Коронавирусийн тархалт Гондураст өөр нэгэн “тахал”-ыг ил болгов


2020/04/01  201   0


Энэ долоо хоногт Гондурас Улсад COVID-19 халдварын тохиолдол 67 болж, нас барсан эхний тохиолдол бүртгэгдсэний сацуу тус улсын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлыг доройтуулж байгаа өөр нэг тахал нь “авлига” болохыг шинжээчид анхаарууллаа.

Тус улсын нийслэл Тегусигалпад төвтэй хүний эрх, ил тод байдлыг хангах чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг “Илүү шударга нийгмийн холбоо” ТББ-ын тэргүүн Карлос Эрнандэс хэлэхдээ, “Бид маш хэврэгхэн эрүүл мэндийн тогтолцоотой. Харамсалтай нь манай үе үеийн засгийн газрын хувьд энэ асуудлыг хэзээ ч нэн тэргүүнд анхаарч үзэх асуудал гэж тооцож байгаагүй. Тэгээд бас өөр нэг шалтгаан нь мэдээж авлига юм” гэжээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын үзүүлэлтээр бол Гондурас нь эрүүл мэндийн хамгийн тааруухан хөгжилтэй орнуудын тоонд багтдаг бөгөөд цар тахалтай тэмцэх чадваргүй юм. Тус улс ДНБ-нийхээ дөнгөж 8.5 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг нь бүс нутгийн хэмжээний дундаж болох 14 хувьтай харьцуулахад тун бага үзүүлэлт юм. Үүнээс гадна эрүүл мэндийн салбар дахь авлига, эм, эмнэлгийн хэрэгслийг хэт хөөрөгдсөн үнээр худалдан авдаг тогтолцоо, улсын төсвийн хөрөнгийг шамшигдуулдаг байдал зэрэг нь дээрхи асуудлыг улам бүр даамжируулсаар байгаа билээ.

Гондурасын эрүүл мэндийн тогтолцоо нь тус салбарт жилийн жилд давтагддаг төсвийн хөрөнгийн дутагдал гачигдал, тэрхүү багахан хэмжээний төсвийг нь ашиглан завшсан удаа дараагийн авлигын гэмт хэргүүдийн улмаас дампуурлын ирмэгт ирээд байна. Эмнэлгүүд нь эм, эмнэлгийн хэрэгсэл, ор, наад захын хэрэгцээт зүйлсээр дутмаг байгаа нь өдөр тутам нэмэгдэж буй цар тахлын нөхцөл байдлын аюулыг нэмэгдүүлсээр байна.

Вирусын тархалтын эсрэг авах аливаа хариу арга хэмжээ нь засгийн газарт байгаа завшигчдад мөнгө хулгайлах боломжийг улам бүр бүрдүүлж нөхцөл байдлыг дордуулах болно гэж шинжээчид үзэж байна.  

Хернандес “түүхэн сургамжаас харахад улс оронд гамшиг, хямралын үе тохиолдоход  авлигачид л завшиж байдаг” гэв.

Маш олон жилийн өмнөөс эхлэх Гондурасын эрүүл мэндийн салбар авлигад идэгдэж эхэлсэн. Гэвч 2015 онд илэрсэн нэгэн хэрэг нөхцөл байдал хэрээс хэтэрснийг харуулж Гондурасчуудыг гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэхээс аргагүй байдалд оруулсан.

Нийтийн эрх ашгийг зөрчсөн гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бүхий байгууллага болох Гондурасын Нийтийн албаны яамны ажилтнууд эрүүл мэндийн салбараас хэдэн зуун сая долларыг ашиглан завшихад ашиглагддаг өөр хоорондоо нягт уялдаатайгаар ажилладаг хуурамч компаниудын сүлжээг илрүүлсэн билээ.

Баячууд тансаг орд харш, үнэтэй машин худалдан авч байхад дундаж иргэд нь эм тариагаар дутагдаж, эмнэлэгт ч хэвтэж чадахгүй байлаа. Дээрхи хэргээр 45 орчим хүн шалгагдаж, 10 хүн ял авчээ.  

“Эрүүл мэндийн салбар дахь авлига нь новшийн улс төрчид, ашиг хөөсөн новшийн бизнес хийгчид, новшийн түшмэлүүдийн холбоо сүлбээ юм. Тэд л энэ салбарыг тонон дээрэмдсэн” гэж Эрнандэс өгүүлэв.

             Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх