Хүүхдүүд шударга зангаа хэзээ гээдэг вэ?


2016/06/22  2068   0


-Судалгааны дүнгээс харахад хүүхдүүд том болох тусмаа, анги ахих хэрээр шударга байдлаа гээдэг болох нь анзаарагджээ. Мөн охид хөвгүүдээсээ илүү шударга зантай гэдгийг судалгаа харуулсан байна-

Авлигатай тэмцэх газар “Хүүхдийн шударга байдлын түвшний судалгаа”-г саяхан хийжээ. Урьд нь таван удаа явуулж байсан уг судалгааны энэ удаагийнхаас сонирхолтой хариу гарсан байна. Дунд сургуулийн дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн шударга ёсны талаарх хандлагыг тодорхойлох зорилгоор өнгөрсөн 2015 онд явуулсан судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн 7-11 дүгээр ангийн сурагчдын төлөөлөл 1929 хүүхдийг хамруулжээ. Өмнөх судалгаанд бүх аймаг, дүүргийн хүүхдүүдийг багтааж чаддаггүй байсан бол энэ удаад хот, хөдөө, зүүн баруунгүй хамрагдсан байх юм. 7-11 дүгээр анги буюу 13-17 насны хүүхдүүдийн шударга байдал, зан чанарын төлөвшилт, тэдний ёс зүйд гэр бүл, найз нөхөд нь хэр нөлөөтэй болох, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтийн нөлөө ямар түвшинд байгааг тодорхойлох зорилгыг судлаачид хичээсэн байна. Мөн тодорхой нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүүхдүүдийн шударга байдлыг өөр нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүүхдүүдийнхтэй харьцуулах, насны зөрүүтэй хүүхдүүдийн хариултыг өөр хооронд нь харьцуулах боломжийг энэ удаагийн судалгаа олгожээ.

Хүүхдүүдийн өдөр тутмын амьдралд тохиолддог жишээн дээр тулгуурлан, нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан асуулгыг боловсруулжээ. Гэхдээ энэ судалгаагаар монгол хүүхдүүдийн шударга байдлыг бүрэн дүүрэн харуулна гэж хэлэх боломжгүй гэдгийг Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Шинэбаяр тодотгож байлаа. Учир нь зөвхөн 7-11 дүгээр ангийн хүүхдүүдийг хамруулж байгаагийн дээр сумын төвд амьдарч байгаа болон сургууль завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж чадаагүй ажээ. Үүнээс гадна энэ удаагийн судалгааг онлайн хэлбэрээр авсан учир интернэт ашиглаж чадахгүй хүүхдүүд энэ судалгаанд хамрагдаагүй аж.

Судалгааны дүнгээс харахад хүүхдүүд том болох тусмаа, анги ахих хэрээр шударга байдлаа гээдэг болох нь анзаарагджээ. Мөн охид хөвгүүдээсээ илүү шударга зантай гэдгийг судалгаа харуулсан байна. Хүүхдүүдийн дунд авлигын талаарх ойлголт сул байгаа хэдий ч эцэг, эх, багш нартайгаа амьдралын үнэн зөв, худал хуурмаг, шударга болон шударга бус үйлийн талаар ярилцдаг байх тусмаа хүүхдүүдэд шударга зан илүү төлөвшдөг байна. Харин энэ талаар огт ярилцдаггүй, бодол санаагаа хуваалцдаггүй бол шударга байдлын түвшин нь доогуур үзүүлэлттэй гарч байгааг судалгаа харуулжээ. Найз нөхөд нь буруу зүйлд уруу татдаг бол хүүхдийн шударга байдал буурах хандлагатайн дээр өөрийн хамгийн ойр дотнын хүмүүс, аав ээж, гэр бүл, сургуулийн орчноос шударга байдлын талаарх мэдээлэл авдаг хүүхдүүд илүү үнэнч, шударга болох нь анзаарагдсан банйа. Харин интернэтээс болон найз, нөхдөөсөө энэ талаарх ойлголтыг хүлээн авдаг хүүхдүүдийн хувьд үнэлгээ доогуур гарчээ.

Тиймээс судлаачид эцэг эхчүүдэд хандан, та хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлье, шударга үнэнч зан төлөвшүүльет гэвэл хүүхдүүдтэйгээ илүү нээлттэй харилцаж, ойр дотно байж, харилцан ярилцаж, хүүхдийнхээ санаа бодлыг сонсож байгаарай хэмээн зөвлөж байна. Мэдээж хамгийн чухал нь үлгэрлэл. Аав ээж нь шударга бусыг хийсээр байж хүүхдээс шударга байхыг шаардах нь бүтэхгүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Эцэг эхчүүд хүүхдүүддээ шударга бус хандах нь харьцангуй бага байдаг. Гэтэл сургуулийн орчинд, багш сурган хүмүүжүүлэгч нар хүүхдүүдэд шударга бус хандах, хичээлийн үнэлгээг харилцан адилгүй тавих, дүнг гуйгаар засах зэргээр илтэд шударга бус байдал үзүүлдгээс хүүхдүүд томрох тусмаа шударга бустай нүүр тулдаг. Олонх нь шударга бусад дасан зохицож, бага багаар уусч байдаг бол зарим хүүхдүүд багш нар, үеийнхнийхээ гаргасан шударга бус үйлд дургүйцэн тэрсэлдэж, муу сурагч нэр зүүх нь ч бий.

Түүнчлэн интернэтийн мэдээлэл, ялангуяа нийгмийн сүлжээний сөрөг нөлөөнөөс хүүхдийг хамгаалах шаардлага тулгарч байгааг АТГ-ын мэргэжилтнүүд онцгойлон сануулж байна. Үүнийг хүчээр хийхэд хэцүү. Хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, ёс суртахууны зөв хандлагатай болгоход туслах уран зохиолыг бодлоготойгоор судлуулах шаардлагатай гэдгийг ч тэд онцлов. Хүүхдүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, бусадтай харилцах эрх чөлөөг нь хязгаарлахгүй байхын дээр эцэг эхчүүд хүүхдийнхээ дотоод ертөнцийг хааяа ч бол тандаж байгаарай.

Д.ЦЭЭНЭ

Эх сурвалж: http://www.news.mn/r/306563

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх