ГУРВАН ҮСЭГТЭЙ ГАЗАР БАЙГААГҮЙСЭН БОЛ...


2018/12/09  1408   0


ДАШБАЛБАРЫН МӨНГӨНДАЛАЙ

Авлигатай тэмцэх газрыг АТГ гэж товчилж нэршээд хэдийнэ тогтжээ, бид. Сүүлийн үед өнөөх гурван үсэгтэй газар гэж хэлдэг болов. Хуулийн байгууллага дандаа сайн нэртэй байдаг биш дээ. Ямар нэг хэрэг төвгийн араас байнга л хөөцөлдөнө. Тэгээд ч гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хэзээ байтлаа л “Би буруутай” гэдэг байлаа. Мэдээж хуулийн байгууллага хүлээсэн үүргийнхээ хүрээнд хэргийг илрүүлэх гэж мөрдөнө, мөшгөнө, байцаана.

Хэрвээ энэ гурван үсэгтэй газар байгаагүй бол гэж та бодож үзсэн үү. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн манай улсад зайлшгүй байх ёстой газар бол АТГ. Яагаад гэвэл хүн болгон хөрөнгөтэй болж, их, бага мөнгөтэй харилцаж байгаа нь чөлөөт эдийн засгийн нэг ололттой тал. Гэвч үүнийг дагаад авлига, хээл хахууль газар авдаг үзэгдэл бас байна. Аливаа ажил төрөл авлигаар шийдэгддэг болсон нь улс орны эдийн засагт нүүрлэсэн хамгийн том гамшиг. Та бидний хуруу хумсаа хугалан байж олсон татварын хэдэн төгрөгийг хэн нэгэн эрх мэдэлтний гарын үсэг зурах төдийхнөөр хулгайлах нь таатай зүйл мөн үү. Улсын хөрөнгө, концессын гэрээгээр хийгдэх олон тэрбумын төсөвтэй тендерүүдийг цөөн хэдэн хүн хуваагаад идэх нь шударга явдал гэж үү. Том дүнтэй төсөл, хөтөлбөрүүдэд улс төр хамгийн их нөлөөлдөг нь АТГ-ын илрүүлж байгаа хэргүүдээс бэлхнээ харагддаг. Жишээлбэл, бүтээн байгуулалтын 100 ажлын хорь, гуч нь авлигаар шийдэгджээ гэж бодъё. Хууль бусаар явуулж байгаа эдгээр ажлаас АТГ арвыг нь илрүүлсэн байхад л асар их том мөнгө гарна даа. Авлигын хэргийг толгой дараалан илрүүлнэ гэдэг амаргүй. Хуулиндаа авлига өгсөн, авсан хоёулаа бурууддаг болохоор тэр бүр ил болоод байдаггүй. Магадгүй энэ гурван үсэгтэй байгууллага байгаагүй бол албан тушаалтнуудын идэж, уусан хэргүүдийн зах зухаас нь өнөөдөр бид мэдэх ч үгүй нүдэн балай, чихэн дүлий гэгчээр таг сууцгааж байх байсан биз ээ.

АТГ дөнгөж арав гаруйхан жилийн өмнө байгуулагдсан гэхэд чамгүй их ажил хийжээ. Хэдэн арван тэрбумаар хэмжигдэх мөнгөн дүнтэй томчуудын гэх хэргийн араас тэд л хөөцөлддөг. АТГ илрүүлсэн, шалгаж байгаа хэргүүдээс хэдэн тэрбум илрэх чухал биш. Албан тушаалтнуудад төрийн мөнгө хяналттай гэдгийг мэдрүүлснээр дараагийн олон тэрбумыг хулгайлах замыг хаадаг нь АТГ байсны л үр шим. Энэ нь улсын эдийн засагт хичнээн чухал билээ. Тэд авлига авсан хүмүүсийг илчилж, зарлахаасаа урьдаар ийм хэрэг давтагдуулахгүйн тулд соён гэгээрүүлэх ажлыг түлхүү явуулдаг. Ойрын жишээ гэхэд боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон хэлэлцүүлгийг өрнүүллээ. ЖДҮ гэж яригдаад байгаа энэ санг яаж авлигаас ангид хөгжүүлэх талаар өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулсан. Бас төрийн албан хаагчдыг татвараас ангид байхыг уриалсан “Бичгийн хавчаар” аяныг явуулж байна. Бичгийн хавчаарыг авлигын эсрэг хийж буй үйлдлийн бэлгэ тэмдэг болгон, үнэт зүйлдээ үнэнч, шударга ёсыг эрхэмлэгч залуусын гоёл байх эерэг шийдэл. АТГ-ын хамгийн том саад бол улстөрчид байдаг. Анхны дарга Австрид учир битүүлгээр нас барсан. Хоёр дахь дарга нь төсөв хэтрүүлсэн гэгдээд шүүхийн хаалга татсан. Өнөөдөр гурав дахь даргыг хугацаанаас нь өмнө огцруулах хүчтэй лобби явж байна. Аливаа авлигын хэрэг илрэхэд ард түмэн АТГ авлигатай тэмцэж байна гэж хардаг. Харин томоохон хэрэг илрэх болгонд улстөрчид АТГ-ыг буруутгаж эхэлдэг. Эдийн засагчдын хэлж буйгаар өнөөдөр далд эдийн засгийн 30 хувь л илэрсэн гэдэг судалгаа бий. Тэгвэл үлдсэн 70 хувийг хулгайлагсад хэзээ нэгэн цагт ил болох нь дамжиггүй.

Гурван үсэгтэй газар байгаагүй бол яах байсан бол...

Эх сурвалж

   

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх