Хүүхдийн шударга байдлын судалгаа-2014


2015/01/13  3666   0


Хүүхдийн шударга байдлын түвшин болон түүний дэд үзүүлэлт болох ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилт, хууль сахих болон авлигыг үл тэвчих байдал ямар түвшинд байгааг тодорхойлох, цаашид хүүхдүүдийг шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих, шударга бус хандлагаас нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтоох зорилгоор 2014 оны “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г Авлигатай тэмцэх газар, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн судалгааны дүнд үндэслэн дараахь дүгнэлтийг хийж байна.

  • Хүүхдийн шударга байдлын түвшин 2014 оны судалгаагаар 4.031 гэсэн дүнтэй гарсан нь 2010 оныхоос 0.74 пункт, 2012 оныхоос 1.10 пункт, 2013 оныхоос 0.32 пунктээр тус тус өссөн дүнтэй гарсан нь эерэг үзүүлэлт болж байна.
  • Хүүхдийн шударга байдлын түвшний дэд үзүүлэлт болох ёс зүй, ёс суртахууны дэд үзүүлэлтийн дундаж үнэлгээ 4.07, зөв төлөвшилтийн дундаж үнэлгээ 4.32, хууль сахих байдлын дундаж үнэлгээ 4.04, авлигыг үл тэвчих байдлын дундаж үнэлгээ 3.68 байгаа нь өмнөх жилийнхээс 0.21-0.44 пунктээр нэмэгдсэн байна.
  • Судалгааны дүнгээс харахад эмэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эрэгтэй хүүхдийнхээс өндөр байна. 2014 оны байдлаар эмэгтэй хүүхдүүдийн шударга байдлын түвшин эрэгтэй хүүхдүүдийнхээс 0.10 пунктээр илүү байлаа.
  • Эцэг, эх хүүхэдтэйгээ шударга байх талаар байнга ярилцаж байх нь тэднийг шударга хандлага гаргахад эерэгээр нөлөөлж байна. Эцэг, эхтэйгээ шударга байх талаар “байнга” ярилцдаг хүүхдүүдийн шударга байдлын түвшин ярилцаж чадахгүй байгаа хүүхдүүдийнхээс өндөр байна. Энэ нь 10 хүүхэд тутмын 3 нь шударга байх талаар эцэг эхтэйгээ маш цөөн удаа, эсхүл огт ярилцаж чадахгүй байна гэсэн үзүүлэлт юм.
  • Хүүхдээ шударга бус зүйл хийхэд эцэг, эх ямар хариу үйлдэл үзүүлж байгаа нь тэдний зөв төлөвшилт, шударга байхад нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ буруу зүйл хийснийг мэдсэн эцэг, эх хүүхэддээ болохгүй зүйл хийснийг нь ойлгуулах, тайлбарлах шаардлагатай байна.
  • Найз нөхдийн хүрээ тухайн хүүхдийн шударга байдлын түвшинд нөлөөлж байна. “Таны найз танаас шударга бус үйлдэл хийхийг хүсдэг үү?” гэсэн асуултад зөвхөн 55.2% нь л “огт үгүй” гэж хариулсан байна.
  • Хүүхдийн шударга байдлын түвшинд эерэгээр нөлөөлж байгаа өөр нэг үзүүлэлт бол тухайн хүүхдийг шударга хандсаных нь төлөө бусад хүмүүс тухайн хүүхдийг “магтах, сайшаах, урамшуулах” явдал болох нь харагдлаа.
  • Хүүхдүүдэд шударга ёсны талаар хичээл орох, эсхүл энэ талаар үйл ажиллагаа зохиох нь тэдний шударга байдлын түвшинд эерэгээр нөлөөлж байгаа нь энэ удаагийн судалгааны дүнгээс харагдлаа. “Танай ангид ямар нэгэн байдлаар шударга ёсны талаар хичээл орох, эсхүл энэ төрлийн үйл ажиллагаа зохиогддог уу?” гэсэн асуултад “тийм” гэж хариулсан хүүхдүүдийн шударга байдлын түвшин “үгүй” гэж хариулсан хүүхдүүдийнхээс 0.16 пунктээр илүү байв.
  • Хүүхдүүд шударга ёсны талаарх мэдээллийг гэр бүл, сургуулийн орчноос авах нь илүү үр дүнтэй байна. Шударга ёсны талаарх мэдээллийг “гэр бүл” болон “сургууль”-аас авдаг хүүхдүүд бусад эх үүсвэрээс мэдээлэл авдаг хүүхдүүдээс илүү шударга байна.

Хүүхдийн шударга байдлын 2014 оны судалгааг ЭНД дарж үзнэ үү.

Write comment