Улс төрийн авлига өсөхөд юу нөлөөлөв?


2016/09/26  1954   0


Монгол Улс дахь улс төрийн авлигын түвшин 2015 онд эргэн өсчээ. Тодруулбал, улс төрийн авлигын түвшин 2014 оныхоос 0.07 пунктээр өссөн байгаа юм. Сүүлийн хэдэн жил дараалан буурч байсан улс төрийн авлига 2015 онд эргэн өссөн шалтгааныг шинжээчид албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн оновчгүй механизм, улс төрийн хүрээн дэх бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс улбаатай болохыг онцолжээ.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас гаргасан энэхүү судалгааны дүнг нягталбал улс төрийн авлига нь дараах хэлбэрээр амьдарч, үржиж байна. Үүнд: авлига, хээл хахууль авагчийн ашиг сонирхолд нийцүүлэн, эсхүл ашиг сонирхол нэгтэй этгээдийг нь ажил, албан тушаалд томилох, оруулах хэлбэрээр хээл хахууль өгөх хэлбэрийн үнэлгээ 4.04 гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт аж. Дээрх хэлбэрийн авлига өмнөх онд 4.02 байсан бөгөөд 2015 онд 0.2 пунктээр өсчээ.

Улс төрийн хүрээн дэх авлига албан тушаалын томилгоогоор хязгаарлагдахгүй байна. Бэлэн мөнгө өгөх, олсон ашиг орлогоосоо хувь шан хүртээх, аялал жуулчлалын зардлыг нь төлөх, гадаад арга хэмжээнд оролцох зардлыг нь төлөх, үнэ цэнэтэй бэлэг өгөх хэлбэрүүдээр илэрч буй аж. Энэ төрлийн авлигын хэлбэрүүдийн үнэлгээ 3.73-3.82 гарчээ. Мөн эмчилгээ, сувилгааны зардлаа төлүүлэх, сургалтын зардлаа төлүүлэх, ажил үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлт эдлэх, шагнал, цол тэмдгээр шагнуулах хэлбэрээр улс төрийн хүрээнд хээл хахууль авах явдал түгээмэл болсон байна.

Судлаачдын зүгээс авлигын хэлбэр улам нарийсах болсныг сануулах болсон. Үүнийг гэрчлэх мэт өр зээлээ төлүүлэх замаар хээл хахууль авах хэлбэрийн үнэлгээ 3.06, өөрийн нэр дээр хувьцаа авах болон гадаадын банк, санхүүгийн байгууллагын нэр дээр данс нээлгэх замаар хээл хахууль авах хэлбэрүүдийн үнэлгээ тус бүр 2.88-2.89 гарчээ. Эдгээр авлигын хэлбэрүүдээс үнэ цэнэтэй бэлэг өгөх авлигын хэлбэр өмнөхөөсөө өссөн бол гадаадын банкинд данс нээх болон өр зээлийг нь төлөх хэлбэрийн авлигын хэлбэрийн үнэлгээ өмнөх жилийнхээс 0.28 пунктээр буурсан дүнг үзүүлсэн байна.

Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд намын хэлхээ холбоог ашиглаад зогсохгүй садан төрлийн хэлхээ холбоо, нутаг орны хэлхээ холбоо, найз нөхөд, танил талын хэлхээ холбоог ашиглан амлалт өгөх, хүсэлт тавих нөлөөлөл 3,55-3,87 байна. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид болон улс төрийн нам, бүлэглэл болон гадаад, дотоодын бизнесийн бүлэглэл, гэмт бүлэглэлийн харилцан хамаарлын үнэлгээ 3.40 гарсан нь өмнөх оны төвшингөөс 0.09 пунктээр нэмэгджээ.

Улс төрийн авлига илүү далд хэлбэрт шилжсэн нь, улс төр, бизнесийн бүлэглэл нэгдсэн, улстөрчид шүүгч, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудтай хууль бус ашиг сонирхлоор нэгдсэн, бизнесийн бүлэглэл улстөрчдийг эрхшээлдээ оруулсан зэрэг нөхцөл байдлын үнэлгээгээр илэрч буй аж. Энэ чиглэлийн үнэлгээ 3.87-4.00 гарсан нь бусад авлигын түвшний үнэлгээнээс харьцангуй өндөр үзүүлэлт юм байна.

Улс төрчид, улс төрийн нам, бүлэглэл, бизнесийн болон гэмт бүлэглэлийг эрхшээлдээ оруулсан, гаднын улс төрийн болон бизнесийн бүлэглэл Монголын улс төрийн нам, бүлэглэлийг эрхшээлдээ оруулсан, эсхүл хоорондоо нэгдсэн зэрэг нөхцөл байдлын үнэлгээ 2.90-3.39 гарсан нь дундаж хэмжээнд тооцогдохоор байгаа ч эдгээр нөхцөл байдлын үнэлгээ өмнөх оныхоос 0.08-039 пунктээр өсчээ. Харин гэмт бүлэглэл улс төрийн нам, бүлэглэлийн эрхшээлдээ оруулсан байдлын үнэлгээ 2.61 үнэлгээтэй гарсан нь өмнөх оны түвшингээс 0.14 пунктээр буурсан үзүүлэлт юм байна.

Г.ХОРОЛ

Эх сурвалж: http://www.news.mn/r/313058

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх