Комиссар Х.Энхжаргалын “ЗА”


2016/10/14  2359   0


Авлигатай тэмцэгчид огт өөр стратегиар ажиллахаар төлөвлөж байгааг АТГ-ын шинэхэн дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал мэдэгдлээ. Түүнд ингэх “эрмэлзэл” байгаа гэнэ. Ингэж хэлэхдээ тэрбээр завсарлуулчихаад байгаа намрын чуулганыг нээж хэлсэн УИХ-ын дарга М.Энхболдын үгийг иш татахаа мартсангүй. М.Энхболд Авлигатай тэмцэх хөтөлбөрийг батална хэмээн мэдэгдсэн.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гаргасан зөвлөмжид комиссар Х.Энхжаргал “ЗА” гэж хариуллаа.

ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ ЮУ ЗӨВЛӨСӨН БЭ?

Хамгийн түрүүнд, АТГ-ын байранд иргэд чөлөөтэй нэвтэрч, тус байгууллагаас авах шаардлагатай зөвлөгөө туслалцаа, баримт мэдээлэл авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, өөрийн үйл ажиллагааны талаар тогтмол хугацаанд иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх ажлыг хэвшүүлэхийг зөвлөж. Хариулт нь “За”.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг чанд сахин хэрэгжүүлэх, иргэдийн уг эрхийг дээд зэргээр хангах замаар бусад төр засгийн байгууллагад үлгэрлэх ажилд онцгой анхаараарай. Хариулт нь “За”.

Өгсөн зөвлөмжөөр хамгийн чухлын нэг нь бөгөөд олон нийтийн хувьд байнга хардлага дагуулдаг хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ) зэргийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд дэлгэрэнгүй задаргаатайгаар, мөн файлын ‘pdf’ хэлбэрээр бус ‘Excel’ зэрэг хүснэгтэн мэдээллийн хэлбэрээр нийтэлж хэвших байв. Мэдүүлэгч хэдэн тэрбумаар тооцогдох хөрөнгөө хаанаас, ямар эх үүсвэрээр хэрхэн олсон гэдгийг огт нийтэлдэггүй нь хардахаас өөр аргагүй. Нөгөөтэйгүүр энэ нь тухайн этгээд хууль бусаар ч олж авсан байж болзошгүй хөрөнгөө “намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэсэн шиг мэдүүлээд ч байх шиг. Ийм чухал асуудалд АТГ-ын дарга “За” гэчихлээ. Үүгээр маш том ахиц гарна. Ийм мэдээлэл олон нийтэд ил болчихно гэдэг хардаж, сэрдэхгүй болохын сацуу хэн хаанаас хэрхэн хөрөнгөтэй болсныг төвөггүйхэн мэдэж болдог болох нь. Үүнд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянасан талаарх мэдээллийн нээлттэй байдлыг дээд зэргээр хангах бас багтжээ. Хариулт нь “Ок” шүү дээ.

Дараагийн ээлжинд төр засгийн бүхий л үйл ажиллагаа, худалдан авалт, тендер шалгаруулалт, төсөв, санхүү хариуцсан болон бусад нийтийн албан тушаалтнаас гарч байгаа аливаа шийдвэр, албан баримт бичгийн ил тод, нээлттэй байдал, хүнд суртал, чирэгдэл, авлига, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчил, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэдээс хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор яам болон агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд Олон нийтийн хяналтын зөвлөл буюу хороог холбогдох байгууллагууд, орон нутгийн иргэдтэй хамтран байгуулж ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг зөвлөжээ. АТГ-ын даргын хариулт тодорхой, “За”. Ингэснээр тендерт иргэд өөрсдөө хяналт тавих боломжийг бүрдүүлнэ. Хяналтаа сайжруулж чадвал тендерийн тэрбумтныг төрөхөөс нь өмнө “илгээчихнэ” гэсэн үг.

Эцсийн зөвлөмжийг зориуд бүтнээр нь хүргэе. Энэ нь улстөрчдийн зориг, зүрх дутаж, өөрсдийнхөө толгойд дүүжлүүрийн олс угласнаас өөрцгүй гэж хойш тавьж, заримыг нь хар даруулахад хүргэсэн хуулийн төсөлтэй холбоотой заалт. Цээжлээд аваарай.

-Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд нийт иргэд, иргэний нийгэм болон хувийн хэвшил бизнесийн байгууллагууд, олон нийтийн оролцоог улам нэмэгдүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төр-түмний түншлэлийг хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг олон нийтийн цуврал хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулах арга замаар сайжруулан боловсруулж, төрөөс авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоо бүрдүүлэх талаар баримтлах бодлогын хэмжээнд УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах арга хэмжээ авах зөвлөмж юм шүү. Харин Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал үүнд толгой дохисон. Тиймээс хүлээж авсан гэсэн үг. Одоо олон нийтийн зүгээс хүлээлт үүсэх нь тодорхой. Ам ажил биелэх эсэх нь цаг хугацааны асуудал. Мэдээж энэ бүхнийг хэрэгжүүлэх нь амаргүй ажил. Баргийн хүний хийчихгүй, албан тушаал байтугай зүйлээсээ ч салж мэдэх эрсдэлийг дагуулж мэднэ. Учир нь, өнөөгийн авлигачид мөнгөтэй, хүчтэй байгаа. Тиймээс Х.Энхжаргал комиссарт урьд өмнөхөөс илүү олон нийтийн хамгаалалт хэрэгтэй болох нь дамжиггүй.

Сэтгүүлч Л.Нарантөгс 

Эх сурвалж: http://www.news.mn/r/314755

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх