Ц.Цэцэгдэлгэрэх: Төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халчихаад, нөхөн төлбөрийн 1.3 тэрбумыг төсвөөс гаргуулсан байна


2020/05/12  966   0


Хэн нэгнийг ажлаас халсан нь хууль бус гэж шүүх тогтооход халагдсан ажилтанд учирсан нөхөн төлбөрийг шийдвэр гаргасан дарга төлөх хуультай. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй байна. АТГ сүүлийн 3 жилийн тоо баримтыг сөхөж үзэхэд, нөхөн төлбөрт 1.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргуулсан байна. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

-Төрийн албанаас хууль бусаар халагдлаа, чөлөөлөгдлөө гэсэн гомдол АТГ-т хэр их ирдэг вэ?

-Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд нийтийн албан тушаалтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр байнгын хяналт тавин ажиллаж байна. АТГ-т сүүлийн үед төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн, халагдсан, эрх нь зөрчигдсөн иргэд гомдол их гаргаж байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байхад биелүүлэхгүй байна. Буцааж ажилд маань томилохгүй байна гэдэг гомдлууд нийт гомдлын багагүй хувийг эзэлж байгаа. Тиймээс шалтгаан нөхцөлийг нь тодруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээлэл судалгаа гаргуулан авсан юм.

-Ямар судалгаа гаргуулж авсан бэ. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.8-д “шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох, гарсан сөрөг үр дагаврыг арилгах, учруулсан хохирлыг төлүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх”-ээр заасан. Өөрөөр хэлбэл, гэм буруутай албан тушаалтан хохирол төлбөрийг төлөх хуультай болсон. Үүнийг үндэслэн 2017-2019 онд хууль бусаар нийтийн албанаас халагдаж чөлөөлөгдөн, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон, нөхөн олговор олгосон байдлын судалгаанд дүн шинжилгээ хийлээ.

-Ямар үр дүн гарч ирсэн бэ?

-Судалгааны дүнгээс харахад, 2017-2019 онд төрийн албанаас хууль бусаар халагдаж, буцаан томилогдохоор шүүхийн шийдвэр гарсан нийт 796 албан тушаалтан байна. Тэдгээр 796 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхөд нийт 4 094 000 000 /дөрвөн тэрбум ерэн дөрвөн сая төгрөг/ төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарсан байгаа юм. Гэтэл дээрх төлбөрийн 1.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан, улмаар төсөвт зохиомол хүндрэлийг учруулсан байна. Одоо хүртэл буруутай албан тушаалтнаас энэхүү мөнгийг нөхөн төлүүлээгүй зөрчил хэвээр байна. Зарим байгууллагад хууль бусаар халагдаад шүүхийн шийдвэрээр эргэж томилогдсон боловч тухайн хүний оронд ажилд томилогдсон албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхгүй давхар цалин олгох асуудал ч бас байна.

-Үүнд ямар байгууллага хяналт тавьж ажиллах ёстой юм бэ?

-Нөхөн төлүүлэх үйл ажиллагааг тухайн байгууллагын дотоод аудитын нэгж хариуцах ёстой. Хэрвээ дотоод аудитын нэгж байхгүй тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг Үндэсний аудитын байгууллага хариуцах хуулийн зохицуулалт байдаг. Энэ хүрээнд гэм буруутай албан тушаалтнаас төрд учирсан нөхөн төлбөрийг буцааж төлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Энэ хууль хэрэгжээд дөрвөн жил болсон хэдий ч төрөөс төлсөн мөнгийг одоо хүртэл буруутай албан тушаалтнаар төлүүлэх асуудал удаашралтай байна. Хаа хаанаа санхүү, бүртгэл, аудитын нэгж ажиллах ёстой. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “...гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж заасны дагуу Үндэсний аудитын газарт асуудлыг тавьж, шийдвэрлүүлэхээр албан бичиг хүргүүлсэн.

Хууль бус шийдвэр гаргаж буй албан тушаалтнууд хэн нэгэнд давуу байдал олгоод, үүний цаана бусдын эрхийг хязгаарласан авлигын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс бид судалгаа, дүн мэдээ гаргаад, холбогдох байгууллагад хүргүүлж буй нь энэ юм. Цаашдаа хууль бусаар төрийн албанаас халдаг, чөлөөлдөг гэм буруутай албан тушаалтнуудаар хохирлыг нөхөн төлүүлдэг ажиллагааг төрийн байгууллагууд хаа хаанаа хяналт тавьж ажиллахгүй бол энэ төрлийн зөрчил буурахгүй байна.

-Нөхөн төлбөрийг улсаас төлчихөөд, дараа нь буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлдэг юм уу?

-Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актын улмаас учирсан хохирлыг төрөөс эхлээд төлүүлнэ. Дараа нь буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт байгаа. Захиргааны ерөнхий хууль 2016 оны долдугаар сарын 1-нээс хойш хэрэгжсэн. Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага иргэний журмын дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх ёстой.

Төрийн албаны хуульд зааснаар төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг хариуцах чиг үүрэгтэй. Төрийн албаны зөвлөл шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтлөх, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавих ёстой. Хэрвээ нөхөн төлөгдөөгүй тохиолдолд шүүхэд төрийг төлөөлж, нэхэмжлэл гаргах эрх нь байдаг.

-Ихэвчлэн аль салбарт хууль бус халаа сэлгээ их байна вэ?

-Төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн байгууллагуудыг салбараар нь аваад үзвэл, боловсролын салбарт, нутгийн удирдлагын салбар буюу аймаг, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт их байгаа нь харагдаж байна. Ямар түвшний албан хаагчдыг ихэвчлэн халаад байгаад хяналт тавихад, боловсролын салбарт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар их байна. Аймгууд буюу Засаг даргын Тамгын газарт хэлтсийн дарга нар, удирдах албан тушаалтнуудыг халсан нөхцөл байдал түлхүү гарч ирсэн.

-Дээрх 796 хүн бүгд ажилдаа эргээд томилогдсон болов уу?

-Шүүхийн шийдвэр яг 100 хувь биелэгдээгүй байгаа. Холбогдох судалгааг аваад үзэхээр, 85 орчим хувьтай биелэгдсэн байна. Зарим нь шүүхийн шатандаа эвлэрчихдэг. Зарим нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалздаг тохиолдол бий. Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх ёстой. Хэн нэгэн байгууллагын удирдлага солигдлоо гэхэд төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлөх, халах нь хуулиар хориотой.

Б.БУРМАА

www.zaluucom.mn

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх