Х.ХАШБААТАР: АЛБАН ТУШААЛТНЫ ХАСХОМ-ИЙГ ХЯНАН ШАЛГАХАД БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА АВАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ


2021/02/19  1708   0


Хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг (ХАСХОМ) бүртгэж авах хуулийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр дууслаа. Энэ жил мэдүүлбэл зохих 43.6 мянган албан тушаалтан бүгд буюу 100 хувь мэдүүлгээ гаргасан байна. Үүнтэй холбогдуулан АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатартай ярилцав.

-ХАСХОМ-ийг ийм өндөр хувьтай гаргахад юу нөлөөлсөн бэ?

-Өмнө нь зарим албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хоцроох, гаргахгүй байх тохиолдол байсан. Коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосон тул албан тушаалтнууд цахимаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа, 2020 онд хоёр ч удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон, томилогдсон цөөнгүй албан тушаалтан анх удаагаа мэдүүлгээ шинэчлэн гаргаж байгаа зэрэг нөхцөл байдалтай АТГ энэ жил мэдүүлгийн бүрдүүлэлтэд онцгой анхаарсан. Тухайлбал, АТГ-аас цаг үеийн эрсдэлийг тооцон яам, агентлаг болон төв, орон нутгийн салбар нэгжийн мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа цахим сургалт зохион байгуулж, тухай бүр мэргэжил, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэн, шаардлагатай сурталчилгааг сайтар хүргэж ажилласан.

Үүний үр дүнд улсын хэмжээнд ХАСХОМ-ээ шинэчлэн гаргах 43.6 мянган албан тушаалтан 100 хувь бүгд мэдүүлгээ шинэчлэн гаргасан нь 2007 оноос хойшх 14 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Энэ нь нийтийн албан тушаалтнууд мэдүүлэг гаргах үүргээ чанд биелүүлэхээ ухамсарласан, мөн хариуцлага, ёс зүй дээшилж байгаагийн илэрхийлэл гэж үзэж болно.

-Ер нь ХАСХОМ гаргахын ач холбогдол юу байдаг вэ?

-ХАСХОМ гаргах нь албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчил үүсэх, үндэслэлгүй хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх, энэ талын зөрчлийг илрүүлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах, хяналт тавихад ач холбогдолтой. Товчхондоо ХАСХОМ-ийг гарган авч, хянаж байгаа нь албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх механизмыг бүрдүүлж байгаа юм.

Мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байдлаар цахим системд байршуулснаар албан тушаалтнуудын хөрөнгө, орлогод иргэд, олон нийт хөндлөнгийн хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ таныг төрд төлөөлөхөөр сонгогдсон, эсхүл таны төлсөн татварын мөнгөөр цалинжиж буй албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлого нь хэрхэн өөрчлөгдөж байгаад олон нийт хяналт тавих, улмаар иргэд, олон нийтийн зүгээс АТГ-т хандан өргөдөл, гомдол гаргах, хөрөнгө, орлогоо хууль ёсны дагуу олж авсан эсэхийг нь шалгуулах боломжийг олгож байгаа гэж ойлгож болно. ХАСХОМ гаргах нь нэг талаас иргэдийн хяналтыг сайжруулах, нөгөө талд албан тушаалтны албан үүргээ хариуцлагатай, чин шударгаар гүйцэтгэх нэгэн том хөшүүрэг болдог.

-ХАСХОМ-ийг хянан шалгах ажлыг хэрхэн явуулдаг вэ?

-Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн, тухайн хөрөнгөө хэрхэн олсноо үндэслэлтэй тайлбарлаагүй бол АТГ хянан шалгадаг, мөн тухайн жилдээ тодорхой байгууллагуудыг төлөвлөгөөт хяналт шалгалтад хамруулдаг. Албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын талаарх томоохон бааз мэдээллийг АТГ-ын цахим системд өргөжүүлэн төвлөрүүлсэн. Уг мэдээллүүдийг ашиглан судалгаа, дүн шинжилгээ хийж, бүртгэлийн бусад байгууллагын албан ёсны мэдээлэлтэй тулган хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа.

АТГ улсын хэмжээнд мэдүүлэг гаргадаг 43 мянга гаруй албан тушаалтны ХАСХОМ-д нарийвчилсан хяналт шалгалт хийдэг. Цахим хөгжүүлэлтийн тусламжтайгаар албан тушаалтнуудын гаргасан мэдүүлгийг бүрэн хянах боломж бүрдсэн. АТГ 2018 онд 171, 2019 онд 381 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгаж байсан бол 2020 онд 542 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь өмнөхөөс 42.2 хувиар өссөн. Хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлээгүй 46 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан.

-Мэдүүлгээ гаргадаг бүх албан тушаалтны ХАСХОМ-ийг тухайн жилд хянах боломж байгаа юу?

-Цахим системд үндэслэн бид эрсдэл өндөр мэдүүлгийг түүвэрлэж сонгодог. Өөрөөр хэлбэл, орлого нь өмнөхөөс өссөн, мөн хөрөнгө ба орлогын харьцаа нь анхаарал татаж байвал шалгах үндэслэл болно гэсэн үг. Тэгэхээр эрсдэлтэй хэсэгт чиглэсэн хяналт шалгалт явуулж байна. Хянан шалгахдаа хөрөнгийн эх үүсвэр нь үндэслэлтэй юу, олсон орлогод нь нийцэж байгаа юу, хууль ёсны үйл ажиллагаа явуулснаа нотлох баримтаар баталж чадаж байна уу гэх зэрэг хүчин зүйлийг харгалзан нягтлан шалгадаг. Зөрчил тогтоогдвол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

-Таны ярианд “Үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжих” гэх мэтээр дурдагдлаа. Үндэслэлгүй хөрөнгөжих гэдгийг юу гэж ойлгох вэ?

-Албан тушаалтан зургаан сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үздэг. Үүнийг хянах хамгийн том системийн нэг бол ХАСХОМ-ийн систем. Бид энэ системийг улам бүр хөгжүүлэх, төрийн байгууллагуудын зарим мэдээллийн сантай бүрэн холбох, цахим хөгжүүлэлтийг шат дараатай хийж байна.

Албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нуух, өөр хүнд шилжүүлэх нөхцөл байдал цөөнгүй гардаг. Тиймээс АТГ хяналт шалгалтыг улам нарийвчлан явуулж байгаа. Нэг жишээ хэлэхэд, 2020 онд хяналт шалгалтын үр дүнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй 7 этгээдийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-Албан тушаалтнуудын зарлагыг хянах чиглэлээр юу хийж байна вэ?

-АТГ албан тушаалтнуудын орлогоос гадна зарлагыг хянах бодлогыг стратегийн нэг зорилт болгон дэвшүүлсэн. Үүний тулд мэдүүлгийн маягт, мэдүүлэг гаргагчдын хүрээг оновчтой тогтоох, холбогдох заавар, журмыг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Мэдүүлгийг хянан шалгахад зарим хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий. Наад зах нь банк, санхүүгийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах эрх хуулиар хязгаарлагдмал байдаг. АТГ-ын зүгээс Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Ингэснээр заавал гэмт хэрэг үйлдэгдсэний дараа мөрдөн шалгах биш, авлигын гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө хяналт шалгалтаар зөрчлийг илрүүлэх боломжтой. Тухайлбал авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн зарим зохицуулалтыг сайжруулах чиглэлд судалгаа хийж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн саналыг хууль санаачлагчдад уламжилсан. Хууль тогтоомжид шаардлагатай зохицуулалт хийгдсэнээр албан тушаалтны орлого, зарлагыг тэнцвэртэй хянан шалгах, зөрчилд нь тохирсон хариуцлага хүлээлгэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд том өөрчлөлт хийх боломж бүрдэх  юм.

Г.Цолмон 

"Өнөөдөр" сонин. 2021.02.19.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх