Ц.ЦЭЦЭГДЭЛГЭРЭХ: ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХҮНИЙГ НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОХ ГАРЦЫГ НЭЭЧИХЛЭЭ


2019/01/14  1342   1


АТГ 2007 оноос хойш нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг (ХОМ) авч, олон нийтэд мэдээлдэг болсон. Жил бүрийн хавар ХОМ-ийн хураангуйг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд танилцуулдаг.

Нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ээ цахимаар мэдүүлэх хугацаа ирэх сарын 15-нд дуусна. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа. 

-Улсын хэмжээнд хэчнээн нийтийн албан тушаалтан ХОМ мэдүүлдэг вэ?

-2013 оноос хойш цахимаар авч байна. Мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн байдлаар үргэлжилж байна. Бид энэ сарын 2-нд цахим системдээ нийтийн албан тушаалтан тус бүрт бүртгүүлэх эрхийг нь нээсэн. Мэдүүлэг гаргагчид цахим систем рүүгээ орж, цахим хаяг, нууц кодоор нэвтэрч, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлогыг мэдүүлнэ. Эдгээр мэдүүлгийг бүртгэх, хадгалах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан байгууллага бүрд ажилладаг. Бид эрх бүхий албан тушаалтнуудаа өнгөрсөн сард сургалтад хамрууллаа.

Учир нь энэ оны эхний өдрөөс Төрийн албаны тухай хууль болон бусад шинэ хууль хэрэгжиж эхэлсэн тул анхаарах зүйлс бий. Цахим системд гарч буй алдаа зөрчлүүдийн талаар мэдээлэл хүргэлээ. Улсын хэмжээнд 40 мянган гаруй албан хаагч мэдүүлэг гаргадаг. Энэ жил мэдүүлэг гаргагчийн тоо өмнөх оноос өөрчлөгдөхгүй болов уу гэж бодож байна. Учир нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт ороогүй. Гэхдээ өнгөрсөн онд Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрыг тусад нь салгасан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газрыг байгууллаа.

Бид бүх яам, агентлаг, аймгуудаас нэрсийн жагсаалт авч байна. Мэдүүлгээ хэрхэн бүртгүүлэх талаарх сургалт, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл, чиглэлийг АТГ-аас хангалттай хэмжээгээр өгч байна, цаашид ч үргэлжлүүлэн өгнө. Одоо нийтийн албан тушаалтнуудын хувьд хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх л үлдээд байна.

-2018 оны ХОМ-ийн хураангуйг та бүхэн хэзээ танилцуулах вэ?

-Энэ оны хоёрдугаар улиралд багтаан ХОМ-ийн хураангуйг цахим хуудсаараа дамжуулан танилцуулна. Ингэснээр олон нийт сүүлийн хоёр жилийн ХОМ-ийг харьцуулах боломжтой. Мэдээллийг ил тод тавьснаар иргэдийн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хяналт сайжирч байна.

Мөн энэ оноос эхлэн бид нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдээллийг цахимаар хянадаг болно.

-2013 оноос хойш ХОМ-ийг цахимаар авсан атлаа яагаад зөвхөн сүүлийн 2 жилийн ХОМ-ийн хураангуйг ил байршуулж байгаа вэ?

-Авлигын эсрэг хуулийн 14.1-т зааснаар өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийн хураангуйг 2007 оноос хойш олон нийтэд мэдээлсэн. АТГ-ын цахим хуудас болон “Төрийн мэдээлэл” сэтгүүлд байршуулдаг. Бид цахим хуудсандаа техникийн шинэчлэлт хийснээр нийт албан хаагчдын мэдээллийг байршуулах боломж бүрдсэн.

АТГ 40 МЯНГАН АЛБАН ТУШААЛТНЫ ХОМ-ИЙГ ДАНГААРАА БҮРТГЭЖ ЧАДАХГҮЙ

-ХОМ-ийг мэдүүлэх, бүртгэх явцад албан тушаалтнууд ямар зөрчил гаргадаг вэ?

-Төрийн албан хаагчид ХОМ-ээ жилд ганцхан удаа буюу хоёрдугаар сарын 15-нд гаргадаггүй. Тухайн албан тушаалтныг томилсон эсвэл сонгосон өдрөөс хойш 30 хоногт мэдүүлэх үүрэгтэй. Мөн аль нэг албан тушаалтны ХОМ-т их хэмжээний өөрчлөлт орсон бол түүнийгээ мөн 30 хоногийн дотор дахин мэдүүлэх үүрэгтэй юм. Энэ хугацаанд мэдүүлэхгүй байх тохиолдол байна. Гэр бүлийн гишүүнийхээ үл хөдлөх хөрөнгийн талаар мэдүүлэхгүй байх, хайхрамжгүйгээсээ цалин, орлогоо буруу мэдүүлэх, хадгаламжийн үлдэгдлээ жилийн эцсийн /12 дугаар сарын 31-ний өдрийн/ байдлаар мэдүүлэхгүй байх зөрчлүүд нийтлэг.

Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн тухай хуульд эрх бүхий албан тушаалтныг үүрэгжүүлэх, чадавхжуулах талаар тусгасан. Эрх бүхий албан тушаалтнууд аль болох тогтвортой ажилласнаар дээрх зөрчлүүд буурна. Энэ онд эрх бүхий албан тушаалтнуудын 30 орчим хувь нь ажлаа өөрчилсөн. Дараагийн хүнийг дахин томилж, сургахад хугацаа, зардал шаарддаг. Шинээр томилогдсон эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг гаргагчид зөв мэдээлэл өгөөгүй, хуулийг зөв тайлбарлаж хэлж өгөөгүйгээс зөрчил бас гарч байна.

2018 онд АТГ орон нутагт ажиллахад нийт 264 зөрчил илэрсэн. Зөрчлийн дагуу нийт 130 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг сахилгын шийтгэл ногдуулсан. Зарим зөрчилд газар дээр нь холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. Ихэвчлэн өөрийн болон хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой тушаал, шийдвэр гаргасан, хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хянуулаагүй томилогдсон зэрэг зөрчил гарч байгаа. 

Аймгуудаар авч үзвэл:

Аймаг
Албан тушаалтны тоо
Аймаг
Албан тушаалтны тоо
Төв аймаг
3
Сүхбаатар аймаг
29
Дархан-Уул аймаг
2
Өвөрхангай аймаг
1
Баянхонгор аймаг
12
Өмнөговь аймаг
13
Завхан аймаг
11
Орхон аймаг
2
Булган аймаг
8
Архангай аймаг
1
Хэнтий аймаг
8
Баян-Өлгий аймаг
5
Дорнод аймаг
21
Увс аймаг
1
Сэлэнгэ аймаг
9
Дундговь аймаг
4

-Эрх бүхий албан тушаалтан ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-АТГ 40 000 албан тушаалтны ХОМ-ийг дангаараа бүртгэж чадахгүй. Иймд байгууллага бүрт нэг эрх бүхий албан тушаалтан томилогддог. Жишээ нь аймгийн ЗДТГ-т нэг, ИТХ-ын ажлын албанд нэг хүн ажиллана гэсэн үг. Байгууллагынхаа Хуулийн эсвэл Хүний нөөцийн албанд ажилладаг байх гэх мэт шаардлагууд бий.

Тэд үндсэн ажлаа хийхийн сацуу ХОМ-ийг бүртгэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг байгууллагадаа хэрэгжүүлдэг, бидэнд тайлан мэдээллээ ирүүлдэг. Тодорхой хэмжээний нэмэлт урамшуулал олгодог. Харин бид мэдээлэл, арга зүйгээр ханган хамтран ажиллах үүрэгтэй. Улсын хэмжээнд 1625 салбар нэгжид ХОМ-ийг бүртгэн, хянадаг. Сонгуулийн жилийн дараа эрх бүхий албан тушаалтнуудын 50 хувь нь өөрчлөгддөг бол өнгөрсөн онд 30 хувь нь солигдсон.

АТГ Сонирхлын зөрчлийн хуульд зааснаар нийтийн албанд томилогдох нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлыг хянадаг. Гэвч Сонирхлын зөрчлийн хуулийн 23.7-д өөрчлөлт оруулсан. Илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж АТГ дүгнэсэн бол тухайн хүнийг томилохоос татгалзах үүрэгтэй. Гэтэл Төрийн албаны тухай хуулийг батлахтай холбогдуулан Сонирхлын зөрчлийн тухай хуулийг өөрчилсөн. Илт зөрчилтэй хүн мэдэгдэл тайлбараа гаргаснаар томилох зохицуулалт хийсэн юм. Ингэснээр Сонирхлын зөрчлийн хуулийн үзэл баримтлалаас ухарсан. Иймд бид УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд албан бичиг хүргүүллээ. Учир нь ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг нийтийн албанд томилох гарцыг бий болгосон тул энэ асуудлыг анхааралдаа авах хүсэлт хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин энэ хуулийг санаачлан батлуулсан. Гэтэл хуулийн үзэл баримтлалаас ухарсан зохицуулалт болжээ гэдгийг анхааруулж, хуульчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлжээ. Жишээ нь 2016 онд сонгуулийн дараа нэг сайд, хэд хэдэн дэд сайдыг илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, томилохоос татгалзах саналыг АТГ өгсөн. Та санаж байгаа бол хувийн эмнэлэгтэй хүнийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг эсэргүүцсэн шүү дээ. Гэтэл энэ оны эхний өдрөөс хэрэгжсэн хууль томилж болохоор зохицуулсан.

Сонирхлын зөрчлийн тухай хуулиас

23.7.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй.

/Энэ хэсгийг “23.7.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана.” гэж 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

23.8.Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийн маягт, түүнийг бүртгэх, хянан шалгах, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална.

/Энэ хэсэгт “23.9.Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ. 23.10.Энэ хуулийн 23.9-д заасан баталгааны маягтыг Авлигатай тэмцэх газар батална.” гэж 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН, 20 ГАРУЙ АЛБАН ТУШААЛТНЫГ ШАЛГАЖ БАЙНА

-Төрийн албаны тухай хууль нь төрийн албан хаагчдын ёс зүй, мэргэшлийг дараагийн шатанд гаргана гэж байсан. 

-Ололттой тал мэдээж бий. Жишээ нь томилгоо хийх бол нэр дэвшигчийн ажлын байрны тодорхойлолт болон бусад төрийн албан хаагчийн анкетыг бидэнд мөн ирүүлдэг. Өмнө нь тухайн нэр дэвшигчид тохируулан ажлын байрны тодорхойлолт баталдаг байсан. Харин Төрийн албаны тухай хуульд ажлын байрны тодорхойлолтыг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан батлан, Төрийн албаны зөвлөл хянан зөвшөөрвөл хэрэгжүүлнэ.

Өмнө нь Дорж, Дулмаа гэх нэр дэвшигчид тааруулан ажлын байрны тодорхойлолт баталдаг байсан бол цаашид нийтлэг байдлаар дагаж мөрдөнө. Жишээ нь сумын Засаг даргын ажлын байрны тодорхойлолт бүх суманд яг ижилхэн байна. Тэдний ажлын туршлага, сонгон шалгаруулалтын дүн зэргийн доод хэмжээг зааж өгсөн. Төрийн албан хаагчийн мэрит зарчим хэрэгжиж байгаа нь сайн хэрэг. Томилгоотой холбоотой маргаан багасна.

-Төрийн нууцтай холбоотой цагдаа, зэвсэгт хүчин гээд хэд хэдэн байгууллага бий. Тэдний мэдээлэл нууцлалтай. Нууцлалыг … жил байна гэж тодорхой заасан уу?

-Төрийн нууцын тухай хуульд зааснаар эдгээр байгууллагын хүн хүч, зэвсэг техникийн тоо нууц байх ёстой. Мөн нууцлалаас гаргах хугацааг хуульд заагаагүй.

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 20 гаруй албан тушаалтныг АТГ-т шалгаж байна. Эдгээр хүмүүсийг зөвхөн 2017 оны ХОМ-т үндэслэн шалгаж байна уу?

-Одоогоор энэ хүмүүсийн овог нэр, албан тушаалыг хэлэх боломжгүй. ХОМ-ийг хянан шалгах явцад зөрчил илэрсэн. Зөвхөн 2017 оны мэдүүлэгт үндэслээгүй. ХОМ-ийг хянан шалгах хэд хэдэн үндэслэл бий. Төлөвлөгөөт хяналт болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд үндэслэн 20 гаруй албан тушаалтныг илрүүлсэн юм. Тухайн мэдүүлэг гаргагчийн ХОМ мэдүүлж эхэлсэн жилээс эхлэн харьцуулалт хийдэг. 2018 онд 260 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогыг нарийвчлан шалгасан. Шалгалтын явцад мэдүүлэг гаргагчийн гаргасан зөрчлийн хэмжээнээс шалтгаалаад хариуцлага яригддаг. Нэг сарын цалинтай тэнцэх хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй бол сануулна гэх зэргээр хариуцлага тооцдог.

Орлогын эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн шалгаж байна. Хэрэв гэмт хэргийн шинж чанаргүй бол тухайн албан тушаалтанд сахилгын арга хэмжээ ногдуулах саналаа хүргүүлдэг.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл ил боллоо. Мөн Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийнхээ хамт авлига авсан байж болзошгүй хэргээр шалгаж байна. Өндөр албан тушаалтнуудын төрсөн эгч, дүү, ахын мэдээллийг ХОМ-д яагаад оруулдаггүй вэ?

-Өндөр албан тушаалтнууд нэг гэрт хамт амьдарч буй, гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг мэдүүлэх үүрэгтэй. Өрхийн бүртгэлд бүртгэлтэй хүмүүсийнхээ орлого, хөрөнгийг мэдүүлнэ. Гэхдээ мэдүүлгийн хамаарал бүхий хэсэгт ах дүү нарынхаа нэрс, үндсэн захиргаа, хаана ямар ажил эрхэлдэг зэргийг асуулгын дагуу мэдүүлдэг. Маягтын асуулгыг 2012 оноос хойш мөрдөж байна. Цаашид өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй.

Жишээ нь хадгаламжийн үлдэгдлээ жилийн эцсээр нэг удаа мэдүүлэх үүрэгтэй бол цаашид хэмжээ заах талаар судалж байна. 1000 төгрөгийн хадгаламж байсан ч мэдүүлдэг. Үнэт зүйл, урлагийн бүтээлд мөн хэмжээ заан, 1 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол мэдүүлнэ гэх зэргээр өөрчлөх талаар судалж байна. Мэдүүлэг гаргагчид ийм хүсэлтийг өмнө нь олон удаа тавьж байсан.

-ХОМ-ийг яагаад хураангуйлж танилцуулдаг юм бэ?

-Хувь хүний нууцтай холбоотой тул бид дэлгэрэнгүй танилцуулах боломжгүй. Шаардлагатай бол шүүх, цагдаа гэх мэт хуулийн байгууллага дэлгэрэнгүй мэдүүлгийг авч болно.

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг | GoGo.mn

    Гэрэл зургийг Д.Жавхлантөгс 

Эх сурвалж

   

Сэтгэгдэл бичих


Зочин    202.179.10.10

Хариулах 2019 оны 01 сарын 18
Сумын ЗДТГ-ын ТЗ-5 / санхүүгийн албаны дарга /албан тушаал нь нийтийн албан тушаал мөн үү. Хэрвээ мөн бол Дүү нь тус сумын цэцэрлэгийн эрхлэгч бөгөөд үүнийгээ мэдүүлээгүй, уг албанд шууд томилогдож болох уу? миний бодоход ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байгаа. Яагаад гэвэл Санхүүгийн алба нь тухайн байгууллагуудын санхүүгийн ажил гүйлгээг хянаж явуулдаг.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх