Мөрдөн шалгах ажлын туршлага солилцох талаар уулзаж ярилцав


2019/09/05  178   0


Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан БНХАУ-д суугаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайдын яамны дэргэдэх тус улсын Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний газрын суурин төлөөлөгч Давид Күүпэрийг өөрийнх нь хүсэлтээр 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд эрүүгийн хэрэгт харилцан мэдээлэл солилцох, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр туршлага хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцав.

Ноён Давид Күүпэр Монгол Улсад анх удаа ирсэн бөгөөд цаашид Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний газар (National crime agency) нь анх 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан бөгөөд бүс нутагт болон олон улсад үйлдэгдсэн зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний болон зэвсэг, хар тамхины наймааны гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг мөрдөн шалгах чиг үүрэгтэй, 5000 гаруй албан хаагчтай төрийн байгууллага юм байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Авлигын эсрэг олон улсын төвтэй хамтран ажилладаг юм.

Write comment