Хүүхдүүд хахууль авалгүй шударга амьдрахыг томчуудаас хүсчээ


2018/12/07  1388   0


Хүүхдүүд анги дэвших тусам шударга байдлын үнэлгээ нь буурч байдгийг мэргэжилтнүүд судалгаагаар тогтоожээ. Учир нь худал хэлж, хууран мэхэлдэг хүн шударга хүнээс илүү сайхан амьдардаг гэсэн хандлага хүүхдүүдийн дунд бий болсонтой холбоотой гэдгийг Хүүхдийг ивээх сангаас “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны дүнг танилцуулах үеэр онцолсон юм. Уг судалгааг олон улсын “Транспаренси Интернэйшнл” байгууллагатай хамтарч 2017-2018 онд хийсэн бөгөөд Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв болон Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийг хамруулжээ. Ингэхдээ зургаа, найм, аравдугаар ангийн 2191 хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудын сурагчид хамрагдсан бол фокус бүлгийн ярилцлагад 21 аймаг, есөн дүүргийн сурагчдын төлөөлөл оролцжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс “Хэн нэгэн хүн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулж өгье гэвэл зөвшөөрөх үү” гэж асуухад 50.2 хувь нь “зөвшөөрнө” гэж хариулжээ. Түүнчлэн хоёр хүүхэд тутмын нэг нь буюу 49 хувь нь “Хэзээ ч худал хэлж, хууран мэхэлдэггүй, итгэж болох хүнийг шударга хүн гэнэ” гэж үзсэн бол “Шударга ёсыг сахихгүй байх нь Монгол орны хөгжилд аюултай” гэж 72 хувь нь хариулжээ.

Мөн “Шударга байх нь баян байхаас чухал боловч үргэлж шударга байх боломжгүй” гэж 72.1 хувь нь, “Худал хэлдэг, хууран мэхэлдэг, хууль зөрчдөг, хээл хахуулийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бусдаас илүү амжилттай явах талтай байдаг” гэж хүүхдүүдийн 43 хувь нь үзжээ. Судалгаанд оролцсон хүүхдүүд сургуулийн анги танхимын засвар үйлчилгээнд хураамж авдаг боловч хийсэн ажил нь чанаргүй байдаг гэх хариулт өгчээ. Мөн багш нар сурагчдыг ялгаварлан гадуурхаж, нэгнээс нь давуу байдал олгодог болохыг онцолсон байна.

Хүүхдийг ивээх сангийн Хүүх­дийн эрхийн засаглал хөтөл­бөрийн зохицуулагч Э.Цолмон болон боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал нараас дараах тодруулгыг авлаа.

Э.Цолмон: Томчууд хүүхдүүдээс шударга байхыг шаарддаг хэрнээ өөрсдөө шударга байдаггүй

-Судалгаагаар маш харам­салтай хариу гарсан байна. Хүүхдийг багаас нь шударга, зөв хүн болгож өсгөхөд эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой юм бэ?

-Их амархан. Өөрсдөө худал ярихгүй байх хэрэгтэй. Магадгүй бүх эцэг, эхчүүд хүүхэддээ “Худал ярьж болохгүй. Шударга байх хэрэгтэй” гэж хэлдэг байх. Гэтэл томчууд өөрсдөө шударга байж чаддаг билүү. Худал ярьдаггүй гэж үү. Хүүхдүүддээ өндөр шаардлага тавьдаг хэрнээ өөрсдөө тэр шалгуураа хангаж чадахгүй болохоор нэгдүгээрт, хүүхдийн урам хугарна. Хоёрдугаарт, худал ярьж, хууран мэхэлж болдог юм байна гэж бодно. Эцэг, эхчүүд ямар байна. Хүүхдүүд даган дуурайна. Тиймээс өөрдөө үлгэрлээч гэж хэлмээр байна. Нөгөө талаасаа багш нарын ур чадвар дутмаг байна. Нэг жишээ хэлье. Нэг багш баривч оёж ирэхийг сурагчдаа даалгаж. Хүүхдүүд өөрсдөө оёод шалгуултал “Төгс хийж ир” гээд пүн тавилгүй буцаасан байгаа юм. Гэтэл тухайн юмны төгс гэдэг ойлголт юугаар хэмжигддэгийг сурагчдадаа тайлбарлаж өгөөгүй. Нөгөө талаасаа баривч хэрхэн оёхыг зааж өгөөгүй. Ингэхээр сурагчид өөрсдөө биш хүнээр оёулахыг оролдсон байгаа юм. Эндээс харвал, хүүхэд бусдыг болон өөрийгөө хуурч эхлэх эхлэлийн цэгийг эцэг, эхчүүд болон багш нар тавьдаг юм байна. Эцэг эх, багш нар хүүхэддээ шударга бай гэж хэлдэг ч тэдний нүдэн дээр шударга бус байдлыг харуулж байна. Фокус бүлгийн ярилцлагад хамрагдсан хүүхдүүдийн 88 хувь нь “Сурагчийн мэдлэгийг дүнгээр, багшийн ажлын амжилтыг сурагчдын дүнгийн үзүүлэлтээр хэмждэг тул сурагчид онц сурдаг хүүхдүүдэд мөнгө өгч, даалгавраа хийлгэдэг” гэж хариулсан. Мөн багшийн ажлыг амжуулж, тусалж дүн авах байдал их болсон гэж ярьсан нь анхаарал татсан. Тиймээс хүүхдийн амьдралыг сайжруулах, тулгамдаж буй чиглэлүүдэд хөрөнгө зарцуулах боломжийг бүрдүүлэх бодлого, хөтөлбөр бий болгох зорилгод энэ судалгааны үр дүнг ашиглана.

-Сургуулийн орчинд дарамт шахалт их байна гэж хариулсан байна. Үүнийг бууруулахын тулд юу хийх шаардлагатай юм бэ?

-Багшийн ёс зүйн дүрмийг олон нийтэд ил болгох ёстой. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн дунд боловсролын орчинд хамгийн их зовоодог зүйл нь ялгаварлан гадуурхалт, дарамт гэдгийг онцолсон. Судалгааны үр дүнд хүүхдүүдийн 69.5 хувь нь сургуулийн орчинд дарамт хүчирхийлэлд өртсөн. Үүний 15 хувь нь багш, 5.6 хувь нь нийгмийн ажилтан ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үйлдсэн гэж хариулсан. Багш нар зарим хүүхдэд давуу байдлыг олгодог юм байна. Ингэхдээ эцэг эх, амьдралын нөхцөл байдал, эдийн засаг, багшид ямар нэг хэмжээгээр ашигтай байх талыг хардаг. Нэг хүүхдэд давуу байдлыг олгож эхлэхэд бусад хүүхдийн суралцах идэвх, өөртөө итгэх итгэл буурдаг. Энэ нь сурах эрхийг хангахад зөрчил гаргаж байна гэсэн үг. Багшийн ёс зүйн дүрэм 2018 оны тавдугаар сард шинэчлэгдэн батлагдсан. Зарим багш нар энэ дүрмийг мэдэхгүй байна. Энэ дүрэм олон нийтэд ил байх ёстой атал тийм биш байна. Улсын шалгалтын үеэр багш нарын хоолны мөнгө гэж нэг хүүхдээс 5000 төгрөгийн хураамж авдаг. Нэг ангид 30 хүүхэд суралцдаг гэж тооцоход биднээс шалгалт авсныхаа төлөө 150 мянган төгрөгөөр хооллож байгаа нь шударга зүйл үү. Бидэнд шударга байхыг заадаг ч бодит байдал дээр шударга бус үйлдэл гаргаж байна гэх зэрэг сэтгэл сэрдхийлгэм гомдол судалгааны дүнгээр гарсан.

Б.Батжаргал: Багш нар мэргэжлийн холбоотой болох замаар тулгамдсан асуудлаа шийдэх хэрэгтэй

-Багш нарын ур чадвар дутмаг байгаа нь хүүхдүүд өөрийгөө болон бусдыг хуурах эхлэл болж байна гэлээ. Багш нарын ур чадварыг дээшлүүлэхийн тулд юу хийх ёстой юм бол?

-Хоёр асуудал бий. Нэгдүгээрт, багшийн үнэлгээг шийдэх ёстой. Үүний тулд тухайн багшид ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэдгийг олж, илрүүлэхэд чиглэгдэг байгаасай гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, багшийн үнэлгээний зорилго чиглэлийг эрс өөрчлөх хэрэгтэй гэсэн санаа юм. Хоёрдугаарт, багшийн ажлын үнэлгээ, мэргэжлийн ёс зүйн дүрэм, мэргэжлийн зэрэг олгох, багшлах эрх олгох зэрэг асуудлыг төр хариуцаж ажилладаг. Хуульчдын холбоо шиг багшийн мэргэжлийн холбоо байгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, багшлах эрх олгох, ёс зүйд хяналт тавьдаг, багшийн мэргэжилтэй холбоотой бодлогын асуудлыг яамтай зөвлөлдөх эрхтэй холбоотой болбол илүү үр дүнд хүрнэ.

-Сургуулийн орчинд дарамт шахалт их байгаа нь сурагчид хөгжихөд саад болж байна гэсэн. Дарамт, шахалтыг арилгахад мэргэжлийн байгууллага юуг анхаарч ажиллах ёстой юм бэ?

-Манай нийгэмлэг Азийн сан, нийслэлийн Боловсролын газар, Авлигатай тэмцэх газар, Хууль сахиулах сургуультай зэрэг байгууллагатай хамтарч есдүгээр ангийн хичээлийн хөтөлбөрт “Шударга ёсонд суралцах нь” гэдэг хичээлийн агууллагыг туршиж байна. Хөтөлбөрийн дагуу багш нар шударга ёс гэж юу юм бэ, хэрхэн шударга байх вэ зэрэг сэдвээр лекц, семенар бэлтгэж орох ёстой. Хичээлийн хувьд мэтгэлцээн, харилцан яриа, кино үзэх зэрэг төрлөөр ордог. Ингэхээр багш, сурагч хоёрын аль алинд нь нааштай эерэг өөрчлөлт гарч байгаа нь харагдсан.

-Ямар өөрчлөлт гарсан юм бол?

-Багш нарын хувьд үйлдэл, үгэндээ их анхаардаг болсон. Зарим багш нар “Би өөрөө хэр шударга ханддаг юм бол” гэх зэргээр дүгнэлт хийсэн. Нөгөөтэйгүүр хүүхдүүд сургуулийн орчинд ямар шударга бус зүйл байна вэ гэдгийг илрүүлж, арга хэмжээ авч байна. Тухайлбал, хэд хэдэн сургуульд хэлэлцүүлэг зохион байгуулж, ойр орчимд нь ямар шударга бус зүйл байгаа талаар ярилцдаг болсон. Эндээс гарсан үр дүнгээ сургуулийн удирдлагууддаа уламжилж, тэндээс холбогдох арга хэмжээ авдаг болсон. Ийм эерэг хандлага нэмэгдсэн.

Г.НАЦАГ-ЭРДЭНЭ

Эх сурвалж

   

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх