаа. Тэрийг бид үгүйсгээгүй. Харин салбарын хууль тогтоомжид зааснаас гадна, төсөв санхүү худалдан авах үйл ажиллагаа, авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийгээгүйн улмаас энэ мэт зөрчлүүд гараад байна. Хууль тогтоомжоо мэддэг, судалдаг, улмаар боловсон хүчнээ мэдээлэл арга зүйгээр хангаж ажилладаг байх хэрэгтэй. Үүнийг л бид тус аймгийн удирдлагад удаа дараа тавиад байгаа юм. Дархан-Уул аймаг бараг л хотын статустай, хүн ам төвлөрсөн том газар. Гэтэл яахаараа тэнд хоёр гуравхан компани давамгай байдлаар тендерт шалгараад байдаг юм. Энэ хэний хамааралтай ямар компани юм. Эдгээр зүйлүүдийг бид цаашид нарийвчлан шалгана.

Эх сурвалж:

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх