Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль буюу нийтээр хэлж заншсанаар “Сонирхлын зөрчлийн тухай хууль” хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс /2015.05.01/ өмнө нь төрийн албанд ажиллах хэн боловч хувийн ашиг сонирхлоо мэдэгдэж тайлбарладаг хууль эрх зүйн орчин байгаагүйгээс иргэд олон нийтийн дунд танил талаа харж томилгоо хийдэг, ингэж томилогдсон төрийн албан хаагчид нь хүнд сурталтай, хувийн эрх ашгийн үүднээс аливаа асуудалд ханддаг, найзархах, намчирхах байдлаар төрийн ажлыг явуулж авлига, хээл хахууль авдаг гэсэн сөрөг ойлголт, уур амьсгал нийгэмд тогтсон байсан.
Сонирхлын зөрчлийн хууль гарч, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянадаг болсноор энэ байдал тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл нийтийн албанд хэнийг томилох, томилсны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар тухайн төрийн байгууллага Авлигатай тэмцэх газрын саналыг “сонсдог” боллоо. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тухайн нэр дэвшсэн этгээдээрээ энэхүү урьдчилсан мэдүүлгийг гаргуулан авч, хянуулахаар ирүүлдэг ба тус газар ажлын 10 хоногийн дотор хянан үзээд хариу мэдэгддэг. Зөвхөн нийтийн албанд анх удаа томилогдож байгаа хүмүүс төдийгүй өмнө ажиллаж байгаад албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдөх тохиолдолд бүрт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраар хянуулах үүрэгтэй, энэ нь хэрэгжүүлэх албан үүрэг нь тухай хүний хувийн ашиг сонирхолтой харшлах эсэх талаас нь хянаж үздэгтэй холбоотой юм.
Үзүүлэлт | 2014 он | 2015 он | 2016 он |
ХАСУМ хянуулахаар ирүүлсэн албан тушаалтны тоо | 13226 | 8283 | 11988 |
ХАСУМ-ийг хянаж хариу хүргүүлсэн тоо | 12940 | 8119 | 11504 |
Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар дүгнэлт гаргаж хүргүүлсэн албан тушаалтны тоо | 162 | 38 | 39 |
Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан | 3344 | 442 | 790 |
ХАСУМ-ийг хянуулахгүйгээр томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн | 457 | 110 | 132 |