Ц.ШИНЭБАЯР: УЛС ТӨРИЙН АВЛИГА ОГТ БУУРАХГҮЙ БАЙНА


2019/01/21  1222   0


Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяртай Монгол Улсын хэмжээнд авлигын ерөнхий түвшин ямар байгаа талаар цөөн хором ярилцлаа.

-АТГ-аас “Шударга байдлын үнэлгээ 2018” судалгааг хийсэн. Уг судалгаагаар Монгол Улсын хэмжээнд авлига хамгийн их тархсан институцийг тодорхойлдог шүү дээ. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-“Шударга байдлын үнэлгээ” судалгаа дотроо хоёр хэсэгтэй. Уг судалгааг яагаад шударга байдлын үнэлгээ гэж нэрлэсэн гэхээр авлигын нөхцөл байдлыг үнэлэх гол үзүүлэлт нь төрийн байгууллагуудын шударга байдал байдаг. Шударга байдлыг бүхэлд нь аваад үзэх юм бол энэ маань авлигын эсрэг ойлголт юм. Төрийн байгууллагуудад шударга байдал өндөр байх тусмаа тэр хэмжээгээр авлига бага байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид авлигыг биш шударга байдлыг судалсан юм. Энэ судалгаа нь тодорхой тоон үзүүлэлтээр хэмжигддэг. Тухайлбал, Нийслэлийн Соёл урлагийн газар уг судалгаагаар 100 оноо авахаас 83 оноо авсан бөгөөд 17 пункт дутуу байгаа юм. Тэр хэмжээгээр буюу 17 пунктээр тухайн байгууллага авлига авах эрсдэлтэй байна. Судалгааны дүнгээр муу үнэлгээ авсан байгууллагууд авлигатай байна гэсэн үг биш. Тэнд авлига авах эрсдэл нь байгаа юм. Хоёрдугаарт, авлигын түвшин бага байх тусам тэнд авлигын эрсдэл их байдаг гэж болно. Энэ судалгаанд албан ёсоор 62 байгууллага хамрагдсан. Үүнд яам агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэсэн байгууллага багтсан.

-Нийт хэчнээн хүн уг судалгаанд хамрагдсан бэ. Судалгаанаас авлигын ерөнхий түвшин ямар байгааг тодорхойлж болох уу?

-Энэ төрлийн судалгаа 2015 онд хийгдсэнээс хойш гурав дах удаагаа хийгдэж байна. Бид энэ судалгаанд есөн мянга гаруй хүн хамруулсан. Үүнд хот хөдөөгийн яам агентлаг, дотор нь ажилладаг хүмүүсийг хамруулсан. Тэдгээр хүмүүсээс зөвхөн яам агентлагийг үнэлүүлэхээс гадна, авлигын нөхцөл байдал ямархуу байгааг цаашдаа ямар байдалтай болох уу талаар асуусан. Мөн Монгол Улсад ямар байгуулага хамгийн их авлигатай байна вэ гэдэг дүн бас гардаг. 2016 онд хамгийн их авлига тархсан институцийн нэгдүгээрт, газрын алба тэргүүлж байсан. Хоёрдугаарт эрүүл мэндийн байгууллага, гуравдугаарт шүүх, дөрөвдүгээрт гаалийн байгууллага орсон байсан. Энэ дүн 2018 онд арай өөрчлөгдсөн. Ингэхдээ судалгаанд оролцсон хүмүүсийн тал хувь нь шүүх байгууллага хамгийн их авлигатай болохыг тодорхойлжээ. Хоёрдугаарт нь газрын алба, гуравдугаарт, эрүүл мэндийн байгууллага, дөрөвдүгээрт боловсролын байгууллага орчихсон байгаа юм. Нийтдээ 9000 гаруй хүний төсөөллийн дундаж гэж үзвэл ерөнхийдөө хаттай үнэлгээ шүү дээ.

-Тэгэхээр авлигын ерөнхий түвшин ямар байгаа юм бол?

-Манайх сүүлийн арван жил судалгаа хийгээд явж байхад төрийн байгууллагын авлига хоёр жилийн өмнөхийг бодвол нэг пунктээр буурсан. Гэтэл улс төрийн авлига буюу өндөр түвшний авлига, өндөр албан тушаалтнууд, хууль шүүхийн байгууллагууд бизнесийнхнийг хамарсан зохион байгуулалттай том түвшний авлигын нөхцөл байдал огт сайжрахгүй байгаа. Судалгааны үзүүлэлтээс харвал улс төрийн авлига өндөр түвшний авлига илүү их хор уршиг ихтэй, нууц далд ийм нөхцөл байдал руу орж байна. Авлига гэдэг бол нийгмийн үзэгдэл учраас маш их динамиктай бөгөөд олон хүчин зүйлээс хамаардаг. Авлига гарах шалтгаан нь ядуурал, ажилгүйдэлтэй салшгүй холбоотой байдаг. Ядуурал нэмэгдэх тусам авлига нэмэгддэг. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, хүмүүсийн худалдан авах чадвар буурч, ажилгүйдэл нэмэгдэх юм бол үүний цаана авлигын нөхцөл байдал хүндрээд байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. Авлига гэдэг зөвхөн шуналтай төрийн түшмэлийн хэмжээний асуудал огт биш.

-Улс төрийн буюу өндөр түвшний авлига буурахгүй байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Улс төрийн ч тэр, дунд түвшний авлига, доод түвшний авлига тасрахгүй байгаа нь дээр байгаа улсуудын үлгэр дууриалал юм. Олны нүдэн дээр ил байдаг шийдвэр, үйл ажиллагаа тэдний ёс зүйн байдал ард түмэнд их нөлөөтэй байдаг. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал, хүмүүсийн ёс зүйн ерөнхий байдал их уначихсан байна. Үүнээс болж авлига тасрахгүй байгаа. Бид улс төрчдийг хараагаад байгаа болохоос биш тэд нар чинь бидний дунд боловсорч гарсан бүтээгдэхүүнүүд. Тэднийг өөр газраас авчраад дарга болгоод тавьчхаагүй. Тэдний байгаа байдлыг бид өөрсдийгөө толинд харж буйгаас ямар ч ялгаа байхгүй.

-АТГ-т жилд дунджаар хэчнээн хэрэг шалгагддаг вэ. Энэ нь цаашдаа өсөх хандлагатай юу?

-Хэргийн тоо хэмжээний хувьд ярих юм бол өсч байгаа. Үүнд олон шалтгаан бий. 2017 оны долдугаар сарын нэгнээс Эрүүгийн хууль шинэчлэгдсэнээс манайд харьяалагдан шалгах хэргийн тоо өссөн. Сүүлийн хоёр жилд иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдлын тоо өссөн байна. Мөн авлигын нөхцөл байдал сайжрахгүй байгаа учраас манай мөрдөгчдийн ачаалал дийлдэхгүй байна шүү дээ.

Э.АРИУН 

 Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх