Х.Хашбаатар: Улсын хөгжлийн нэгэн тушаа нь авлига болж байна


2019/11/28  715   0


Монгол Улс авлигын индексээр 180 орноос дундуур байрт ордог. Авлигад улс төрийн нөлөө их бөгөөд том хэмжээний авлига газар авсан гэдгийг Авлигын эсрэг сүлжээнээс өнгөрсөн долдугаар сард мэдээлж байсан. Ялангуяа шүүгчийн томилгоо, прокурор, хууль сахиулах байгууллагад улс төрийн нөлөө их гэдгийг олон улсын байгууллагаас онцолж байлаа. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад авлигын нөхцөл байдал ямархуу байгаа болон авлигын эсрэг тэмцэл, хөрөнгө орлогын мэдүүлгийг сайжруулах асуудлаар АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатартай ярилцлаа.

-Манай нийгэмд авлига дадал боллоо. Шийдэгдэхгүй асуудал мэт харагдаад удаж байна. Таны бодлоор Монголд авлигын нөхцөл байдал ямархуу байгаа вэ?

-Нийтийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс хууль бус давуу байдлыг олж авах үйлдлийг эс үйлдэх болон үйлдэхүйг авлига гэнэ. Авлигад хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гэх мэт багтана. Улс орнуудад авлигын төвшин харилцан адилгүй. Үүнд, улс төр, эдийн засгийн нөхцөл, төрийн албан хаагчдын шударга байдал, иргэдийн үзүүлж буй үйлчилгээ гэх мэт харилцан адилгүй зүйлс нөлөөлж байдаг. Авлига өгөхгүй авахгүй гэсэн хандлага хамгийн чухал. Сайн жишээг дэлгэрүүлэх хэрэгтэй. Сайн, мууг ялгаж салгаж ойлгоосой. Авлига авч байгаа хэдхэн төрлийн албан тушаалтан бий. Иргэнээс төр хүртэлх бүхий л төвшинд хандлагаа анхаарах хэрэгтэй. Тиймээс энэ жил иргэд рүү чиглэсэн ажлуудыг түлхүү зохион байгууллаа.

-Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуульд авлигын асуудлыг зохицуулах заалтууд бий. Хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

-Авлигын эсрэг хуульд авлигатай тэмцэх үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр цогц бодлогуудыг тусгаж өгсөн. Энэ ажлыг бид өөрсдийн чиг үүргийн хүрээнд хангалттай хийж байгаа. Эрүүгийн хуульд заасан авлигын эсрэг гэмт хэргийг өөр байдлаар авч үзнэ. Өмнө нь Эрүүгийн хуульд албан тушаалын гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол учирснаараа гэмт хэрэг болдог байсан. 2017 онд албан тушаалаа урвуулсан, давуу байдал олгосон, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь гэмт хэрэг болж хуульчлагдсанаас хойш гэмт хэргийн өсөлт их юм шиг харагдах болсон. Авлигын эсрэг гэмт хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нарийвчилсан мэдээлэл авах боломжтой.

-Анх 2007 онд хөрөнгө, орлогын мэдүүлэг авч эхэлс­нээс хойш 12 жилийн хугацаанд ямар үр дүн гарсан бэ?

-Анх АТГ байгуулагдаад хөрөнгө, орлогын мэдүүлгийг авч байхад төрийн албан хаагчид дургүйцэх, бухимдах өнгө аяс их байсан. Энэ үеийг бодвол одоо жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаад хэвшсэн байна. 2012 онд мэдүүлгийг цахим хэлбэрт оруулж өгсөн. Тухайн үед цахим гарын үсгийн хууль батлагдаад удаагүй байсан учраас баримтжуулахын тулд цаасаар заавал хадгалдаг байсан. 2017 онд баталгааны маягт гэж гаргаад цаасан дээр олон хуудас хэвлэдэг байсныг цахимд шивж, гарын үсэг зуруулж баримтжуулдаг одоогийн хэлбэрт шилжсэн. Ингэснээр эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой болсон юм. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг төрийн албан хаагчдаас авч эхэлсэн анхдагч орны нэг нь манай улс. Мөн цахимд шилжүүлсэн анхдагчдын нэг.

-АТГ нууцад хамаа­рахаас бусад албан хаагчдын мэдээллийг олон ний­тэд мэдээлдэг. Тэгвэл олон улсын жишигт хөрөнгө орлогын мэдүүлэг нь хувь хүний нууц, дата мэдээлэл хамгаалах эрхтэй зөрчилдөхгүй гэдэг?

-Төрийн байгууллагад 190 мянга гаруй алба хаагч байна. Тэдгээрийг төрийн захиргааны, төрийн тусгай болон улс төрийн, үйлчилгээний гэж дөрөв ангилдаг. Үүнээс төрийн захиргааны болон тусгай албан хаагч, улс төрийн албан тушаалтан, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах ажилтан, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төсвөөс санхүүждэг төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалтанд хамааруулдаг. Анх 2007 онд өргөн хүрээг хамруулж авч хөрөнгө орлогын мэдүүлгийг авч байсан. Үүндээ түшиглэж 2008 оноос эрсдэл бүхий албан тушаалтнаас мэдүүлгийг нь авах бол­сон. Албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх, тусгай зөвшөөрөл олгодог, тендер худалдан авалтад оролцдог гэх мэт эрсдэл бүхий албан тушаалтныг ялгаад 40 гаруй мянган хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг авч байна. Харин тагнуул, батлан хамгаалах, хилийн цэрэг гэх мэт байгууллагын албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг авдаг боловч нийтэд зарладаггүй.

-Албан хаагч­дын хөрөнгө ор­логыг урьдаас батал­гаа­жуулах нь худал мэдүү­лэхээс сэргийлэх үү?

-Нийтийн албан тушаалтнуудын үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг аудитаар баталгаажуулъя гэсэн саналыг иргэдээс хэлж байна. Энэ нь мэдүүлэгчид төвөг учруулна. Тендерт орж байгаа юм шиг л бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болно. Харин мэдүүлэгч өөрөө санаачилгаараа хөрөнгө орлогоо баталгаажуулж өгч болох юм.

-АТГ-ын шалгалтаас хара­хад хөрөнгө, орлогын мэдүү­лэг нь хэр бодит байдаг вэ?

-Харилцан адилгүй. Зарим хүн үнэн мэдүүлж байна. Зарим хүн хөрөнгөө нууж хувиргадаг. Жил бүр 40 мянган албан хаагчийн хөрөнгө орлогыг яагаад нийтэд ил болгосон бэ гэхээр иргэний хяналтыг нэмэгдүүлэх гол зорилготой. Тухайн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил байхад, мэдээлснээсээ илүү ямар машин хэрэглэж, яаж амьдарч байгааг иргэд АТГ-т мэдээлэх боломжийг бүрдүүлэхийг зорьсон. Иймд жилд 300-500 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гурван байдлаар нарийвчлан шалгаж байна. Эрсдэл учруулж болох албан тушаалтны тодорхойлолтыг гаргаж шалгах, байгууллага руу төлөвлөгөөт шалгалт хийх, иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу шалгалт явуулж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 305 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгасан. Үүнээс 21 албан хаагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй гээд мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд байгаа. 37 хүнд сахилгын хариуцлага ногдуулсан. Найман хүнийг ажлаас чөлөөлсөн. Үлдсэн хүмүүсийг сануулах, албан тушаал болон цалин буу­руулах хариуцлага ногдуулсан.

-Хөрөнгө, орлогоо мэдүү­лээгүй болон худал мэдүүлсэн албан тушаалтанд сануулах, цалин буруулах, ажлаас халах арга хэмжээ авч байгаа нь хангалттай зохицуулалт уу?

-Авлигын эсрэг хуульд “Албан тушаалтан зургаан сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө орлогоо хууль ёсных болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүй хөрөнгөжих зөрчил гэж үзнэ” хэмээн заасан байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, мэдүүлээгүй эсвэл худал мэдүүлсэн бол дараах хариуцлагыг хүлээнэ. Нэг сарын цалинтай тэнцэх хөрөнгө орлогоо мэдүүлээгүй бол сануулах, зургаа хүртэл сарын цалинтай тэнцэх хөрөнгө орлогоо мэдүүлээгүй бол цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 30 хувь бууруулна. Зургаан сараас нэг жилийн цалинтай тэнцэх хөрөнгө орлогоо мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах хариуцлага хүлээнэ. Харин нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө орлогоо мэдүүлээгүй бол албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэж үздэг. Тэгвэл Эрүүгийн хуульд 50 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөө хууль ёсных болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиол­долд үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг болдог.

-Шүүгч нь үнэн зөвийг ялгаж, батлах ёстой чухал албан тушаалтан. Гэтэл АТГ-аас 17 шүүгчийг шалгаж байна. Энэ нь шүүхийн байгууллагад авлига байгаагийн илрэл үү?

-Өнгөрсөн жилээс шүүхийн байгууллагад төлөвлөгөөт шалгалт явуулсан. Он дамнан шалгалт үргэлжиллээ. Дагнасан байгууллага руу шалгалт явуулсан учраас шүүгчдийн тоо өндөр харагдаж байж магадгүй. Өнгөрсөн хугацаанд шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байгаагүй юм. Тиймээс яаж мэдүүлэхийг бүрэн мэдэхгүй, ойлголт дутуу хүмүүс байсан байх. Нөгөө талаас хөрөнгөө үнэн мэдүүлэхгүй, үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа учраас нарийвчлан шалгаж байна. 17 шүүгчийг бүгдийг нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж ойлгож болохгүй. Мөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд шалгалт хийсэн. 305 албан хаагчийн 20 гаруй хувийг нь иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын хүрээнд шалгасан.

-Иргэдийн өргөдөл, гомд­лыг яаж хүлээж авч байна вэ?

-Иргэдээс мэдээллийг бүх талаас авч байна. Хуучин 18001969 дугаарт гомдол авч байсан бол одоо 110 гэсэн үнэ төлбөргүй дугаар луу гомдол мэдээллээ хэлж болно. Хээл хахууль, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой бүх асуудлыг хүлээн авч байна. Мөн цахимаар болон бичгээр мэдээлэл авна. Хүссэн тохиолдолд мэдээлэл өгсөн иргэн, албан хаагчийн нэрийг нь нууцалж болно. Санал, гомдлоо нэртэй ирүүлсэн бол хуулийн дагуу мэдээлэгчид эргэж хариу өгдөг.

-Хөрөнгө орлогын мэдүүл­гийн маягтад албан хаагчийн зөвхөн орлогын мэдээллийг тусгаж байна. Орлого, зарлага аль алийг нь мэдүүлбэл үр дүн илүү сайжрах болов уу?

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийн анхны маягтыг 2007 онд авч, 2012 онд шинэчилсэн. Цаг үеэ дагаж цахим мөнгөний тухай ойлголтууд гарч ирлээ. Маягтын тайлбарт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна. Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нэмэлт тайлбар шаардлагатай байна. Жишээлбэл, нийтийн албан тушаалтан мэдүүлэг гаргагчтай хамаарал бүхий этгээд гэхээр хэнийг ойлгох, үнэт эдлэлд яг юуг хамааруулахыг илүү тодорхой болгох хэрэгтэй. Орлогоо мэдүүлээд сурсан. Одоо зарлагыг хянах нь зүйн хэрэг боллоо. Маягтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор батлуулдаг. Нийт орлогыг хаанаас олсныг задлах, орон сууцны хэдэн метр болохыг бичих зэрэг иргэдийн хүсэлтийг анхаарах, иргэдийг оновчтой хянах талаас нь маягтад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бид мөн цахим сангийн программаа сайжруулж байгаа.

-Хөрөнгө, орлогын мэдүүлэг авахаас гадна авлигыг хэрхэн бууруулж болох вэ. Энэ чиглэлээр “Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэгт иргэд, албан хаагчид санал хэлж байсан?

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс санал гарсан. Тогтолцоонд өөрчлөлт хийх хэрэгтэй. Тухайлбал, нэг хүнд нэг татвар төлөгч систем рүү орж байж хууль бус мөнгөн эргэлтийг зогсооно. Валютын хяналтыг чангатгах, бэлэн бусаар гүйлгээ хийх хэрэгтэй гэх мэт санал оруулсан. Иргэд рүү чиглэсэн сургалтууд хэрэгтэй. Эрх зүйн орчныг өөрчлөх, хөрөнгө орлогын мэдүүлэгт салбараар нь хяналт хийе, маягтад оруулах өөрчлөлтийн талаар ч саналууд хэлж байна. Төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хүртэл АТГ-ын өргөдөл, гомдол хүлээж авах цэгүүд байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь л чухал.

-Орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн удирд­лагууд авлига авдаг, тендер будлиантай болдог гээд авлига тойрсон асуудлууд олон байна?

-АТГ-аас аймгуудад сүүлийн гурван жил ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэй, авилгатай холбоотой замбараагүй байдлууд гарсан. Шалгаж тодорхой хариуцлага тооцож явсан. Тэгвэл энэ жилийн хувьд орон нутагт нөхцөл байдал харьцангуй сайжирсан байна. Тендер сонгон шал­гаруулалтад иргэдийн орол­цоог нэмэгдүүлсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авч болно.

-Хөрөнгө, орлогоо нууж үндэслэлгүй хөрөнгөжсөн албан хаагчдыг хэр илрүүлж байна вэ?

-Хөрөнгө, орлогын мэдүүл­гийн зөрчлийг сар бүр нийтэд ил зарлаж байгаа. Зөвхөн УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн хороо шалгадаг. Бусад нийтийн албан тушаалтны мэдүүлгийг АТГ-аас хүлээн авч, шалгаж байна.

-Тэгвэл авлигагүй нийгмийг төсөөлөөд үзье?

-Авлигагүй бол нийгмийн үйлчилгээ авахад хүнд суртал чирэгдэлгүй, үйл ажиллагаа явуулахад хэн нэгэн таньдаг хүнээ хайх шаардлагагүй. Илүү чөлөөтэй хараат бусаар ажиллана. Шударгаар бизнес эрхэлж, үйлчилгээ сайжирна. Улсын хөгжил өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрнэ л гэсэн үг. Манай улсад хөгжилд саад болж байгаа зүйл нь ерөөсөө л авлига. Цаашдаа энэ хэвээр байх юм уу. 30 жил авилгын асуудал, албан тушаалтны хүнд суртал, улс төрийн үйл ажиллагаа буруу явж байна гэж ярилаа. Шүүмжлэл бус иргэд, төрийн бус байгууллагууд, төрийн албан хаагчид, АТГ гээд бүгд цогцоороо авлигатай тэмцэж, хандлагаа өөрчилж байж зөв нийгмийг үр хүүхэддээ үлдээнэ. Энэ нь бидний хамгийн том бүтээл юм шүү дээ.

-Авлига бага өндөр хөгжилтэй орны жишигт хүрэх ойрын ирээдүй бидэнд бий болов уу?

-Авлигын талаарх хүмүүсийн хандлага харьцангуй гайгүй болж байна. Авлигын эсрэг тэмцэхэд хандлага, нийгмийн ёс суртахуунтай эерэг өөрчлөлт л чухал. Эдгээр үгүй бол авлигын эсрэг тэмцэл үр ашиггүй болж мэднэ. Тиймээс хандлагыг хүссэн хэмжээндээ хүртэл сайжруулах хэрэгтэй. Авлига шууд өргөс авсан юм шиг арилахгүй. Хугацаа хэлэхгүй ч хамтдаа тэмцэж авлигыг арилгана гэж ойлгох хэрэгтэй. Тогтвортой үйл ажиллагаа, үргэлжилсэн бодлого чухал. Зоригтой нэгдэж чадвал өөрчлөлт боломжтой юм.

М.Үүрийнтуяа | Zindaa.mn

Эх сурвалж:

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх