Мөнгөөр дүн тавьдаг байсан Балтиморын математикийн профессор нэг жилийн хорих ялаар шийтгэгджээ


2021/09/28  622   0


Прокуроруудын үзэж байгаагаар профессор Эдвард С.Эннелсийн Балтимор хотын коллежид заасан математикийн хичээл маш энгийн зүйл байв: С үнэлгээ 150 доллар; В үнэлгээ 250 доллар; А үнэлгээ 500 доллар. Зарим хичээлийн хувь А үнэлгээ 300 долларын үнэтэй ч байж болно.

Мэриландын ерөнхий прокурор Брайн Э.Фрош пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ ноён Эннелс (45 настай) өнгөрсөн жилийн сургалтын долоон сарын хугацаанд 112 оюутнаас хахууль шаардаж, есөн оюутнаас нийт 2815 долларын 10 удаагийн төлбөр авсан хэмээн дурджээ.

Мөн ноён Эннелс оюутнуудад сургалтын материалыг үзэх, даалгавраа хаах боломж олгодог онлайн нэвтрэх кодыг зарсан гэж прокурорууд хэлэв. Тэрээр 2013-2020 он хүртэл 694 удаагийн хандалтын код тус бүрийг 90 орчим доллараар зарсан байна.

Прокурорын болон шүүхийн цахим тэмдэглэлд дурдсанаар тус коллежид 15 жил ажилласан, мөн факультетын сенатын Ёс зүй, байгууллагын шударга байдлын хороонд ажиллаж байсан профессор Эннелс Пүрэв гарагт Балтимор мужийн тойргийн шүүхэд хээл хахууль, албан тушаалын ёс зүй зөрчсөн гэх мэт 11 гэмт хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн байна.

Түүнд 10 жилийн хорих ял оноосон бөгөөд нэг жилээс бусад хугацааг нь түдгэлзүүлж, орон нутгийн шоронд 1 жил хорих ял оноожээ. Түүнчлэн нөхөн төлбөрт 60,000 доллар төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд суллагдсаных нь дараа таван жилийн хугацаанд тэнсэн харгалзах юм байна.

Ноён Фрош мэдэгдэлдээ Эннелс өөрийгөө далдлахын тулд олон янзын хуурамч нэр ашиглах зэргээр "оюутнуудынхаа давуу талыг ашиглахын тулд гэмт хэргийн нарийн схем боловсруулсан" гэжээ.

Эннелс 2020 оны 3-р сард "Берти Бенсон" хэмээх нууц нэр ашиглан өөрийнхөө өөр нэг нууц нэр болох "Аманда Вилберт" рүү имэйл илгээсэн байна. Тус имэйлд "Бенсон" нь "Вилбертийн" математикийн даалгаврыг гүйцэтгэхийг санал болгож, түүнд 300 доллараар A үнэлгээ авч өгөх баталгаа өгчээ.  

Эннелс тэр имэйлийг өөрийн хичээл зааж байсан 112 оюутанд "Вилберт"-ийн нэрээр дамжуулсан байна. "Эннелс хээл хахуулийн хэмжээг оюутнуудтай ихэвчлэн тохиролцож, курс, ангиа хамаарч өөр өөр үнэ тогтоодог байсан" гэж  мэдэгдэлд дурджээ.

Ихэнх оюутнууд хахууль өгөхөөс татгалзаж байсан боловч ноён Эннелс "хахуулийн хэмжээг бууруулж, эсвэл төлбөрийн төлөвлөгөөг санал болгон байнга шаардаж байсан" байна.

Мэдэгдэлд дурдсанаар, нэгэн оюутан А үнэлгээг 500 доллараар худалдаж авахаас татгалзаж “Өө, надад наадах чинь байхгүй ээ, уучлаарай. Би хичээлээ судалж, шалгалтаа амжилттай өгч чадна." гэхэд Эннельс "Чи хэдийг өгч чадах юм?" гэж асуусан байна.

Тухайн оюутан эцэст нь хахууль өгсөн боловч чухам хэдийг төлснийг прокурор хэлээгүй байна.

Эннелсийн өмгөөлөгч Бенжамин Ж.Хербст пүрэв гарагийн орой өгсөн ярилцлагадаа ноён Эннелс "мөрийтэй тоглоомонд донтсон учраас л ийм зүйл хийсэн бөгөөд шунахайн сэдэл байгаагүй. Тэр бас тансаг амьдарч байгаагүй, хожим хэрэглэхээр ч  хадгалаагүй.” хэмээн ноён Хербст хэлсэн байна. "Тэр бол сайн хүн, ажилдаа, оюутнууддаа хайртай байсан.", "Тэр үүнийг даван туулах болно." гэжээ.

 

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх