Ш.Раднаасэд: Энэ байгууллага цаашид хэрхэн ажиллах нь эхний 10 жилдээ тодорхойлогдсон


2017/01/11  2305   0




Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн анхны даргаар ажиллаж байсан Ш.Раднаасэд:

-Монгол Улс Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсон. Энэ хүрээнд Авлигын эсрэг хууль батлагдсан бөгөөд шударга ёсыг тогтоож, хариуцлагыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх тусгай байгууллага байгуулагдсан юм. Ийм түүхэн хариуцлагатай цаг үед энэ байгууллагын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн анхны даргаар миний бие ажиллаж байснаараа бахархдаг. Энэ байгууллагын цаашид хэрхэн ажиллах нь эхний 10 жилдээ тодорхойлогдсон гэж харж байгаа. Анх байгуулагдах цаг мөчөөс эхлэн ажиллаж, тулгарсан бэрхшээл бүрийг хамтдаа даван туулж ирсэн, энэ байгууллагыг нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж өнөөдрийн зэрэгт хүргэхийн төлөө хүчин зүтгэж байсан хамт олон-анд нөхөд, тусалж дэмжиж хамтран ажилладаг байсан дотоод, гадаадын байгууллагын удирдлага, ажилтнуудад баяр талархлаа илэрхийлье.

Авлигатай тэмцэхэд хамгийн гол зүйл бол улс төрийн хүсэл зориг. Энэ нь зөвхөн улстөрчдийн гэдэг утгаар биш өндөр албан тушаалтнууд, төрийн байгууллагуудын дарга нарын хүсэл зоригийн асуудал гэсэн үг. Ийм байгууллага хэрэггүй, татан буулгах ёстой, мөрдөн шалгах ёсгүй, зөвхөн соён гэгээрүүлэх ажлаа хий гэсэн сайд дарга ч бас байсан. Тэд Авлигатай тэмцэх газрыг хагас дутуу эрх, үүрэгтэй байлгахыг хүсч байсан. Энэ бүхнийг Авлигатай тэмцэх газар давж гарсан. Өнөөдөр энэ байгууллага сонгодог утгаараа ажиллаж байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгадаг, албан тушаалтнуудын хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлыг бүртгэж хянадаг, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг, ард олонд шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй гээд авлигатай тэмцэх хамгийн хүчирхэг, хамгийн зөв, цогц бүтцээр ажиллаж байна. Энэ бүтцийг цаашид зөв залж, залуурдаж явах учиртай. Харахад энгийн юм шиг мөртлөө яг хийгээд эхлэхэд зовлонтой ажил л даа.

Цаашид энэ байгууллага хэрхэн хөгжих вэ гэдгийг дараагийн он жилүүдэд авч үзэх ёстой. Одоо бол авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдсэн, байгууллага нь өөрөө материаллаг бааз суурийн хувьд бэхэжсэн. Гэрэл тусахгүй байгаа өнцөг булан бүрт хүрч ажиллах, ил тод нээлттэй болгох, албан тушаалаа урвуулан ашиглахад хүргээд байгаа нөхцөл, шалтгааныг арилгах, танил талаараа ажил бүтээх гэсэн нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх зэрэгт анхаарлаа чиглүүлж ажиллах шаардлагатай. Авлигатай тэмцэх газрын хоёр дахь арван жил нь авлигын гэмт хэргийг бүрэн илрүүлдэг, нийгэмд авлигыг үл тэвчих үзлийг бүрэн төлөвшүүлсэн байхыг зорьж ажиллах ёстой.



Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх