Мөнгө угаахтай тэмцэх ирээдүйн арга зам: Блокчэйн технологи урсгалыг эргүүлж чадах уу?


2021/09/30  555   0


Санхүү, мэдээллийн технологийн сүүлийн арван жилийн хамгийн сэтгэл хөдөлгөм өөрчлөлтүүдийн нэг бол блокчэйн технологи юм. Блокчэйн гэдэг нь нэг юмуу олон сервер дээр байрласан гэхээсээ илүүтэй компьютерүүдийн сүлжээнд тархсан мэдээллийн сан юм. Блокчэйн технологийн анхны бөгөөд хамгийн алдартай практик хэрэглээ бол цахим валют болох биткойн юм. Блокчэйн технологийг ашигладаг биткойн болон түүнтэй адилтгах криптовалютууд нь хэрэглэгчдэд нэрээ нууцалсан бэлэн мөнгөний гүйлгээтэй ижил үйлчилгээ санал болгодог бөгөөд хар тамхи, зэвсэг, биеэ үнэлэлтийн хууль бус гүйлгээтэй ч холбогддог. Тиймээс санхүүгийн гэмт хэрэг болон авлигатай тэмцэгчид блокчэйн технологийг заримдаа асуудал, сорилт гэж үздэг нь гайхах зүйл биш юм.

Гэхдээ блокчэйн технологийн өөр олон төрлийн хэрэглээ бий бөгөөд үнэн хэрэгтээ ихэнх нь эдгээр гэмт хэрэгтэй тэмцэхэд тусалдаг. Энэ блог дээр бичсэн өмнөх нийтлэлдээ Jeanne Jeong блокчэйн технологийг газрын бүртгэлд хэрхэн ашиглах талаар хэлэлцсэн байна. Үе үе дурдагддаг (эндээс болон эндээс үзнэ үү) боловч хараахан хангалттай хэрэгжүүлээгүй байгаа блокчэйний өөр нэг хэрэглээ бол мөнгө угаахтай тэмцэхтэй холбоотой. Одоогийн байдлаар банкууд мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээнд жилд ойролцоогоор 10 тэрбум ам.доллар зарцуулж буй боловч мөнгө угаах ажиллагаа асар өргөн хүрээнд явагдсаар байна. Мөнгө угаах ажиллагааны зорилго нь хууль бусаар олж авсан мөнгөө (жишээ нь, авлигын замаар) “цэвэр” мөнгө болгон “угааж”, улмаар мөнгөний гарал үүслийг мөшгих аргагүй болгох явдал юм. Блокчэйн технологи нь мөнгө угаахтай тэмцэх хүчин чармайлтыг илүү үр дүнтэй, өртөг багатай болгох таван онцлог шинж чанартай:

§  Зөвшилцөл: Блокчэйний тархмал бүртгэлийн технологийн ачаар хүн бүр (эсвэл, дор хаяж, оролцсон хүмүүс) гүйлгээний талаарх ижил мэдээллийг шууд харж болно. Бие биетэйгээ харилцаж, тус тусдаа шинэчлэгддэг мэдээллийн сангаас ялгаатай нь блокчэйний шинэчлэлүүд нэгэн зэрэг хийгддэг. Өөрөөр хэлбэл, “Би таны харж байгаа зүйлийг харж байгаа”, “Миний мэдэж байгаа зүйлийг та мэдэж байгаа гэдгийг би мэдэж байгаа” гэх мэтэд банкууд итгэлтэй байж болно. Энэ бол итгэлцлийн үндэс бөгөөд гүйлгээний дундын зуучлагчийг шахан гаргах боломжтой юм.

§  Хүчин төгөлдөр байдал: Блокчэйн технологи нь гүйлгээний дүрмийн талаарх нийтлэг зөвшилцлөөр хангадаг тул систем дэх шинэчлэлт бүр хүчин төгөлдөр байх баталгааг өгдөг. Энэ нь, мэдээллийн баазын алдааг нэхэх зэрэг аргаар системээр тоглоход төвөгтэй болгодог.

§  Цор ганц байдал: Блокчэйний системд зөрчилтэй хоёр оролт үүсгэх боломжгүй бөгөөд мөнгийг хууль бусаар олж авсан хэрнээ хууль ёсны эх үүсвэртэй гэсэн дүр эсгэх боломжгүй болгож байгаа юм.

§  Өөрчлөгдөшгүй байдал: Блокчэйн бүртгэлийг төвлөрсөн мэдээллийн санд бус бүх сүлжээгээр тархсан бүртгэлийн системд тараасан байдаг тул нэгэнт бүртгэгдсэн блокчэйн гүйлгээ бараг л "өөрчлөгдөшгүй" байдаг. Өмнөх гүйлгээний өгөгдлийг өөрчлөх боломжгүй, зөвхөн шинэчилж болох бөгөөд өмнөх гүйлгээний өгөгдөл үргэлж хүчинтэй хэвээр байна. Тиймээс, гүйлгээний өгөгдлийг нэгэнт бүртгэсний дараа (мөнгөний өмнөх эзэн, шинэ эзэн, гүйлгээний үндэслэлийг оруулаад) эдгээр өгөгдлийг хуурамчаар үйлдэх боломжгүй.

§  Баталгаажуулалт: Гүйлгээ бүр дор хаяж хоёр нууц түлхүүртэй холбогдсон байдаг ба “мастер түлхүүр” гэсэн ойлголт блокчэйний нэг хэсэг биш юм. Энэ нь администратор эсвэл “super-user” мэдээллийн баазыг дангаар нь өөрчилж болдог одоогийн мэдээллийн сангийн системээс эрс ялгаатай бөгөөд энэ нь аюулгүй байдлын үүднээс эрсдэлтэй юм.

Дүгнэж хэлэхэд блокчэйн технологиор мөнгө шилжүүлэх нь систем дэх зоос бүрийн түүхэн болон одоогийн эзэмшлийг хянах боломжийг олгодог. Энэ бол долларын дэвсгэрт бүрийн серийн дугаарыг хараад тэр долларыг эзэмшиж байсан бүх хүнийг болон хэзээ, хаана, яагаад шилжүүлснийг олж мэдэх боломжтой гэсэнтэй ижил юм.

Онолын хувьд

Өнөөдрийн байдлаар блокчэйн нь ихэнх зохицуулагч, банк, бизнес эрхлэгчид, тэр ч байтугай олон технологийн үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд “хар хайрцаг” хэвээр байна. 2008 онд биткойныг танилцуулснаас хойш энэхүү технологи санхүүгийн салбарт хэрхэн хувьсгал хийх талаар ажиглагчид хэлэлцсээр байгаа (жишээлбэл, энэ болон энэ) боловч одоогоор цөөн тооны програм л санхүүгийн гол гол институцид нэвтэрсэн байна. Санхүүгийн салбарт блокчэйн технологитой хамт урагшлахад хамгийн их тулгамдаж буй асуудал бол, зохицуулагчид болон банкуудын тэмдэглэснээр, блокчэйн протоколын стандартчилал юм. Одоогийн байдлаар олон тооны криптовалют, блокчэйн сүлжээ, протоколууд гарч ирсэн бөгөөд санхүүгийн технологийн олон зуун тоглогчид зах зээлийг хувааж байна. Өөр өөр сүлжээнүүд хоорондоо нэгэн зэрэг харилцах боломжгүй болох тул стандартчилал хийхгүй л бол блокчэйний ихэнх давуу талыг ашиглаж чадахгүйд хүрэх юм. Түүнчлэн, технологийн талаар гүн гүнзгий ойлголтгүйгээр нийтийн болон мэргэжлийн салбар дахь хэрэглэгчдийн технологид итгэх итгэлийг олж авахад бэрх байх болно. Итгэл бол санхүүгийн гүйлгээний хамгийн чухал элемент юм.

Гэхдээ юмс маш хурдан өөрчлөгдөж байна. Жишээлбэл, 10 дугаар сарын 24-ний өдөр Австралийн Хамтын нөхөрлөлийн банк болон Веллс Фарго компаниуд хэд хэдэн блокчэйн технологийг ашигласан банк хоорондын анхны хил дамнасан арилжаа амжилттай болсныг зарлалаа. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дэлхийн 70 гаруй санхүүгийн байгууллагуудын консорциумын боловсруулсан блокчэйн технологийн бүртгэл болох Corda нээлттэй эх болох бөгөөд, ингэснээр эх код нь үнэ төлбөргүйгээр олон нийтэд нээлттэй болох юм. Санхүүгийн янз бүрийн тоглогчид Кордаг хэрхэн нэгтгэхийг ажиглах нь сонирхолтой бөгөөд чухал үйл явдал байх болно. Бусад ихэнх нээлттэй эхийн стандартаас ялгаатай нь Корда хэд хэдэн онцлог шинж чанартай байна:

§  Стандартад хамгийн сайн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг банкуудад олгоно;

§  Бүх өгөгдлийг блокчэйний оролцогчдод хуулбарлахгүй байх замаар ил тод байдлыг бий болгохын оронд пүүсүүдийн хооронд байгуулсан хувийн хэлэлцээрт анхаарал хандуулдаг (энэ нь хувийн нууцлалыг хамгаалах боломжийг олгох юм);

§  Маргааныг ил тод, шуурхай шийдвэрлэх боломжийг олгохын тулд хэлэлцээрт өөрөө өөрийгөө төлөөлөх заалтыг оруулсан байдаг;

§  Бизнесийн логикийг одоо байгаа кодонд руу бичих боломжийг олгодог.

Хэрэв энэ стандартыг өргөн хүрээнд нэвтрүүлэх боломжтой болвол энэ нь зохицуулагчид, аудиторууд, шүүгчдэд хууль ёсны гүйлгээнд хяналт тавих зорилгоор банкны болон нийт салбарын блокчэйн системд шаардлагатай боловсруулалтад хүчин чармайлтаа чиглүүлэх боломжийг олгох болно. Энэхүү технологийн хэрэглээ өргөжих нь хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагуудад аливаа хууль бус гүйлгээг бүхэлд нь шууд, үнэн зөв олж харах замаар мөнгө угаахтай тэмцэх шинэ, хүчирхэг гүйцэтгэх механизмыг бий болгож, авлигатай тэмцэх дэлхий нийтийн үйл ажиллагаанд томоохон алхам болох нь гарцаагүй юм.

 

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com/2016/11/07/the-road-ahead-in-anti-money-laundering-aml-can-blockchain-technology-turn-the-tide/  

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх