Иордан улс Авлигатай тэмцэх газрынхаа бүрэн эрхийг өргөжүүлэв


2020/06/19  177   0


Иорданийн Засгийн газраас ням гарагт авлигатай тэмцэх хууль эрхзүйн арга хэмжээг чангатгаж, татвар хураалт болон татвараас зайлсхийхээс сэргийлэх талаар илүү их хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдлээ.

2020 онд Шударга байдал, Авлигатай тэмцэх хорооны хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь Авлигатай тэмцэх хороонд болзошгүй гэмт хэргийг илүү өргөн цар хүрээтэй шалгахад бие даасан байдал болон эрх зүйн хувьд дэмжлэг үзүүлэх болно гэж Засгийн газраас хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.

Уг хуулийн гол нэмэлт өөрчлөлт нь Иорданийн Шударга байдал, Авлигатай тэмцэх хорооны Засгийн Газраас хараат бус, санхүүгийн болон засаг захиргааны хувьд бие даасан байдлыг илүү нэмэгдүүлж, тус хороонд саяхан батлагдсан Эдийн засгийн гэмт хэргийн тухай хуулийн дагуу авлигын хэргийг шүүж шийдвэрлэх эрх мэдлийг олгож байгаа явдал юм.

Парламентаар батлуулахаар өргөн барьсан уг хуулийн өөрчлөлтийн дагуу Шударга байдал, Авлигатай тэмцэх хороо нь мөнгө угаах, татвараас зайлсхийх, ашгаа нуун дарагдуулсан зохисгүй үйлдэл зэргийг бие даан мөрдөн шалгах эрхтэй болох бөгөөд мөнгө завшсан хувь хүн болон бүлгүүдийн хэргийг мөн бие даан шийдвэрлэх боломжтой болох юм.

Энэхүү нэмэлт өөрчлөлтүүд нь тус хороонд улс төрийн авлига түүний дотор хээл хахууль, зохисгүй бэлэг, хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг шалгахад чиглэсэн хууль эрхзүйн дэмжлэг арга замыг улам бүр нэмэгдүүлэх болно.

Хуулийн өөрчлөлтийн зарим хэсэг нь төрийн албан хаагч албан тушаалын байдлаа урвуулан ашиглах болон хувийн ашиг сонирхлын үүднээс бусдын эрх мэдлийг урвуулан ашиглах явдлыг илрүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэсэн.

"Нөлөөллийг урвуулан ашиглах гэдэг нь ажил, үйлчилгээ, гэрээ, хангамжийн тендер эсвэл аливаа шийдвэр, давуу талыг олж авахын тулд төрийн албан тушаалыг ашиглах явдал юм" гэж Иордан улсын Хэвлэл мэдээллийн сайд Амжад Адаилех хэлсэн юм.

Энэ нэмэлт өөрчлөлтийн дагуу Хороо нь албан тушаалтнууд, хувь хүмүүс болон бүлэглэлүүдийн өмч хөрөнгө, түүнд орсон гэнэтийн өөрчлөлт, эргэлзээтэй байдлаар ашиг олж байгаа эсэхийг хянах боломжийг олгоно.

Засгийн газраас татвар хураах үйлчилгээг өргөжүүлж, татвараас зайлсхийсэн хүмүүсийг илрүүлэх зорилгоор хяналт шалгалт хийж байгаа талаар мэдэгдэв. Сангийн сайд Мохаммед Аль Исисс шинэ төрлийн татварыг бий болгохгүй, дундаж орлоготой иргэдэд ногдох татварыг нэмэхгүйгээр төсвийн орлогыг нэмэгдүүлж, түүний алдагдлыг арилгах нь энэ нэмэлт өөрчлөлтийн гол зорилго хэмээжээ.

Орлогын албан татварыг 2019, 2020 онд удаа дараа нэмэгдүүлж, хувь хүний орлогын албан татварыг хөнгөлөлтгүй болгосны дараагаар Засгийн газар корпорацуудаас орлогын албан татвар хураах үйл ажиллагаанд анхаарлаа хандуулаад байна.

Иордан даяар 2018 онд хийгдсэн судалгаагаар дор хаяж 132 мянган компани татвараас зайлсхийх ямар нэгэн оролдлого хийдэг болохыг тогтоосон бөгөөд үүний хохирол нь нэг жилд 100-200 сая доллар ба түүнээс ч их байж болно хэмээн тооцоолж байна. Ковид 19 тахал эдийн засагт нөлөөлөхөөс өмнө Иордан улсын өр нь ДНБ-ий 96 хувьтай тэнцэх хэмжээтэй байсан ба 1.2 тэрбум долларын төсвийн алдагдалтай тулгарч, улсын зардлыг багасгахын төлөө тэмцэж байжээ.

Эх сурвалж

Латви Улсын хүн амын 39 хувь нь авлигыг тэвчихгүй гэсэн байна

Европын холбооноос нийтлүүлсэн мэдээллээр, тус тивийн иргэдийн дунджаар 69 хувь нь авлигыг тэвчихгүй, зүй зохисгүй үйлдэл гэж үздэг байхад Европын авлигын судалгааны байгууллагаас саяхан Латви Улсад хийсэн судалгаагаар иргэдийн 39 хувь нь авлигыг тэвчихгүй гэж үзсэн дүн гарсан байна.

Европын холбооны улсуудын дотор авлигатай эвлэрэх үзүүлэлтээр Латви улсын дээр Унгар улс орж байгаа буюу хүн амын 38 хувь нь авлигыг тэвчиж болохгүй гэж үзжээ. Европын бусад улс орны тухайд тухайлбал Португал Улсад дээрх үзүүлэлт нь 88 хувьтай байна. Латви улсад явуулсан судалгаанд оролцсон иргэдийн 84 хувь нь авлига нь тус улсад өргөн тархсан энгийн үзэгдэл болсон гэсэн хариулт өгчээ. Европын оронд уг үзүүлэлт 71 хувь байна. Латви Улсын иргэд төрийн байгууллагын зүгээс хийх худалдан авалт болон  барилга, байгууламж барих зөвшөөрөл авах, улс төрийн намуудын үйл ажиллагаанд авлига илүү дэлгэрсэн гэж үзсэн байна.

Латви Улсад хийсэн уг судалгаанд 1002 иргэн хамрагдсан байна.

Эх сурвалж


Гүрж Улсад төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоотой авлигын хэрэг асуудал хэвээрээ байна

“Кавказын судалгааны нөөцийн төв”-өөс 2020 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дуаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулсан судалгаагаар Гүрж Улсад төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоотойгоор үйлдэгдэж байгаа авлигын хэрэг урьдын адил анхаарал татсаар байгаа тухай дүгнэлт гарсан байна. Уг судалгааг “Гүрж Улс – Олон улсын ил тод, нээлттэй байдал” байгууллагын захиалгаар явуулжээ.

Судалгаанд хамрагчдын 63 хувь нь албан тушаалтнуудын зүгээс албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах байдал түгээмэл байдаг, 57 хувь нь төрөөс худалдан авалт зохион байгуулах үйл ажиллагаанд албан тушаалтнууд компаниудад давуу эрх олгох байдал их байдаг гэж үзсэн.  

Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтан болон эрх баригч намын нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой авлигын хэргийг хуулийн дагуу шалгадаггүй гэж судалгаанд оролцогчдын 47 хувь нь үзсэн байна. 

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх