Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хорооны төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна


2019/06/04  377   0


Авлигатай тэмцэх газарт Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хорооны төлөөлөгчид зургаадугаар сарын 03-04-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. 

Айлчлалын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа  төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, “Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хорооны авлигатай амжилттай тэмцэж буй арга, туршлагаас судалж, ойрын хугацаанд танай хорооны хүрсэн түвшинд хүрэх зорилт тавьж ажиллаж байна” хэмээсэн юм.

Авлигатай тэмцэх газар нь Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хороотой 2007 онд харилцаа, хамтын ажиллагаа эхлүүлснээс хойш уулзалт, сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцон ажиллаж байна.

Хонконгийн авлигатай тэмцэх бие даасан хорооны Гадаад харилцаа, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ли Ман-юу “Урьдчилан сэргийлэх газар нь төрийн байгууллагын үйл ажиллагаа, гарч буй тушаал, шийдвэр, бичиг баримтад шууд хяналт шалгалт явуулах бүрэн эрхтэй. Шалгалтаар тухайн байгууллагын үйл ажиллагаа нь шударга, хариуцлагатай, ил тод, хүмүүс үйлчилгээ авахад амар, хялбар байна уу гэдгийг тогтоодог юм. Байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр гаргах процесс хяналт, шалгалт хийхийн тулд нэн түрүүнд тухайн байгууллагын хэрэгжүүлж буй эрх зүйн орчин нь авлигын шалгаан нөхцөл үүсгэхээр байна уу гэдгийг хянадаг. Дараа нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтнаас эхлээд жирийн албан хаагч хүртэл бүх хүмүүстэй нь ярилцлага хийдэг. Ингэж эрх зүй, бичиг баримттай нь танилцаж, хүмүүстэй нь уулзаж байгаа нь авлига үүсэх шалтгаан, нөхцөл, хуулийн цоорхой байгаа эсэхийг тогтоож, зөрчил дутагдлыг арилгуулдаг” хэмээн ярьж байлаа.

Гадаад харилцаа, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Леун Вин-хан “Хонконгод 1960-1970 оны үед авлига маш түгээмэл, иргэд төрийн үйлчилгээ авахын тулд мөнгө төлдөг. Тухайлбал, эмнэлэгт үзүүлэхийн тулд сувилагчид, гадаа гудамжинд жижиг худалдаа эрхлэгч цагдаад мөнгө өгөх шаардлагатай үе байсан. Манай бие даасан хороо шйл ажиллагаагаа явуулаад 45 жил болж байна. Одоо төрийн алба авлигаас бүрэн ангижирч байна” гэв.

Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хорооны 2018 оны  иргэд, олон нийтээс авсан ээлжит судалгаагаар “Та Хонконгод авлигын асуудалтай нүүр тулгарсан уу?” гэсэн асуулгад 98,4 хувь үгүй гэсэн хариулт өгсөн бол 98,7 хувь нь Хонконгод авлига байх ёсгүй гэж үзсэн байна.

Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хороо нь гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах, авлигаас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх авлигын эсрэг сургалт, сурталчилгаа зохион байгуулах үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх газар нь төрийн байгууллагууд болон төрийн санхүүжилтээр үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдэд авлига үүсэх шалтгаан нөхцөл бий эсэхэд хяналт, шалгалт явуулах, хувийн хэвшлийн байгууллага болон иргэдийн өөрсдийн хүсэлтээр авлигаас урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх гэсэн үндсэн хоёр чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Хууль сахиулах газар нь авлигын гэмт хэргийн гомдол, мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг аж.

Соён гэгээрүүлэх газар нь олон нийтэд авлигын хор хөнөөлийг таниулах, сургалт явуулахаас гадна иргэдтэй хамтран ажиллах, татан оролцуулах чиглэлээр ажилладаг байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх