С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг АТГ шалгадаг байх нь зөв


2020/12/23  689   0


АТГ-аас “Зөв зөвд шударга зөв” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор, хуульч С.Отгонгэрэлтэй ярилцлаа.

-Зөв зөвийн дотроос хамгийн зөв үйлдэл бол шударга ёс. Тэгвэл шударга ёс яаж тогтох юм бэ?

-Хуулийн нэг л том зарчим бий. Бүх зүйл шударгаар шийдэгдэх ёстой гэдэг. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэж зааж өгсөн.  Сүүлийн үед Үндсэн хуулийн энэ заалтыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүмжлээд байгаа. Би санал нэгтэй байгаа. Зөв асуудлыг хөндөж байна. Шударга шүүхээр шүүлгэх гэхээр шударга шүүгчийг томилох тухай яриад байна уу.  Шударгаар шүүлгүүлэх эрх гэж засах ёстой юм биш үү гэсэн санал гаргаж байсан. Тэгэхгүй болохоор шударга шүүгч хайж томилох хэрэгтэй болох нь байна шүү дээ. Гэтэл олон хүн сайнтай, муутай гэдэг байдаг учраас шүүгчээр янз бүрийн л хүн томилогдох боломжтой. Шударга ёсыг тогтоохын тулд засах, сайжруулах зүйлс  манайд их байна. Шударга ёсны зарчим гэдэг нарийн зүйл. Аливаа зүйлийн алтан дунджийг нь олж шийдэх ёстой. Хуульд заасан шударга ёсны зарчмыг нь нарийн дагах ёстой. Femida гээд шударга ёсны бэлэг тэмдэг  Хуулийн бурхан байдаг даа, нүдээ боогоод, нэг гартаа жинлүүр бариад зогсчихсон. Нөгөө гартаа сэлэм барьсан. Асуудлыг аливаа нөлөөлөлгүй, жингийн туухай дээр тавиад, шударгаар шийдвэрлэнэ гэсэн утгыг нь илэрхийлдэг.  Шударга ёсыг тогтоохын тулд хууль зөв томъёололтой байх ёстой. 1990 оноос хойш хуулийн агуулга нарийн болж, сайжраад л байгаа. Өмнө нь хэтэрхий ерөнхий байсан.

-Нийгмийг ил, далд хоёр зүйлээс засдаг. Ил засдаг нь хууль. Далдаар засдаг нь ёс зүй, шударга ёсны тухай ойлголт. Ёс зүй гэдэг хүнтэй холбоотой ойлголт учраас биднээс өөрсдөөс шалтгаална. Харин ил засаж байгаа хууль бол шударга ёсыг тогтоох чухал хэрэгсэл. Монголд 600 гаруй хууль байгаа юм билээ. Энэ олон хууль шударга ёсыг тогтооход хангалттай нөлөөлж чадаж байна уу?

-Нийгмийн суурь харилцааг зохицуулж байгаа хуулиуд байна. Манай улс эх газрын тогтолцоотой, Ром-Германы эрх зүйд хамаардаг орон. Энэ тогтолцооны хамгийн гол зүйл нь Үндсэн хууль. Үндсэн хууль бол нийгмийн суурь хууль. Тухайн Нийгмийн гэрээ ч гэж ярьдаг. Тэр гэрээнд төрийн тогтолцооноос гадна хүний болон иргэний эрхийн суурь зарчмуудыг маш сайн тусгаж өгсөн байх ёстой. Үндсэн хуулийг дагаад эрүү, иргэн, захиргаа гэсэн гол гурван хууль гардаг. Хүн өдөр болгон гурван харилцаанд орж байдаг. Автобусанд суулаа иргэний эрх зүйн харилцаанд орлоо. Хүнтэй маргалдаад зодолдлоо гэхэд эрүүгийн эрх зүйн харилцаанд орно. Хүүхдийн гэрчилгээ, цэргийн зарлан дуудах хуудас авахад захиргааны эрх зүйн харилцаанд орж байгаа юм. Энэ суурь гурван хуулийг Үндсэн хуульдаа нийцүүлээд, маш сайн гаргах шаардлагатай.

Хууль, шударга ёсыг тогтооход хангалттай нөлөөлж чадаж байна уу гэж та асуусан. Хоёр талтай. Хууль хэт ерөнхий байвал болдоггүй. Нарийвчилж өгөх шаардлагатай болдог. Тухайлбал, манай улсын Үндсэн хууль богинохон, 70-хан зүйлтэй. Гэтэл Европод Үндсэн хууль 250 орчим зүйлтэй байхад нийгмийн харилцааг хангалттай сайн зохицуулдаг гэж үздэг. Гэтэл манайх 70 зүйлд шахаад оруулчихсан. Хүний эрхийн Үндэсний комиссын зохицуулалтыг ч Үндсэн хуульдаа оруулаагүй. Ингэхээр иргэний эрх, хүний эрх хамгаалах асуудал орхигдоно. Манайх 1997 онд л Хүний эрхийг хамгаалах байгууллагаа Үндэсний комисс хэлбэрээр байгуулж байх жишээтэй. Европын орнуудад Ombudsman – иргэний ба хүний эрхийн төлөөлөгчийн хэлбэрээр, эрэмбийг нь Үндсэн хуулийн байгуулал болгон, Үндсэн хуулиараа  зохицуулагддаг.

Тэр ч байтугай Хүүхдийн эрхийн Ombudsman төлөөлөгч гэж байдаг. Манай улс Үндсэн хуульдаа иргэний эрх, үүргийг нь тусгасан баталгааг нь гаргасан мөртлөө хамгаалдаг байгууллагыг анхнаасаа тусгаж өгөөгүй ийм учраас иргэний эрх, хүний эрхийн гол зохицуулалтууд нь орхигдчихсон. 

1787 онд АНУ дэлхийн анхны Үндсэн хуулийг баталсан. Үндсэн хуулиа гаргаснаас хойш хоёр жилийн дараа буюу 1789 онд Францчууд Хүний ба иргэний эрхийн түгээмэл тунхаглалыг гаргачихсан. Тэр үед америкчууд өөрсдийнхөө гаргасан Үндсэн хуулийг хартал иргэний ба хүний эрхтэй холбоотой заалтуудыг орхигдуулсан байсан. Улмаар 4-5 жилийн дараа иргэний ба хүний эрхтэй холбоотой  заалтуудыг Үндсэн хуульдаа оруулсан байдаг. Манайх бол одоо болтол Хүний эрхийн Үндэсний комисстой холбоотой заалтуудаа Үндсэн хуульдаа оруулаагүй л байгаа. Үүнийг дагаад шударга ёс алдагдана. Захиргаа, Албан тушаалтнуудыг “Чи боль, хууль зөрчиж” байна гэж шаардлага тавих ёстой комисс нь сайн ажиллаж чаддаггүй. Бүр Хүний эрхийн комиссын дарга нь иргэнээ элдвээр хэлсэн асуудалд хутгалдаад, огцорсон биз дээ. Өнгөрсөн жил УИХ Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Түүнийг голж байгаа юм биш. Энэ сайжруулалтаа улам лавшруулж, Эрүүгийн болоод бусад хуулиа ч шинэчилж, гарч байгаа алдаануудыг засаж байх ёстой.

Би Европт Польш улсад сургууль төгссөн. Хуулийн ангийн оюутнууд намар хичээл орохдоо гол эрүү, иргэн гэх мэт хуулийн номоо авдаг. Дахиад хавар шалгалт өгөхдөө хуулиа шинээр худалдаж авч харьцуулж байж шалгалтаа өгдөг. Яагаад гэвэл, тэр хугацаанд хуульд нь өөрчлөлт орчихдог. Алдаагаа маш хурдтай засдаг гэсэн үг.  Хууль алдаа, хийдэлтэй гарах тохиолдол гардаг. Харин тэр алдааг нь дор нь олж хараад, мэргэжлийн холбоод, эрдэмтдийн саналыг аваад, засдаг.  Манай хууль тогтоох байгууллага эрдэмтдийнхээ саналыг байнга авч байх ёстой. Гэтэл одоо манай процессыг хар. Удаж удаж нэг юм баталдаг, алдаа мадаг байдаг байж байж нэг юм залруулдаг. Уг нь хуулийг өдөр тутам хэрэглэдэг хүмүүсийн саналыг оруулаад, мэргэжлийн холбоод, эрдэмтдийнхээ үгийг сонсож байвал хууль сайжраад л явах ёстой.

-Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүдийг шалгадаг, хянадаг хуулийн тогтолцоо ямар байна вэ.  Тухайлбал, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-гийг Ёс зүйн дэд хороо хянаж, шалгах зохицуулалттай. Гэтэл гишүүдийн хөрөнгө, орлого нь жирийн иргэдийн ой тоонд багтахааргүй их. Тэр орлогоо яаж олдог вэ гэдгээ үндэслэлтэй тайлбарлах гишүүн алга байна шүү дээ?

-Яг энэ чиглэлийн хууль хангалттай. Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг заалт бий. 22.10 зүйлийн 1-т “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Торгох ял нь 2.7 саяаас 14 сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг.  Тэгвэл  22.10 дугаар зүйлийн 2-т  Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол  гэдэг заалт бий. Парламентад суудал бүхий Улс төрийн намын лидерүүд, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтан, сайд дарга нар орно. Өөрөөр хэлбэл, улс төрийн албан тушаал хашиж байгаа этгээд юм. Энэ хүмүүс хэрвээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол  “Үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Торгох ял нь 5.4-27 сая төгрөг хүртэл байгаа.

Тэгвэл Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг заалт бий.  “Албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ” гэж тодорхойлсон.  Мөн Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор АТГ-т ХОМ-гээ өгөх ёстой. Хэрвээ мэдүүлэг гаргагч нь хуульд заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ гэж Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан байгаа.  Энэ мэтээр заалтууд бий. Авлигын хуулийн 13 дугаар зүйлд ХОМ-гийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй холбоотой олон заалт  бий. Тэгэхээр хуулийн тогтолцоо сайн байна. Гэхдээ үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн ойлголтыг улам нарийвчлах, сайжруулах шаардлагатай гэж харж байна.

Одоо гол нь ХОМ-гээ сайн шалгадаг болох хэрэгтэй. Өндөр албан тушаалтантай холбоотой болоод ирэхээр зарим учир дутагдалтай байна. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалтыг хавсарч байгаа бол ХОМ-гийг нь АТГ шалгана гэж Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан. Харин “УИХ-ын гишүүний ХОМ-гийг Ёс зүйн дэд хороо өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ”  гэж Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан байгаа.  Энэ зөв зохицуулалт мөн үү. Ёс зүйн дэд хорооны гишүүд гэхэд хамгийн олон удаа УИХ-д сонгогдсон гишүүд байх жишээтэй. Энэ чинь “Nemo iudex idoneus in propria causa” –  хэн ч өөрөө өөрийнхөө хэргийн шүүгч байх нь зохимжгүй гэсэн Ромын эрх зүйн зарчим байдаг дэлхийн нийтийн жишиг болсон энэ зарчим зөрчигдөж байгаа юм.  Тусгай чиг үүрэгтэй АТГ нь яагаад шалгаж болохгүй гэж. УИХ-ын нэг гишүүний хөрөнгө, орлого нь огцом нэмэгдсэн асуудал үүсвэл өөр нэг гишүүн нь хянана гэхээр хэцүү биз дээ. Ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжтой юу, боломжтой. Шууд ашиг сонирхол орсон гэж хэлэхэд хэцүү ч магадлалтай. Гагцхүү Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т байгаа энэ заалтаа амь оруулаач. Одоо энэ заалт үхмэл болчихлоо. УИХ-ын Ёс зүйн дэд хороо Авлигын эсрэг хууль хэрэгжсэн, өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд УИХ-ын гишүүдийн ХОМ-гийг шалгаж, асуудал үүсгэж байсан уу, үгүй юу.

-Энэ заалтыг амь оруулж, УИХ-ын гишүүдийн ХОМ-гийг шалгаж байхын тулд яах ёстой юм бэ. Ёс зүйн дэд хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, хөндлөнгийн хүн оруулах юм уу. Эсвэл АТГ-т хянан шалгах үүргийг нь өгөх ёстой юу?

-Парламентын зарчим нь олонхи нь шийдвэрээ гаргана, гэхдээ сөрөг хүчнээ сонсох. Яг тэр зарчмаар сөрөг хүчнээс хамгийн олон удаа сонгогдсон нэг гишүүнийг Ёс зүйн дэд хороонд оруулж яагаад болохгүй вэ. Тэгж байж хяналт бий болно. Дээрээс нь нэмээд Ёс зүйн дэд хороонд ямар нэг хөндлөнгийн хяналт оруулж ирэх ёстой. Засгийн газраас, Дээд шүүхээс, АТГ-аас, Ерөнхийлөгчөөс, бүр олон нийтийн төлөөлөл яагаад байж болохгүй гэж.  Засаглал хуваах зарчмаа хэрэгжүүлж байж хяналт илүү бодитой болно. Зөвхөн ХОМ-тэй холбоотой асуудал хэлэлцэхэд л тэр төлөөллүүд нь орж ирж сууж болно шүү дээ. Бусад ёс зүйн асуудалд нь оролцохгүй л байна биз. 

Уг нь АТГ-т шалгах чиг үүрэг нь байх ёстой. Гэтэл АТГ өөрөө УИХ-ын дэргэдэх байгууллага. Тийм  учраас УИХ нь “бид өөрсдөө асуудлаа шийднэ гээд” татаад авчихсан. Заавал ингэж өөрөө өөрсдийгөө хянаж байгаа дүр үзүүлж байснаас олон улсын, гадаадын сайн жишгийг судалж үзээд, өөрчилж яагаад болохгүй гэж. Парламентын гишүүдийн ХОМ-гийг хэн хэрхэн хянадаг юм гэдгийг судлаад, ажиллаж болно. Тэгвэл гарц гаргалгаа олдоно. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.22 МЯГМАР № 244 (6469)


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх