Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяахугийн хэргийн шүүх хурал эхэллээ


2020/05/27  182   0


Албан үүргээ гүйцэтгэж буй Израилийн Ерөнхий сайд Нетаньяахугийн шүүх хурал өнгөрсөн ням гаригт эхлэв. Түүнийг хээл хахууль, луйвар, итгэл алдсан хэрэгт буруутгаж буй бөгөөд тэрээр шүүх хурлын танхимд орохоос өмнө өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн юм. Долоо хоногийн өмнө тэрээр Ерөнхий сайдын албан тушаалд 5 дахь удаагаа ажиллахаар тангарагаа өргөсөн юм. Нетаньяаху нь энэ жилийн 3 дараалсан сонгуулийн үр дүнд тус албан тушаалд очсон ба улс төрийн тавцанд хэрхэн үлдэж чадахыг өөрийн гол өрсөлдөгчтэй эрх мэдлийг хуваах санаанд оромгүй хэлцэл хийснээр харуулсан нэгэн. Түүнийг саятан найзуудаасаа бэлэг авдаг, үйл ажиллагаагаа эерэгээр харуулах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслийн магнатуудад хөнгөлөлт олгодог зэрэг асуудалд өнгөрсөн арван нэгдүгээр сард хэрэгт татсан. Тэрээр Иерусалимын тойргийн шүүхэд ирэхдээ барууны чиглэлийн Ликуд намын сайд нарын хамт иржээ. Шүүхийн танхимд Нетаньяаху болон шүүгчид масктай байв. Яллах дүгнэлтийг ойлгосон эсэх талаар шүүгчийг асуухад тэрээр ойлгож байгаагаа илэрхийлэв. Дараагийн шүүх хуралдааныг 6 дугаар сарын 19-нд зарласан байна. Израилийн шинжээчдийн үзэж байгаагаар шүүх хурал олон сар, жилээр үргэлжлэх боломжтой ажээ. Хээл хахуульд 10 хүртэл жилээр хорих, эсхүл торгуулийн ял, харин луйвар, итгэл алдсан хэрэгт 3 хүртэл жилээр хорих ял оногдуулах боломжтой байна.

Эх сурвалж

 Загас агнуурын салбарт оршиж буй авлигын бодит цар хүрээг шинэ судалгаа онцлов 

Авлига нь загас агнуур, загасан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээний томоохон асуудал юм. Авлигын үр дагавар нь хууль бус загас агнуурын асуудлаас илүү өргөн хүрээтэй, ноцтой юм. Загасан бүтээгдэхүүн нь хүн амын өдөр тутмын хэрэглээ болоод байна. Сүүлийн жаран жилийн хугацаанд дэлхийн хүн амд ноогдох загасны хэрэглээ 9.9 кг байснаас 19.2 кг болсон. Хүмүүс ихэнхдээ өөрийн газар нутагт байдаг загасыг хэрэглэдэг боловч олон хүн дэлхийн нөгөө өнцгийн загасыг идэх нь бий. Загасан бүтээгдэхүүний дэлхийн худалдааны эргэлт 1976 оноос 2010 онд жилдээ 3.9 хувь юм. Тус салбараас 60 сая хүн шууд, 70 сая хүн шууд бусаар орлого олдог. Энэ нь нөгөө талаас далай тэнгисийн усны нөөцийг хадгалах, ашиглахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд бидний далай тэнгис, гол, мөрөн болон хүнсний хангамжийн сүлжээний таатай байдлыг хангахад загасны аж ахуйн үр ашигтай удирдлага ач холбогдолтой юм. Гэвч авлига үүсэх боломжууд нь загасны худалдаа, хэрэглээг ядуурлын эх сурвалж, тогтвортой байдлын аюул болгодог.

Гурван мэдэгдэхүүн

Загас агнуурын салбар дахь хууль бус, мэдэгдээгүй, зохицуулагдаагүй үйл ажиллагааны талаар судалгаа хийгдэж байсанч тус салбар дахь авлигын асуудал төдийлөн судлагдаагүй юм. Үүнээс гурван үндсэн асуудлыг тодруулж болно. Нэгдүгээрт, загасны аж ахуйн үе шат бүрт, эсхүл загасан бүтээгдэхүүний нэмүү өртөг бий болгох сүлжээнд авлигын олон төрөл оршиж буй талаар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны “Өмхийрсэн загас: загасны аж ахуй дахь авлигатай тэмцэх зөвлөмж” тайланд дурдсан байна. Хоёрдугаарт, хууль бус загас агнуураас авлигын үр дагавар илүү ноцтой юм. Өмнөд Африкаас эхлэн Номхон далайн арлууд хүртэлх газар нутгийн нөхцөл байдлаас үзэхэд авлига нь хууль сахиулах үйл ажиллагааг сулруулж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хүндрэл учруулж, хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж, сайн засаглалыг сулруулж, загас агнуурын хамтарсан удирдлагын хууль ёсны байдлыг бууруулж байна. Түүнчлэн хүний наймаа, боолчлолд боломж үүсгэж байна. Гуравдугаарт, авлига нь зарчмын хувьд өөр юм. Нийтийн албан тушаалтнууд хувийн ашиг хонжооны зорилгоор хууль бус үйл ажиллагааг санаатайгаар үл тоох, эсхүл хөхүүлэн дэмжих нөхцөлд үүсдэг. Гэсэн хэдийч загас агнуурын хууль бус, мэдэгдээгүй, зохицуулагдаагүй үйл ажиллагаа, эсхүл авлига ч бай бүтцийн ижил төстэй сул талууд ажиглагддаг. Үүнд, хууль сахиулах үйл ажиллагааны хяналт сул, загас барих квот хэмжээний хориг, загасны нөөц буурсан зэргээс үүдэлтэй загас агнуурын аж ахуйнуудын ядуурал юм. Загас агнуурын салбар дахь авлигын асуудлыг ойлгохын тулд тус салбарын авлигын асуудлын талаарх олон улсын байгууллагуудын шинжлэх ухааны бүтээл, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, тайлан зэргийг Лондонгийн Эдийн засгийн сургууль болон Аделайдын их сургуулийн эрдэмтэд судалжээ. Үйлдвэрлэлийн үе шат бүр дэх авлигын төрлүүдийн талаарх олон тохиолдлуудыг судалсан байна. Эдгээр нь авлига нэг цул зүйл,  нэг төрөл эсхүл нэг цаг үе/орон зайд бус гэдгийг харуулж байна. Авлига нь төрөл бүрийн зөвшөөрөл олгох, улс төрийн авлига, мөнгө угаах, татвараас залилан, хүний наймаа болон бусад асуудалд илэрч байна. Авлигын үйл ажиллагаа нь дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хэсэг, эсхүл хөгжингүй орнуудаар хязгаарлахгүй байна. Төрөл бүрийн зөвшөөрөл олгох, гэрээ, хэлцлийн эрх, мөнгө угаах, эсхүл татварын залилангийн асуудал зөвхөн хөгжингүй баян улсад төдийгүй ядуу орнуудад гарч байна. Үүнээс гадна дээрх үйл ажиллагаа нь орон нутгийн эсхүл үндэсний түвшнээс давж олон улсын хэмжээнд үр дагавар нь илэрч байна. Загас агнуурын үйл ажиллагааны авлигын асуудлыг нарийн судалснаар тэдгээрийг илрүүлэх ач тустай юм.

Шинэ хандлага

Загас агнуурын салбар дахь ноцтой авлигын асуудал нь үндсэн, зарим үед сул хэрэгждэг дүрмүүдээс давсан иж бүрэн авлигын эсрэг арга хэмжээ шаардлагатай байгааг харуулж байна. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид ихэнхи улс орнууд нэгдсэн ба хууль бус загас агнуурыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт санал нэгдсэн. Иймд хууль тогтоомж, гэрээ хэлцлийг нэмэгдүүлэх бус харин асуудлыг тогтоож, хууль, дүрмийг чанд сахиулах нь чухал юм. Зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах явдлыг нэмэгдүүлэхэд анхаарах нь бусад хүчин зүйлс, бодлогын хэрэгслүүдийг орхигдуулахад хүргэдэг. Тухайлбал, зөвшөөрлийг олон нийтэд нээлттэй болгох, засгийн газруудын цахим-порталд барьсан загасны хэмжээг ил зарлаж байх зэрэг нь ил тод байдал, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Худалдан авагч, хэрэглэгчдэд загасны гарал үүслийг мэдэх нь чухал байдаг. Ихэнхдээ албан тушаалтнуудын цалин бага, өөрсдийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөөц хангалтгүй байдаг. Авлигад автсан удирдах албан тушаалтнууд нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгааг ажиглаж буй албан тушаалтнууд шударга бус байдал, ёс суртахууны доройтолд ордог.

Загас агнуурын салбар дахь авлигын тархалт, нарийн түвэгтэй байдалд бүтцийн тодорхой хандлагаар хандахгүй байх нь загасны нөөц, экологийн асуудал, загасчдын амьжиргаа зэрэгтэй холбоотой тус салбарын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд сорилт хэвээр байх болно. Хэрэв эдгээрийг үр ашигтай шийдэхгүй бол үр дагаврууд дээр одоо тулгарч буй загасны хэт их агнуур, цаг агаарын өөрчлөлт, далай, тэнгисийн шүлтлэг байдал алдагдах зэрэг экологийн эрсдлүүд нэмэгдэж улам хүндрэх болно.

Хэдийгээр дэлхий дахины улс төрчид энэхүү сорилтыг ухамсарлаж буй ч энэхүү үзэгдлийн талаар илүү тодорхой ойлголтод тулгуурласан бодлогын иж бүрэн, тохирсон хэрэгслүүдийг боловсруулан ашиглах цаг нь ирсэн байна. Эдгээр нь тухайн улсын соёл, нийгэм, улсад нэвшсэн авлигын үндсэн шалтгааныг устгахад чиглэсэн байх ёстой.

Эх сурвалж


   

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх