Сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага эцэг, эхчүүдээс хууль бус хандив шаардахгүй байх ёстой


2019/06/06  202   0


Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодруулав.                      

-АТГ өнгөрсөн долоо хоногт шүүх, прокурорын ХОМ-ийг олон нийтэд мэдээллээ. ХОМ-ийг танилцуулж мэдээлж байгаагийн зорилго нь юу вэ? 

-Маш товчхондоо бол төрийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо шударгаар олсон уу, үгүй юу гэдгийг иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулж, үүний дагуу иргэдээс мэдээлэл авъя гэж зорьсон ажил. Албан тушаалтнуудын ХОМ-ийг иргэдийн хяналтад өгч байгаа гэсэн үг.

Өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг мэдээлдэг байсан. Энэ нь 200 гаруй албан тушаалтан гэсэн үг. Харин цахим системийг өргөтгөн сайжруулснаар 2018 онд 35700, 2019 онд 36800 орчим албан тушаалтны ХОМ-ийн хураангуйг мэдээлсэн. Үүнд зөвхөн шүүх, прокурор гэлгүй бусад төрийн захиргаа, нутгийн захиргааны болон нийслэл, дүүрэг, төрийн ба орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд зэрэг төрийн бүх шатны байгууллагад ажилладаг, хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулсан.          

-Иргэдэд ХОМ-ийг мэдээлж танилцуулахаас гадна зөв ойлгож уншдаг болгоход бас анхаарах ёстой байх? 

-Нэг бэрхшээл бий. ХОМ-ийн мэдээллийг иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэдэг. Гэтэл зарим сэтгүүлчид таслал, цэгийг буруу ойлгож мэдээлэх явдал гарч байна. Үүнээс шалтгаалан иргэдэд буруу мэдээлэл очдог. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нарын ХОМ-т сэтгүүлчид судалгаа, харьцуулалт хийж мэдээлэхдээ мянгачилж тавьсан тоог буруу уншиж, хэт өссөн байдлаар харуулж байгаа нь улстөржүүлж асуудлыг сарниах, тодорхой хүний нэр хүндэд халдах сөрөг үр дагавар дагуулж байна. Жишээ нь 15350.0 мянган төгрөг гэхийг 153 сая, эсвэл 15 тэрбум төгрөг гэж уншиж хүмүүсийн орлого хэд дахин өссөн гэх зэргээр буруу зөрүү мэдээлэл гарч байна. Зүй нь бол энэ тоо 15 сая 350 мянган төгрөг гэсэн үг. Тиймээс бид сэтгүүлчдэд ХОМ-ийг зөв унших, ойлгох, мэдээлэх талаар тусгайлан сургалт явуулж эхэлсэн.

-Нөгөө талд ХОМ нь өөрөө хялбархан уншигддаг байх ёстой. 

-Тийм ээ. Бидний зүгээс ХОМ-ийг иргэдэд илүү ойлгомжтой байдлаар нийтлэх, тухайлбал орлогыг төрөл төрлөөр нь задалж харуулах зэргээр цахим мэдээлэлдээ өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа. Тухайлбал, өмнө нь  “Барилга байгууламж” гэсэн хэсэгт автомашины зогсоол, зуслангийн байшин, гэр, хашаа байшин, амбаарыг хүртэл бичдэг байсан. Энэ бүгд нийлэхээр тухайн албан тушаалтан маш олон байгууламж, орон сууцтай мэт харагддаг байв. Энэ жилээс иргэдэд ойлгомжтой, нээлттэй байлгах үүднээс үүнийг дэлгэрүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, амины орон сууц, нийтийн орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний оффис, авто зогсоол гэх мэтээр бүгдийг нь төрөлжүүлж өгсөн. Бас “Хадгаламж” хэсэгт дотоод дахь хадгаламж, гадаад дахь хадгаламж гэж ялгавартай байдлаар харуулдаг болсон.  

-Улсын хэмжээнд ХОМ өгдөг бүх албан тушаалтны хөрөнгө, орлогыг нээлттэй мэдээлдэг боллоо. Ингэснээр өмнөхтэй харьцуулбал ямар өөрчлөлт гарч байна вэ? 

-Хууль бусаар хөрөнгөжиж байгаа албан тушаалтны талаарх үндэслэл бүхий  мэдээлэл АТГ-т олноороо ирэх болсон, энэ төрлийн мэдээллийн тоо жил бүр өсөх хандлагатай байна.    

АТГ-аас албан тушаалтны ХОМ-ийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр, мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгадаг. 2019 он гарсаар өнөөдрийн байдлаар нийт 120 орчим албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан хянан шалгаад байна. Үүний 20 орчим хувийг иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр шалгасан. Шалгалтын үр дүнд зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн 19 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. 5 албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн байна. Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй 9 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэн гүнзгийрүүлэн шалгаж байгаа. 2018 онд 21 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж шалгасан.

-Сургууль, цэцэрлэгийн элсэлт, төгсөлттэй холбогдон эцэг, эхчүүдээс мөнгө хурааж байгаа тухай гомдлыг АТГ шалгаж байгаа юм билээ. Энэ талаар тодруулна уу. 

-АТГ 2019 он гарсаар сургууль, цэцэрлэгийн хууль бус хандивтай холбоотой 42 гомдол, мэдээллийг иргэдээс хүлээн авч шалгаж шийдвэрлээд байна. Яг одоогоор хяналт шалгалтын ажиллагаанд хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн удирдлага эцэг, эхчүүдээс мөнгө төгрөг цуглуулсан тухай гомдол байгаа. Сонгинохайрхан дүүргийн 216 дугаар цэцэрлэг, 105 дугаар сургууль, Баянгол дүүргийн 179 дүгээр цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэг гэх мэт. Эдгээр нь ихэвчлэн хүүхэд элсүүлэхдээ 600 мянга хүртэлх төгрөгийн хандив авдаг, ой тохиолдуулан мөнгө хураасан, гэвч цугларсан мөнгөөр юу хийсэн нь тодорхойгүй гэсэн утгатай гомдол байна. Дээрх гомдлуудыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хянан шалгаж байна. Хяналт шалгалтын шийдвэрлэлт, үр дүнгийн талаар бид тухай бүрт нь мэдээлнэ.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага эцэг, эхчүүдээс хууль бус хандив шаардахгүй байх ёстой. Хэрвээ ямар нэгэн байдлаар хандив тусламж авч цуглуулж байгаа бол нэн даруй АТГ-т мэдээлж, мэдэгдэхийг анхааруулъя. Манай сэтгүүлчид энэ талаар өргөн хүрээнд мэдээлэн сурталчилж, бусад сургууль, цэцэрлэгийн удирдлагад дохио санамж болгон хүргэх нь зүйтэй. Хуулиар хориглосон хандив тусламж авах явдал хавтгайрсан ч зарим сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар сайн туршлага үзүүлж байгаа. Жишээ нь Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл төгсөлтийн үеэр эцэг, эхчүүдээс мөнгө авахгүй байх тушаал гаргаж, уг тушаалыг чанд сахиулж ажилласан байна. Энэ бол бусдад үлгэр жишээ болохуйц сайн туршлага. Үүнийг АТГ онцлон сайшааж, бусад боловсролын байгууллагууд хэрэгжүүлж ажиллахыг уриалж байгаа.

-АТГ-аас “Авлигын эсрэг сургалт”-ыг өдөр бүр зохион байгуулж байгаа. Сургалтын онцлог, ач холбогдол нь юу вэ?

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Олон нийтийн төв”-д 2018 оноос эхлэн авлигын эсрэг сургалтыг үе шаттайгаар явуулж байгаа. Гол онцлог нь төрийн албан хаагчдыг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж, ёс зүйтэй ажиллах зан үйлд сургадаг. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид авлига, албан тушаалын гэмт хэрэгт өртөхгүй ажиллах талаар суралцдаг юм. Сургалтыг зөвхөн лекцийн түвшинд биш, онол төдий биш, практик дадлагыг байгууллага, салбарын онцлогт уялдуулан жишээ баримт дээр суурилсан хэлбэрээр явуулдаг.

Бас нэг чухал зүйл нь Эрүүгийн хуульд байгаа “Авлигын гэмт хэрэг” гэсэн бүлгийг тайлбарлан таниулж байна. Албан тушаалын хэргүүд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Хэлбэрийн бүрэлдэхүүн гэж юуг ойлгох вэ, авлигын гэмт хэрэгт өртөхгүйн тулд төрийн албан хаагч юу мэдвэл зохих вэ зэрэг ялангуяа эрүүгийн хууль тогтоомжид орсон өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор практикт юуг анхаарч ажиллах вэ гэдэг сургалтуудыг хийж байгаа. Сургалтад оролцож байгаа төрийн албан хаагчид мэдээгүйгээ мэдэж авлаа, ёс зүйн талаарх мэдлэг ойлголтыг шинэ түвшинд сонсож мэдлээ гэх зэргээр сургалтын чанарыг сайшаан үнэлж байгаа.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх