УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, АТГ-ЫН ДАРГА З.ДАШДАВАА НАРЫН ЯРИЛЦЛАГА


2020/04/09  1877   0


АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт оролцож “Хууль шударга ёс” сэдвээр УИХ-ын дарга Г.Занданшатартай ярилцсан юм. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэе.

Авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлдэг болъё

Г.Занданшатар: -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлаад 5 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс, ард түмний хүсэл эрмэлзлийг шингээж араг яс болж зангидсан. Гэхдээ үүнийг хэрхэн бяр оруулж амилуулах вэ гэхээр органик хуулиар булчин шөрмөсүүдийг нь зангидаж өгөх ёстой.

З.Дашдаваа: -2019 онд орсон Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нийтдээ 50 орчим хуулиуд өөрчлөгдөнө гэж үзэж байгаа. Эдгээр хуулиудад оруулах зарим нэг нэмэлт, өөрчлөлтийн саналыг Танд уламжлан хүргүүлж байгаа юм.

Г.Занданшатар: -Ард түмэн авлигын асуудлыг их ярьж байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго бол харилцан хяналт тэнцлийг бэхжүүлэх замаар шударга ёсыг тогтоож, авлигыг арилгах юм.

З.Дашдаваа: -2007 онд АТГ байгуулагдаж 13 дахь жилдээ ажиллаж байна. Мөрдөн шалгах чиглэлээр АТГ нэлээд мэргэшиж, тодорхой түвшинд хүрсэн. Прокурорууд бас тодорхой түвшинд мэргэшсэн гэж ойлгож байгаа. Бидний хүсэн хүлээж байгаа зүйл бол авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлэх сонирхолтой байдаг. Энэ талаар олон улсын жишиг ч бий. Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн тухай орсон өөрчлөлтөөр бол шүүхийг дагнан байгуулж болно гэсэн заалт байгаа. Тэгэхээр дагнасан шүүх байгуулснаараа авлигатай тэмцэх ажилд нэлээд ахиц гарна.

Тангарагийн үгийг өөрчлөх нь УИХ-ын гишүүдийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж байгаа ажил

Г.Занданшатар: -АТГ нь шинэлэг хандлага, олон улсын туршлага, цахим засаглал, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажил хийхээр зохион байгуулж төлөвлөөд УИХ-д багц саналуудаа ирүүлсэн. Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлдэггүй байх, мэдээлэгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, АТГ-ын салбар, нэгжийг орон нутагт байгуулах гэх мэт. Улс төрийн намын санхүүжилтийн механизмыг ил тод, хариуцлагатай болгох санал нь Үндсэн хуульд яг ингэж орсон. УИХ-ын гишүүдийн ёс суртахуун, шударга, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго.

Төрийн түшээд, УИХ-ын гишүүд маань шударга ёс, сахилга хариуцлагаа дээрээсээ ингээд үлгэрлээд эхэлбэл доор шударга ёс тогтоно. Ийм учраас АТГ-аас УИХ-ын гишүүдийн тангарагийн үг болон тангараг өргөх дэгт зарим өөрчлөлт оруулахаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулаад саналаа ирүүлсэн. Үүнийг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд болон УИХ-ын тухай хуульд оруулахаар төлөвлөж байна. Энэ саналаа Та тодорхой тайлбарлаж өгнө үү.

З.Дашдаваа: -Өнөөдрийн мөрдөгдөж байгаа дэгээр бол УИХ-ын гишүүд бүгд нэг дуугаар уншаад, туганд мөргөөд л, тангараг өргөх үйл ажиллагаа өндөрлөж байгаа. Монгол Улсын төрийн эрх мэдэл бол ард түмний гарт байдаг. Энэ эрх мэдлээ УИХ-ын гишүүнээр дамжуулан хэрэгжүүлнэ гэж Үндсэн хуульд заасан. Тийм учраас УИХ-ын гишүүн төр, түмний төлөө зүтгэх учиртай. УИХ-ын гишүүн тангараг өргөсөн эхний өдрөөсөө л энэхүү үүрэг хариуцлагаа сайтар ойлгож ажиллах ёстой гэж бид үзэж байгаа.

“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ...иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж” гэж бид нэмж оруулж байгаа.  “Гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөнө” гэж өөрчлөн найруулах, СЕХ-ны дарга илтгэл тавьсны дараа насаар ахмад гишүүн тангаргийг уншиж, бусад гишүүн давтан хэлж тангараг өргөх гэснийг “СЕХ-ны дарга илтгэл тавьсны дараа гишүүн нэг бүр насны эрэмбээр Монгол Улсын Үндсэн хууль дээр гараа тавьж тангарагийн үгийг цээжээр уншиж тангараг өргөнө” гэж өөрчлөн найруулах саналтай байна.

Тодорхой хэмжээнд нэг өдөр суугаад уншаад цээжилнэ гэдэг бол ингэхэд би ер нь ямар ажил албанд очиж байгаа билээ гэдэг мэдрэмж зайлшгүй төрнө. Үндсэн хуулиа зайлшгүй уншина.

Тодорхой цаг хугацаа орох байх. Гэхдээ нэгэнт төрийн эрх барих дээд байгууллагад орж ажиллаж байгаа хүн ард түмнийхээ өмнө өөрийн биеэр энэ тангарагийг өргөдөг байх ёстой. Ингэж илэрхийлэх нь тухайн сонгогдож байгаа гишүүнд ойлгомжтой байх юм болов уу гэж бид харж, ийм санал оруулж байна.

Тангарагийн үгэнд бас “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна” гэж оруулах санал өгч байгаа нь УИХ-ын эрхэм гишүүдийг аливаа гэмт хэрэг, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлж байгаа том ажил.

Иргэд, олон нийтийн анхаарал татсан зарим хэргүүдийг тодорхой хэмжээгээр мэдээлж байх нь зүйтэй

Г.Занданшатар: -Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн заалт бий. Гэтэл нийгмийн сүлжээ, зарим төрийн бус байгууллагууд урьдчилаад хүнийг ялладаг, мөрдөн байцаах ажиллагаанд нөлөөлдөг, улстөржүүлдэг байдал сонгууль дөхөхөөр хавтгайрах хандлагатай болдог. Энэ байдал нь хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд саад болох, мөрдөн байцаалтын нууц задрах гэх мэт тодорхой хүндрэл учруулдаг гэсэн яриа бий. Тийм учраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх болон мөрдөн шалгах чиглэлээр Та бүхний баримталж байгаа стратеги, тактикт ямар өөрчлөлт оруулъя гэж Та үзэж байна вэ?

З.Дашдаваа: -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шалгагдаж байгаа хэргийн материал нууц. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр тодорхой мэдээллүүдийг өгдөг. Иргэд, олон нийтийн анхаарал татсан зарим хэргүүдийг тодорхой хэмжээгээр мэдээлж байх нь зүйтэй гэж үздэг. Тэр тусмаа авлигын гэмт хэрэг дээр. Аливаа асуудал хаалттай байгаа нь хардлага сэрдлэг төрүүлдэг. Тийм учраас тодорхой мэдээллийг ингэж ингэж өгч болно гэсэн заалтуудыг холбогдох хуульд оруулах хэрэгтэй. Ингэвэл иргэд, олон нийт хий хардлага сэрдлэгэд автахгүй, хэвлэлд таамгаар бичээд байхгүй. Байгууллагын мэдээллийг ил тод өгснөөр дээрх бэрхшээл арилна гэж ойлгож байгаа.

Г.Занданшатар: -За, их баярлалаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сурталчлан таниулах ажил бол УИХ-ын үүрэг. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил бол АТГ-ын үүрэг. Өнөөдрийн ярилцлагын зорилго нь АТГ-ын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр мэдээлэл солилцох байлаа. Үр дүнтэй ярилцлага боллоо. Танд баярлалаа.

З.Дашдаваа: -За, баярлалаа.


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх