Төрийн аудитын зүгээс авлигыг хянахад гүйцэтгэх үүрэг, түүний төрийн байгууллагын үйл ажиллагаа, татварын орлогод үзүүлэх нөлөө


2020/12/23  536   0


Малайз Улсын Риау дахь Мухамедийн Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн судлаач Мухаммед Ахяруддин ба Зул Азми нар 2019 онд төрийн аудитын ажлыг ашиглан авлигыг хянах болон түүний төрийн байгууллагын үйл ажиллагаа, татварын орлогод үзүүлэх нөлөөллийг судалсан. Өөрөөр хэлбэл энэхүү судалгааны ажлаар аудитын илрүүлэлт, аудитын мөрөөр хийх залруулга нь авлигад хэрхэн нөлөөлж буйг судалж, авлига болон төрийн үйл ажиллагаа татварын орлогод хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохыг эрмэлзсэн. Уг судалгааг хийхдээ AMOS програм хангамжийн бүтцийн тэгшитгэлийн загварчлалыг ашигласан. Индонез Улсын 34 мужийн нутгийн удирдлагын газрын 108 нэгжээс авсан тоон мэдээллийг ашиглан дүн шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад аудитын шалгалт нь авлигад ихээхэн үр нөлөөтэй байгааг тогтоосон. Мөн энэ судалгаанаас харахад авлигын түвшин ба төрийн үйл ажиллагааны үр дүн нь татварын орлогод ихээхэн нөлөөлж байна. Гэхдээ аудитын мөрөөр хийсэн залруулга ба авлигын хооронд ямар нэгэн хамаарал байгаа эсэх нь нотлогдоогүй. Энэхүү судалгааны дүгнэлтээр хууран мэхлэх үйл ажиллагаа болон авлигыг илрүүлэхтэй холбоотойгоор аудиторын зүгээс гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх асуудлаар төрийн зүгээс анхаарах зөвлөмжийг гаргасан.

1.    ОРШИЛ

Татварын орлого нь Индонез Улсын эдийн засгийн гол эх үүсвэр юм. Татварын орлого нь тус улсын төсвийн орлогын 85 гаруй хувийг бүрдүүлдэг ажээ. Эндээс тухайн улсын эдийн засгийн үйл ажиллагаа, тухайлбал төрийн албан хаагчдын цалин хөлс, дэд бүтцийн хөгжил, татаас, боловсролын хөгжил болон бусад үйл ажиллагааг явуулахад татварын орлого чухал ач холбогдолтой гэж дүгнэж болно.

Энэхүү судалгаанд тус улсын төрийн үйл ажиллагааны гүйцэтгэл нь татвар хураалтад нөлөөлдөг ба төрийн байгууллагууд татварын харилцаа, төрийн үйлчилгээний төлөөлөл болж, хариуцлага хүлээдэг гэсэн таамаглалыг төсвийн гэрээний онолд үндэслэн дэвшүүлсэн.[1] Гэвч Индонез Улсын хувьд нөхцөл байдал харилцан адилгүй гарч дээрх таамаглалыг батлах боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл мужуудын нутгийн удирдлагын тайланд тусгагдсанаар тэдний үйл ажиллагаанд 93.8% буюу 2 оноо өгсөн нь маш сайн гүйцэтгэлтэй ажилласан болохыг харуулсан боловч энэ байдал нь татвары орлогод шууд нөлөө үзүүлээгүй байсан.

Энэхүү зохисгүй нөхцөл байдлын шалтгаан байж болох олон таамаглалын нэг нь авлига юм. Индонез Улс дахь Транспэрэнси Интернэшнл байгууллагын 2015 онд гаргасан тайлангаас харахад Индонез Улс авлига ихтэй улсад багтсан хэвээр байна. Индонез Улс 2015 оны авлигын индекс (CPI) -ээр эрэмбэлэхэд 168 орноос 88-д жагсаж, авлигад автсан орнуудын нэг гэж тооцогдсон. Аливаа улс оронд авлига их байх хэрээр тухайн улсын орлого буурч болзошгүй байдаг. Иймд дээр дурдсан төрийн үйл ажиллагааг сайжруулсантай холбоотой татварын орлогын өсөлт нь авлигын улмаас буурсан байж болох юм.

Зарим судалгааны дүгнэлтээр авлига нь хөрөнгө оруулалтын эдийн засгийн хөшүүргийг гажуудуулж, нийтийн албаны байгууллагын үйл ажиллагааг сулруулж, баялгийг дахин хуваарилж, нийгмийн дунд үл итгэх байдал үүсгэдэг ажээ. Мөн авлига нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд итгэх ард иргэдийн итгэлийг бууруулдаг ба үүний шалтгаан нь авлигын улмаас улс төрийн албан ёсны үйл явцыг устгах замаар ардчилал, сайн засаглалд саад болдог. Янз бүрийн залилангийн үйлдлээс хамгаалах, авлигатай тэмцэхийн тулд үндэсний шударга ёсны тогтолцооны нэг тулгуур  болсон аудитыг ашиглах хэрэгтэй юм.[2] Онолын хувьд аудит нь урьдчилан сэргийлэх, илрүүлэх гэсэн хоёр үүрэг гүйцэтгэх замаар авлигатай тэмцэхэд тусалдаг. Хэрэв аудитор ямар нэгэн авлигыг илрүүлбэл үүнтэй ижил нөхцөл байдалд үүсэх авлигаас цаашид урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ.

Лю, Лин нар судалгаандаа дүгнэснээр төрийн байгууллагад хийх аудит нь орчин үеийн засаглалын хувьд төрийн хариуцлагын тогтолцоонд хяналт шинжилгээ хийх, баталгаажуулах, үнэлэх үндсэн аргуудын нэг юм. Төрөөс авч хэрэгжүүлдэг зохион байгуулалтын шинж чанартай үйл ажиллагаа, тэр дундаа нийтийн өмч хөрөнгийг хэрхэн ашиглаж байгаа чиглэлээр хийсэн төрийн аудит нь хариуцлагыг чангатгаж, эрх мэдэл, нөөцийг зүй бусаар ашиглах явдлыг бууруулдаг. Түүнчлэн олон улс орны засаглалын практикаас харахад төрийн аудит нь авлигыг хянахад онцгой үүрэг гүйцэтгэдэг ажээ. Хэрэв авлигыг эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн эв найрамдлыг алдагдуулдаг "вирус" гэж үзвэл төрийн аудитын тогтолцоо нь уг вирусыг илрүүлж, эмчилж, устгах чадвартай "дархлаа" байх ёстой.[3]

Аудит ба авлигын талаар олон судалгаа хийгдсэн байдаг. Гэхдээ төрийн аудитын ажлын үр дүнг ашиглан авлигыг хэрхэн бууруулах талаар судалгаа цөөн хийгдсэн байна. Индонез Улсын төрийн тогтолцооны хувьд аудитын байгууллага нь аудитын дээд байгууллага бөгөөд санхүүгийн хөндлөнгийн хяналт шалгалт хийдэг цорын ганц байгууллага болохын хувьд маш их үүрэг гүйцэтгэдэг бөгөөд авлигын улмаа тухайн улсад учирч буй хохирлыг үнэлэхтэй холбогдуулан Авлигатай тэмцэх комисстой хамтран ажилладаг ажээ. Энэ утгаараа авлигыг бууруулахад аудит чухал үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү судалгаа нь залилангийн гэмт хэргийг илрүүлэх, авлигын үйл ажиллагааг ил болгоход аудиторын гүйцэтгэх үүрэг чухал болохыг нотлон харуулахыг зорьсон.

2. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

Энэхүү судалгааны хүрээг (Зураг 1)-ээр харуулсан. Судалгааг тоон өгөгдөлд суурилан хийсэн ба түүврийн аргаар тоо мэдээллийг цуглуулсан. Ашигласан тоо мэдээлэл нь Индонез Улсын 34 мужийн нутгийн удирдлагын газраас авсан тоо мэдээллийг ашигласан ба тэдгээрийн эх сурвалжид дараах тайлан мэдээ багтсан. Үүнд: (1) 2013-2016 онуудын орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тайлан; (2) 2013-2016 онуудад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад хийсэн аудитын тайлан; (3) Авлигатай тэмцэх газраас гаргасан авлигын мэдээлэл; (4) Орон нутгийн засаг захиргааны байгууллагын 2013-2016 онуудын гүйцэтгэлийн үнэлгээний тайлан. Дээрх тоо мэдээлэл нь дөрвөн жилийн хугацааны цуврал өгөгдөл тул нийтдээ 136 өгөгдөл байсан боловч эдгээрээс 28 нь бүрэн байгаагүй тул зөвхөн шаардлага хангасан 108 өгөгдлийг ашигласан.

Зураг 1. Судалгааны хүрээ

Судалгааны хувьсагч нь татварын орлого бөгөөд үүнийг тайланд мэдээлэгдсэн татварын орлогын дүнгээр хэмжсэн. Харин гүйцэтгэлийн хувьсагчийг орон нутгийн засаг захиргааны гүйцэтгэлийн оноогоор хэмжсэн. Аудитын илрүүлэлтийн хувьсагчийг төрийн аудиторын олж илрүүлсэн залилан, зөрчлийн хэмжээгээр хэмжсэн бөгөөд энэ нь зүй бусаар ашигласан хөрөнгийг илрүүлсэн тоо юм. Аудитын мөрөөр хийсэн залруулгын хувьсагчийг хэмжихдээ аудитын шалгалтанд хамрагдсан байгууллагын дагаж мөрдсөн аудиторын зөвлөмжийн тоог ашигласан бөгөөд энэ нь төрд буцааж өгсөн хөрөнгийн дүн юм. Харин авлигын хувьсагчийг прокурорт шилжүүлсэн авлигын хэргийн тоогоор хэмжсэн. Энэхүү судалгааг хийхдээ AMOS програм хангамжийг ашиглан бүтцийн тэгшитгэлийн загварчлалын шинжилгээг хийсэн.

3. ҮР ДҮН БА ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ

Тоо мэдээллийн дундаж утгуудаар дээрх хувьсагчдын дүр зургийг гаргая. Авлигын хувьсагчийн дундаж утга 52.6481 гарсан нь илрүүлсэн авлигын хэргийн дундаж тоо доогуур үнэлэгдэж байгааг харуулж байна. Харин төрийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн дундаж хувьсагч 2.5872 дундаж утгатай гарсан нь "өндөр" гэж үнэлэгдсэн байна. Энэ нь Индонези улсад орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг сайн гэж дүгнэсэнтэй холбоотой. Аудитын илрүүлэлтийн хувьсагчийн дундаж утга 9.4311 гарсан бөгөөд энэ нь төрийн аудиторуудын илрүүлсэн луйврийн шинжтэй зөрчлийн дундаж утга маш их бөгөөд орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад залилан луйвар маш их байгааг харуулж байна. Аудитын мөрөөр хийсэн залруулгын хувьсагч нь дунджаар 8.0596 гэсэн утгатай гарсан нь Индонез Улсын орон нутгийн засаг захиргааны байгууллагууд төрийн аудитороос ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг дагаж мөрдөж, хууран мэхэлсэн, луйвар, залилангийн гэмт хэрэгт холбогдсон мөнгийг улсын сан руу буцааж өгсөн дундаж тоог харуулж байна. Татварын орлогын хувьсагчийн дундаж утга 15.3024 байна. Энэ нь Индонез Улсын орон нутгийн засаг захиргааны татварын орлогын дундаж биелэлт дунд зэрэгтэй бөгөөд татвар хураалт хараахан оновчтой бус байгааг харуулж байна.

Дээр тодорхойлсон удирдан хувьсагч ба дагалдан хувьсагч тус бүрийн хамаарлыг нэгэн зэрэг тодорхойлохын тулд таамаглалын тестийг гүйцэтгэсэн. AMOS програм хангамжийн бүтцийн тэгшитгэлийн загварчлалын хандлагыг ашиглан хийсэн өгөгдлийн боловсруулалтын үр дүнгээс хамаарал тус бүрийн коэффициентыг харж болно.

Зураг 2. Судалгааны үр дүн

Боловсруулсан загварыг туршихаас өмнө загварын параметруудын утгыг тодорхойлохын тулд тооцоог хийсэн. Ингэхдээ санал болгож буй параметруудаар боловсруулсан загвараас гаргаж авсан өгөгдлийн корреляцийн матриц нь эмпирик өгөгдлийн корреляцийн матрицтай ижил эсвэл бараг ижил эсэхийг тодорхойлох ковариацийн бүтцийн аргыг ашигласан. Уг шинжилгээнд AMOS програм хангамжийн магадлалын хамгийн дээд утгыг ашигласан. Эндээс 7.220-ийн Хи-квадратын утга ба 0.125-ийн ач холбогдолтой (P value) гэж гарсан нь тооцоолсон ковариацийн матриц болон эх олонлогийн ковариацийн матрицын хооронд мэдэгдэхүйц ялгаа байхгүйг харуулж байна. Түүнчлэн загварын зохистой байдлыг үнэлэхэд сайн үр дүн гарсан.

Юуны өмнө аудитын илрүүлэлтийн хувьсагчийн авлигад үзүүлэх үр нөлөөний таамаглалын тестийн үр дүнгээс тооцоолсон утга 5.782, C.R утга 2.234 ба ач холбогдол (p утга) 0.025 буюу 0.05-аас бага байна. Энэ нь аудитын илрүүлэлт авлигад ихээхэн нөлөөтэй болохыг харуулж байгаа тул эхний таамаглал дэмжигдэж байна.

Энэ нь аудитын байгууллагуудаас илэрсэн зөрчил, шүүхийн байгууллагуудаас ирүүлсэн авлигын хэргүүдийн хооронд хүчтэй хамаарал байгааг харуулсан судалгааны дүгнэлттэй нийцэж байна.[4] Энэ нь төрийн байгууллагын удирдлага, ялангуяа Индонез Улсын нутгийн засаг захиргааны байгууллагуудад зөрчил дутагдал, зүй бус үйлдэл байсаар байгааг харуулж байгаа тул аудитын явцад аудиторын зүгээс зөрчил дутагдал илрүүлсэн байгууллагад авлига илүү их оршиж байна гэж дүгнэж болох юм. Түүнчлэн өөр нэгэн судалгаагаар[5] төрийн аудиторууд санхүүгийн тайланд хамаарах залилан, төрийн өмч хөрөнгийг зүй бусаар ашигласныг илрүүлэх боломжтой тул тэдний гүйцэтгэсэн ажил нь авлигыг илрүүлэхэд дөхөм болохыг тогтоосон байдаг.

Аудитын мөрөөр хийсэн залруулга нь авилгад хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох таамаглалын тестийн үр дүнгээс тооцоолсон утга 3.925, C.R утга 1.210 ба ач холбогдол (p утга) 0.226 байгаа нь 0.05-аас их байна. Энэ нь аудитын мөрөөр хийсэн залруулга нь авлигад нөлөөлөхгүй тул хоёр дахь таамаглал дэмжигдсэнгүй. Эндээс дүгнэхэд аудиторын зүгээс өгсөн дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлж буй олон ажлууд нь байгууллагад гарсан авлигыг бууруулахад нөлөөлөхгүй юм байна. Энэ дүгнэлт нь аудитын мөрөөр хийх залруулгын үр дүн нь төрийн аудитын хяналт шалгалтын үр нөлөөт байдлыг харуулсан судалгааны үр дүнтэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл аудитын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ илүү бодитой бөгөөд үр дүнтэй байгаа үед авлигыг бууруулах ач холбогдолтой байж болохоор харагдаж байна.

Авлигын зүгээс орон нутгийн засаг захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнд үзүүлэх үр нөлөөг тодорхойлох таамаглалын тестийн үр дүн 0,000, C.R утга 0.348, ач холбогдол (p утга) 0.728 гарсан нь 0.05-аас их байна. Энэ нь авлига орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны үр дүнд нөлөөлөхгүйг харуулж байгаа тул гурав дахь таамаглал дэмжигдсэнгүй. Эндээс дүгнэхэд авлига ба төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн гэсэн үзүүлэлтүүд хоорондоо шууд хамааралгүй бөгөөд орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны үр дүн сайн эсвэл муу байх нь авлига буурсан эсвэл өссөнтэй холбоогүй байна. Энэ нь урьд нь энэ чиглэлээр хийгдэж байсан судалгааны үр дүнтэй нийцэж байна. Гэхдээ орон нутгийн засаг захиргаанд гарсан авлига нь орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаанд нөлөөлж байсан болохыг тогтоосон өөр нэгэн судалгааны дүгнэлттэй нийцэхгүй байна. Судалгааны үр дүнгүүд ийнхүү зөрүүтэй байх нь улс орнуудын нөхцөл байдал, үзэл санаа, хандлага гэх мэт олон үзүүлэлтээс шалтгаалсан байдгийг үүний зэрэгцээ анхаарах хэрэгтэй.

Татварын орлогод авлигын үзүүлэх үр нөлөөг тодорхойлох таамаглалын тестийн үр дүн 0.008, C.R утга 5.263 ба ач холбогдол (p утга) 0.000 гарсан буюу 0.05-аас бага байна. Энэ нь татварын орлогод авлига ихээхэн нөлөөлдөг болохыг харуулж байгаа тул дөрөв дэх таамаглал дэмжигдлээ. Эндээс дүгнэхэд байгууллагад гарч буй авлигын хэргүүд татварын орлогод нөлөөлдөг гэж дүгнэжээ. Гэхдээ тестийн үр дүн эерэг байна. Өөрөөр хэлбэл шүүхээр шийдвэрлэгдэж яллагдсан авлигын хэргийн улмаас учирсан хохирол эргэн төлөгдөх тул энэ нь эргээд татварын орлогыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ.

Татварын орлогод орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны үр дүн буюу гүйцэтгэл хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох таамаглалын тестийн үр дүн 0.981, C.R утга 5.720 ба ач холбогдол (p утга) 0.000 гарсан ба 0.05-аас бага байна. Энэ нь орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны гүйцэтгэл татварын орлогод чухал нөлөөтэй байгааг харуулж байгаа тул тав дахь таамаглал дэмжигдлээ. Эндээс дүгнэхэд орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны үр дүнг сайжруулах нь орон нутгийн засаг захиргааны татварын орлогод нөлөөлөх болно. Нөгөө талаасаа гүйцэтгэл сайн байх нь байгууллагын удирдлага, төсвийн сангийн менежментэд үр ашиг, хариуцлагатай байдлыг бүрдүүлнэ.

Энэхүү судалгааны үр дүн нь нөөцийн хуваарилалтад иргэдийн зүгээс хяналт тавих нь татварын орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг болохыг тогтоосон судалгааны үр дүнтэй[6] нийцэж байна. Түүнчлэн энэхүү судалгаа нь төрийн байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл нь татвар хураахад нөлөөлж, төрийн байгууллагууд татварын харилцаа, төрийн үйлчилгээний төлөөлөл, хариуцлагыг хөхүүлэн дэмжиж байна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн төсвийн гэрээний онолтой ч нийцэж байна.

4. ДҮГНЭЛТ

Энэхүү эмпирик туршилтын үр дүнд аудитын илрүүлэлт нь авлигад ихээхэн нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. Эндээс дүгнэхэд төрийн аудиторууд санхүүгийн тайланд холбогдох залилан, төрийн өмч хөрөнгийн зүй бус ашиглалтыг илрүүлэх боломжтой тул авлигыг илрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах боломжтой юм. Нөгөө талаас аудитын мөрөөр хийсэн аливаа залруулга нь авлигын асуудалд нөлөөлөхгүй бөгөөд энэ нь төрийн байгууллагын зүгээс аудиторын хийсэн дүгнэлт, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь авлигад нөлөөлөхгүй байна. Цаашилбал, энэхүү судалгааны үр дүнгээс харахад авлигын түвшин орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны гүйцэтгэлд нөлөөлөхгүй байгаа бөгөөд орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааны үр дүн сайжрах эсвэл муудах нь авлига буурах эсвэл нэмэгдэхэд нөлөөлөхгүй байна. Өөрөөр хэлбэл үүнийг улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайн байхад сонгогчид авлигыг үл тоомсорлодогтой холбон тайлбарлаж болно. Харин эдийн засаг хүнд байдалд байх үед үүний шалтгааныг сонгогчид улс төрийн авлигатай холбож үздэг ба авлигад холбогдсон хүмүүсийг дахин сонгохгүй байх хандлага гардаг. Энэхүү судалгааны үр дүнд татварын орлогод авлига эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулсан эмпирик нотолгоог гаргасан. Өөрөөр хэлбэл шүүхээр шийдвэрлэгдэж яллагдсан авлигын хэргийн улмаас учирсан хохирол эргэн төлөгдөх тул энэ нь эргээд татварын орлогыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ.

Энэ судалгааны үр дүн нь улсын секторт хамаарах судалгаа шинжилгээний ажлуудыг баяжуулж, төсвийн гэрээний онолын тайлбарыг бататгахад ач холбогдолтой болсон. Төсвийн гэрээний онолын дагуу аливаа улс оронд хангалттай хөрөнгө мөнгө хэзээ ч байдаггүй бөгөөд үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд зайлшгүй татвар төлөгчдөөс хөрөнгө бүрдүүлэх шаардлага гардаг гэсэн санаанд суурилдаг. Нөгөө талаас татвар төлөгчид төрийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээнд үндэслэн төрийн байгууллагаас шаардаж буй татвар төлөх үүргээ хэрэгжүүлдэг. Хэрэв эдийн засгийн үзүүлэлт сайн бол татвар төлөгчид төрийн бодлогыг дагаж мөрдөж, нэг их эсэргүүцэл үзүүлэхгүй, харин эдийн засгийн үзүүлэлт муу бол төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй болно (жишээлбэл, татварын биелэлтийг нэмэгдүүлэх). Мөн энэхүү судалгаа нь төрийн байгууллага дахь хууран мэхлэлт, луйвар, залилангийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, авлигын үйл ажиллагааг ил болгоход аудиторын үүргийг бэхжүүлэх нь практик ач холбогдолтой болохыг тодорхойлсон.

Эцэст нь дүгнэхэд энэ судалгаанд сул тал, хязгаарлалт байгаа бөгөөд дараа дараагийн судалгаагаар сайжруулан хөгжүүлнэ гэж найдаж байна. Тухайлбал, энэ судалгаанд төрийн байгууллагын цахим хуудас болон олон улсын байгууллагын нийтэлсэн тайлангуудын өгөгдлийг ашигласан боловч цаг хугацааны явцад эдгээр мэдээлэл шинэчлэгдэж байгаа тул үүний үр нөлөөг харуулах шаардлага байгааг анхаарах хэрэгтэй.  Тиймээс шинэчлэгдсэн тоо мэдээллийг ашиглах, эрх бүхий байгууллагад шууд хандаж олж авсан илүү бүрэн гүйцэд мэдээлэл ашиглавал цаашдын судалгааны ач холбогдол улам бүр нэмэгдэх болно. Цаашид хийх судалгааны үр дүн, ололтыг илүү найдвартай байлгах үүднээс тайлбарлаж болохуйц илүү өргөн, цогц шинжилгээний арга зүйг ашиглахыг мөн зөвлөж байна.

 

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх