ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ТА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНЭЭС ХАХУУЛЬ АВАХАА БОЛЬЧИХ


2018/09/28  6809   2


АТГ авлигын асуудлаар олон талт судалгаа хийдэг. Судалгаа хийх нь АТГ-ын ажил мөн юм уу гэж уурлах хүн олон таардаг юм. Ямар ч ажил нь судалгаа, дүн шинжилгээ, урьдчилан тооцсон үр дүн, мэдээллийн бааз суурь шаарддаг болохоор авлигатай тэмцэх ажилд судалгаа шинжилгээ зайлшгүй байх ажээ. Тэр тусмаа авлигыг нийгмийн өвчин гэж зүйрлэвэл судалгаа шинжилгээ нь тэр өвчний онош, илрүүлэг, заримдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ болдгоороо онцлогтой юм.

Өмнө нь авлигын төсөөллийн индекс, авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа, төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ гэх мэт авлигын нөлөөлөл, түвшинг тодорхойлох судалгаанууд тогтмол хийж байсан боловч нийгмийн эмзэг бүлгийн дунд авлигын асуудал, төрөл, шалтгаан, нөлөөлөл нь ямар байгааг нарийвчлан авч үзэж байсангүй. Тэгэхээр энэ талын мэдээлэл хязгаарлагдмал байв. Тиймээс АТГ энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундах авлигын ойлголт, тэдний амьдралд үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох судалгааг анх удаа хийсэн байна. Судалгааг ярилцлагын аргаар нарийвчилсан мэдээлэл цуглуулж авчээ.

Хамгийн сүүлд гаргасан статистик мэдээгээр Улаанбаатар хотод 13104 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг байна. Харин судалгаанд 300 иргэнийг хамруулжээ. Судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээллийг харахад түүврийн хэмжээ болон бүтэц нь Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөхүйц хэмжээнд байв.

Судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 77.5 хувь нь буюу дийлэнх нь авлига манай улсад нийтлэг үзэгдэл болсон гэж үзсэн байна. Авлигад хандах хандлага нь судалгаанд оролцогчдын эзэмшсэн боловсролтой хэрхэн хамаарч байгааг авч үзэн харьцуулахад боловсролын түвшингээс үл хамааран авлига байхыг эсэргүүцэж, дийлэнх нь санал нийлэхгүй гэж үзэж байна. Хачирхалтай нь “авлигад ашигтай тал байгаа” гэж судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь хариулжээ. Тэгэхээр төрийн албан хаагчид авлига, хээл хахуулийг зайлшгүй тогтолцооны бүрдэл хэсэг мэт ойлгогдохоор төрийн ажил, үйлчилгээг явуулж байна гэсэн үг байх нь. Судалгаанд оролцсон 5 хүн тутмын нэг нь “Хүнд суртлыг шийдвэрлэх арга зам нь авлига өгөх юм”, “Авлига нь шударга бус дүрэм журмыг тойрч гарахад тусалдаг” гэж хэлсэн байна. Гэхдээ “авлигыг багасгахад иргэд өөрсдөө хариуцлагатай байх ёстой” гэсэн гэгээтэй хариултыг ч мөн өгчээ. Авлигыг бууруулахын тулд төрийн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, авлига авсан тохиолдолд авах арга хэмжээ, шийтгэлийг чангатгах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байв.   

Хувь хүний авлигатай холбоотой туршлага, авлига өгөх эсэх хандлагыг авч үзэхэд судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь авлигын эсрэг хандлагатай байна. Нүүр тулсан авлигын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэхэд 15.3 хувь нь авлига өгнө гэж хариулсан бол 84.7 хувь нь өгөхгүй гэжээ. Сүүлийн 12 сарын хугацаанд авлига өгсөн гэж хариулсан оролцогчид бүгд 1 удаа өгсөн байна. Авлига өгсөн оролцогчдын хувьд нийгмийн халамж хүртэх, боловсрол эзэмших ба эзэмшүүлэх, төрийн албанд ажилд орох, хувийн хэвшилд ажилд орох, төсөл хөтөлбөрт хамрагдах гэсэн шалтгаанаар өгсөн байх аж. Хамгийн олон буюу 48 хувь нь боловсрол эзэмших ба эзэмшүүлэх зорилгоор, 41 хувь нь төсөл хөтөлбөрт хамрагдах зорилгоор өгчээ.

Диаграм 1. Авлига өгсөн зорилго

Ярилцлагын үеэр боловсролын салбар буюу улсын сургууль, цэцэрлэгүүд авлигад хамгийн их өртсөн гэж иргэд хэллээ. “Баян чинээлэг хүмүүс хувийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ явуулдаг тул сайн мэдэрдэггүй байх. Харин улсын сургууль, цэцэрлэгт хүүхдээ өгдөг хүмүүс л үүнийг ойлгоно” хэмээн тэд тайлбарлав. Хорт хавдрын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн Д “Хүүхдээ харьяа дүүргийн цэцэрлэгт өгөхийн тулд 650 мянган төгрөг өгч оруулсан. Хүүхдээ таатай байлгах гэж багшид нь хэд хэдэн удаа гар утасны нэгж, бэлэн мөнгө өгсөн” гэж ярьсан бол харааны бэрхшээлтэй иргэн С “Хотын төвийн арван жилийн сургуульд хүүхэд оруулах гээд асуулгахад 1 сая төгрөг гэсэн. Ийм их мөнгө өгөх боломжгүй тул харьяаллын гэр хорооллын сургуульд оруулсан” гэсэн байна.

Авлига өгөх болсон шалтгааны хувьд авлига авахыг нэхэмжилсэн, төрийн үйлчилгээний шат дамжлагыг хурдасгахын тулд, хүртэх ёстой үйлчилгээгээ авахын тулд гэсэн тохиолдлоор өгсөн байна.

График 1. Авлига өгсөн шалтгаан

Сүүлийн 12 сарын хугацаанд авлига өгсөн хүмүүс бүгд “авлига өгөхийг шаардсан учраас өгсөн” гэж хариулсан байв. “Асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд өөрийн хүсэлтээр өгсөн” гэж хариулсан хүн үгүй байв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцсан төрийн албан хаагчдын 61 хувь нь авлига өгөхийг шууд шаардсан бол 39 хувь нь шууд бусаар ойлгуулсан байдаг байна. Судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 54 хувь нь багшид, 46 хувь нь төрийн захиргааны албан хаагчид авлига өгсөн байна. Албан тушаалын хувьд ангилж үзэхэд 92.7 хувь нь дунд шатны буюу мэргэжилтэнд, 7.3 хувь нь удирдах шатны албан тушаалтан байжээ.

Авлигад зарцуулсан мөнгөн дүн нь 500 мянган төгрөг байв. Иргэдийн 86 хувь нь бэлэн мөнгөөр, үлдсэн хэсэг нь материаллаг зүйлээр өгсөн байна. Авлигыг гүйцэтгэх замын хувьд 51 хувь нь танил талаараа дамжуулж өгсөн бол 49 хувь нь өөрийн биеэр өгсөн гэжээ. Өрхийн орлогоор авч үзэхэд 240-500 мянган төгрөгийн орлоготой иргэд байна. Эндээс харвал сарын орлогоо тэр чигээр нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулахын тулд, эсвэл нийгмийн халамж хамгаалал хүртэхийн тулд, төсөл хөтөлбөрт хамрагдахын тулд өгдөг байх нь. Эсвэл бусдаас зээлж, өр үүсгэдэг ч байж болох юм.

Бод л доо. Тэргэнцэртэй юм уу таяг түшсэн хөөрхийлөлтэй нэгнээс өрхийн сарын орлогыг нь хахуульд авчихаад хэнэггүй сууж байх хүртлээ төрийн албан хаагчдын ёс зүй доройтсон байна гэж үү. Хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө улсаас цалин авчихаад дээр нь ядарсан иргэнээс хахууль аваад сууж байх төрийн албан хаагчид дор бүрнээ төрийн албан хаагчийн ёс зүйгээ байг гэхэд хүний үнэр, мөн чанар, ёс жудаг, үйлийн үрийн хуулийг санаж явагтун. Эхлээд ядаж л хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс хахууль авахаа больчих!

Т.МӨНХТУНГАЛАГ

2018.09.28.


Сэтгэгдэл бичих


Зочин    77.111.245.230

Хариулах 2018 оны 10 сарын 30
ХБИ-ээс хахууль авдаг талаар олон сонсож байсан. Хөдөлмөрийн яамнаас жил бүр ХБХ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон тэрбум төгрөгийг төсвөөс гаргаж байна. Энэ сангаас төсөл авахад нь төрийн албан хаагчид хувь авдаг тухай дуулж байсан. Ер нь энэ мэт хөнгөлттэй зээлийн сан нь авилга, албан тушаалын гэмт хэргийн уурхай, шалтгаан болж байгаа нь ЖДҮС -г тойрсон үйл явдал бэлэхнээ харуулж байна даа.

Зочин    64.119.21.202

Хариулах 2018 оны 10 сарын 02
Шууд нэхэхгүй ч гэсэн сэтгэлзүйгээр дарамталдаг шд жишээ нь одоо таныг групээс чнь хасах бх би биш нийгмийн даатгалаас сууж бга эмч гэж хариулдаг тэгэхээр нь хасуулахгүйн тулд эмчээсээ гуйдаг

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх